“Женко” Х.Баттулгын Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан дөрвөн жилийн сүүлчийн долоо хоног эхэллээ. Түүний хувьд Төрийн тэргүүний албан тушаалыг дөрвөн жилээр хашсан сүүлчийн хүн болон түүхэнд үлдэж байна. Учир нь, манай улс 2019 онд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулснаар Ерөнхийлөгчийн тухай хуулиа өөрчилсөн.
Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг дөрвөн жилээр улираан сонгох боломжтой байсныг болиулж, зургаан жилийн хугацаатайгаар зөвхөн нэг удаа сонгодог байхаар хуульчилсан. Хуульд оруулсан энэхүү заалтыг зургаадугаар сарын 9-нд “амилуулж”, зургаан жилийн бүрэн эрхтэй анхны Ерөнхийлөгчөө Монголын ард түмэн сонгосон нь У.Хүрэлсүх байв. Түүний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд хамгийн өндөр хувийн санал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан. Тодруулбал, саналаа өгсөн 1.216.246 сонгогчийн 823.326 нь У.Хүрэлсүхэд саналаа өгснөөр тэрбээр 67.8 хувиар ялсныг СЕХ-ноос албан ёсоор зарлан баталгаажуулсан юм. Үүний дагуу УИХ-аас Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх ту-хай тогтоолыг баталснаар У.Хүрэлсүх зургаадугаар сарын 25-нд буюу энэ баасан гарагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн танга-раг өргөнө. Тэгвэл Ерөнхийлөгчөөр ажиллах сүүлчийн хоногуудынх нь “тоолуур” гүйж эхэлсэн Х.Баттулгын дөрвөн жил хэрхэн өнгөрөв. Тэр өргөсөн тангарагтаа үнэнч байж чадсан уу, тав дахь Ерөнхийлөгч түүхэнд ямар тодотголтойгоор бичигдэн үлдэх вэ. Энэ тухайд Х.Баттулгын дөрвөн жилийг хамтдаа дүгнэе.
ТЭР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУВИАР АРД ТҮМНЭЭ МАНЛАЙЛЖ ЧАДСАНГҮЙ
Х.Баттулгын дөрвөн жилийг том зургаар нь дүгнэвэл, тэр улс төрд анти лидер гэдгээ бүрэн харуулав. Хүний нийгмийг тэр чигтээ багийн ажиллагаа гэж дүгнэвэл тухайн баг лидер, дагалдагч гэсэн хоёр л дүрээс бүтэж таарна. Гэтэл “Болохгүй, бүтэхгүй байна, улс орноо хөгжүүлнэ, хийж бүтээнэ” гэж амласаар гарч ирсэн Х.Баттулга үндсэндээ үр дүнгүйгээр хугацаагаа дуусгалаа. Монгол Улсын хамгийн том албан тушаалтан, эрх мэдэлтний талаас нь харвал тэр лидер байх учиртай байлаа. Хувь, хувьсгал аль ч талаасаа шүү дээ. Гэтэл тэрбээр Төрийн тэргүүний зүгээс ямар ч манлайлал үзүүлж чадахгүй байсаар өдийг хүрчихэв. Хэдэн сарын өмнөөс зурагтаар монгол бичиг зааж эхэлснийг нь эс тооцвол…
Улс орныг ухаантай, шилдэг удирдагчид залж чиглүүлдэг гэх үндсэн ойлголтоос үүдэлтэйгээр дүгнэвэл Х.Баттулга лидерийн суудалд сууж чадсан ч түүнд дагалдагч гэж байсангүй, бас байлгаж чадсангүй. Энэ тухайд ганцхан жишээ татъя. 2017 онд АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулсан Х.Баттулга дөрвөн жилийн дараа АН-аа хуваах ажиллагааг амжилттайгаар гардан гүйцэтгэсэн. Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энх-болд нь Х.Баттулгыгаа Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх боломжгүй болгосон зэргээс үзвэл түүнд үнэнч дагалдагч гэж алга. Зүй нь, намаасаа нэрийг нь дэвшүүлж, Ерөнхийлөгчтэй болсон АН-ынхан түүнийг дагаж, Х.Баттулга нь жинхэнэ манлайллыг үзүүлж чадсан бол өнөөдөр АН “гудманд гарах” нь бүү хэл, олон удаагийн ялагдлаа ялалтаар солих бүрэн боломжтой байв. Гэвч Х.Баттулга өөрийг нь дэмжиж, Төрийн тэргүүн болгосон нам, нөхдөө мөргөж унагасан дүр зурагтайгаар дөрвөн жилээ дуусгаж байна. Хөндлөнгөөс ажвал энэ нь ялагдал мэт харагдавч Х.Баттулгад ялалт байж ч мэдэх. Учир нь, Ерөнхийлөгчийн сэнтийгээс бууж байгаа нь түүнд төгсгөл биш бөгөөд улс төрийн карьерынх нь дөнгөж эхлэл гэж үзэх хэсэг байгаа учраас тэрбээр эрх мэдэлтэй байхдаа улс төрийнхөө дараагийн замыг толийтол заслаа ч гэж дүгнэх болсон билээ.
2017 онд “Монгол ялна” гэх уриатайгаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн ялалт байгуулсан тэрбээр Монгол Улсын хамгийн том албан тушаалыг бүтэн дөрвөн жилийн турш хашсан. Энэ хугацаанд түүнд Монголоо ялуулах буюу санаснаа хийх, мөрийн хөтөлбөрөө цаасан дээр үлдээх бус ажил хэрэг болгох бүрэн боломж байлаа. Гэвч Х.Баттулга “Монгол ялна” гэсээр бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байна. Түүний энэ байдлаас үзвэл Монголоо ялуулж чадаагүйгээ бүрэн хүлээн зөвшөөрсөн явдал байсан юм.
Х.БАТТУЛГЫН ДӨРВӨН ЖИЛ ХОРИГ, ТАЛЦАЛ ХУВААГДЛААР ДҮҮРЭН БАЙЛАА
Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн даруйдаа АТГ-ын удирдлагыг гартаа авах ажиллагааг эхлүүлж, бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй хүнийг халж солих талаар ил, далд ярьж эхэлсэн нь хуульчид төдийгүй судлаач, улстөрчдийг талцан хуваасан явдал болж байв. Дараа нь цаазын ялыг сэргээх тухай санал санаачилга гаргасан нь нэг хэсэгтээ л олныг шуугиулсан. Үүний дараагаар түүний шат дараалсан хоригууд эхэлсэн нь өнөөдөр ч үргэлжилсэн хэвээр байгаа юм. Тэр энхийн цагт парламенттайгаа үргэлж зөрчилдөж, бараг баталсан хууль бүрд нь хориг тавьж байв. Тавьсан хоригийнхоо тоогоор үе үеийн Ерөнхийлөгчдөөс өрсөлдөгчгүйгээр “ялалт” байгуулчихсан. Зөвхөн Төсвийн тухай хуульд л гэхэд 50 дахь хоригоо тавьсан нь 2021 оны хууль байсан юм. Түүнчлэн Засгийн газрын сайдын томилгооноос авахуулаад Шүүхийн тухай хууль болон Үндсэн хуулийн Цэцийн хэд хэдэн удаагийн дүгнэлт гээд түүнд хориглоогүй хууль, тогтоол гэж бараг байхгүй. Түүнийг ийн аашлах тоолонд ард түмэн талцан хуваагдсан он жилүүд байсныг зориуд тэмдэглэе. Үндсэндээ Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа сөрөг хандлагатан байлаа. Хамгийн сүүлийн жишээ татахад, дэлхий нийтэд “дайны байдалтай дүйнэ” хэмээн тодорхойлж буй коронавирусийн цар тахлын үед ч Х.Баттулга сөрөг хандлагаа гаргаж, улсаа ялуулах бус хорлох ажиллагааг эцсийн мөч хүртлээ гүйцэтгэсээр байна. Энэ нь одон медаль тарааж, халдварын тархалтыг дэврээсэн явдал гэж хэлж болно. Тухайлбал, тэрбээр өнгөрсөн сараас эхлэн төрийн дээд одон, медалийг өдөр алгасахгүй тарааж эхэлсэн. Ингэснээр одон, медалиа гардаж авах гэсэн иргэдээс гадна тэдний ар гэр, ойр дотнынхон Д.Сүхбаатарын талбайд зайгүй шавах болсон. Улмаар шагналын найр наадам ч хавтгайрах хандлагатай болж ирсэн. Энэ хэрээр халдвар, хамгааллын дэглэм зөрчигдөж, хүний бөөгнөрөл хэрээс хэтэрсэн. Ингэж тэр улс үндэстнийхээ эсрэг ажиллаж, халдварын тархалт өсөхөд үнэмлэхүй хувь нэмэр оруулав. Цөөхөн хүн амтай монголчуудад цар тахлын өнөө үед эв нэгдэл чухал болохоос эвдрэл хагарал, нэгнээ хорлох гэсэн атгаг санаа огтхон ч хэрэггүй. Х.Баттулга одоогоос дөрвөн жилийн өмнөх долоодугаар са-рын 10-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн байдаг.
Ингэхдээ тэрбээр “Төрийн тэргүүний хувиар Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалагч байна” хэмээн тангарагласан хүн. Харамсалтай нь, Х.Баттулга өргөсөн тангаргийнхаа яг эсрэг явсан олон жишээг дурдаж болох юм. Хамгийн сүүлд л гэхэд, Ерөнхийлөгч Х.Баттулга энэ хаваржин ард түмнээ айдас, хүйдэст автуулах нь тэр.
Төрийн ордон дотор гэнэтийн мэдэгдэл хийхдээ ард түмний сонголтоор төрийн эрх барьж буй намыг тараах санаачилга гаргасан бол дараагийн өдөр нь ордны гадна гарч ирж, ард түмнээ жагсаал цуглаан, үймээн самуунд уриалсан утга агуулга бүхий мэдэгдэл хийсэн даруйдаа ЗХЖШ руу явж очих зэргээр айлган сүрдүүлэх ажиллагаа явуулсныг мартах учиргүй юм.
Харамсалтай нь, үүний цаад шалтгаан нь өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүй болсонтой холбоотой.
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр зургаан жилийн хуга-цаатайгаар, зөвхөн нэг удаа сонгогдоно гэх заалтыг өөрт ашигтай байдлаар тайлбарлаад зогсохгүй боломжгүйд хүрэнгүүт ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдлийг ашиглаж, төрт ёсондоо тэрсэлсэн үйлдэл гаргасан нь Х.Баттулгын улс төрийн карьерт хар мөр татуулан үлдэж байна.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин