Дэлхийг жанжлах Америк, Хятадын өрсөлдөөн ба Монголд ирж буй сануулга
Саяхан болтол либерал ардчилсан үзэл ба Америкийн жанжлалгүйгээр глобалчлал гэгчийг төсөөлөх аргагүй байв. Гэвч одоо энэ ойлголт өөрчлөгдөж байна. 2016 оны Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулиар “Америк нэгдүгээрт” уриан дор үндэсний эрх ашгийг тэргүүнд тавих бодлого явуулна хэмээн амласан Дональд Трамп сонгогдож, 2018 оны зун Хятадын эсрэг худалдааны дайн эхлүүлжээ. Трамп үүнийхээ дараахан НҮБ-ын Ерөнхий чуулганы индэрээс “Бид глобалчлалын үзэл суртлаас татгалзаж, эх оронч үзлийг урам зоригтойгоор хүлээн авч байна” гэж мэдэгдэв. Энэ нь глобалчлалыг түүчээлсэн их гүрний тэргүүн өөрөө түүнээсээ ухарч буйг дэлхий дахинд сонордуулсан хэрэг болжээ. Тэгвэл Трампыг тангараг өргөхөөс гурав хоногийн өмнө буюу 2017 оны 1 дүгээр сарын 17-нд Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин Швейцарт Давосын эдийн засгийн форумд оролцохдоо глобалчлалыг эсэргүүцэхгүй байхыг уриалж, бид түүнийг цаашид хөгжүүлнэ гэх утгатай үг хэлсэн байдаг. Ийнхүү ардчилсан Америк глобалчлалыг эсэргүүцэгч, харин коммунист Хятад түүний хамгаалагч болж хувирав.
Гэвч Трамп худалдааны дайн эхлүүлж, глобалчлалын эсрэг бодлого явуулсны шалтгаан нь тийм ч гайхмаар, шинэ үзэл бодол биш ажээ. Энэ бодлогыг Трамп л эхлүүлсэн болохоос бус, түүнээс өмнө судлаачдын хүрээнд ч, олон нийтийн дунд ч глобалчлалыг шүүмжлэх, эсэргүүцэх хандлага Америкт хүчтэй болоод байжээ. 1980-аад оноос хүчтэй дэлгэрсэн глобалчлалын үзэл нь дэлхий даяар худалдаа, хөрөнгө оруулалт, капитал, ажиллах хүчний урсгалыг аль болох чөлөөтэй болгосноор бүхий л улс үндэстнүүд үр шимийг нь хүртэж, хамтдаа хөгжинө гэж номлож ирсэн бөгөөд энэ нь эхэн үедээ дэлхий дахинд либерал ардчиллыг дэлгэрүүлж буй Америкийн жанжлалд ихээхэн ашигтай юм шиг байв. Гэвч, глобалчлалаас үндэстэн дамнасан цөөн компани асар их ашиг олсон хэдий ч эцэстээ Америкийн нутаг дэвсгэрээс аж үйлдвэрүүд гарч, үй олон америкчууд ажилгүй болж, уурхайнууд нь хаагдаж, жирийн америк хүний орлого нэмэгдэхээ больж, улмаар америкчууд өөрсдөө глобалчлалын хохирогч нь болсон гэх шүүмжлэл өрнөх болжээ. Гэтэл ардчилалгүй, коммунист намаар удирдуулсан Хятад нь глобалчлалын нээлттэй байдлын ачаар аж үйлдвэржин технологижиж, ядуурлаа арилгасан төдийгүй чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалтаас олсон их хөрөнгө мөнгөөрөө Африк, Евразиар тогтохгүй Өмнөд Америкт хүртэл эдийн засаг-улс төрийн нөлөөгөө тогтоож эхэлсэн байна.
2020 оны сонгуулиар глобалчлалын эсрэг үзэлтэн Трамп Цагаан ордноос явсан боловч Америк, Хятадын харилцаа дулаарсангүй. Америкийн шинэ Ерөнхийлөгч Жо Байден Хятадын талаарх Трампын бодлогыг зөөлрүүлэх нь бүү хэл, харин ч Хятадын тэргүүлэх компаниудад нэмэлт хориг тавих тушаалд гарын үсэг зурав.
Үүгээр зогсохгүй илүү ноцтой нь Байден барууны ертөнцийн тэргүүлэх улсууд болох Долоогийн бүлэг (G7) хийгээд түүний цэргийн эвсэл НАТО-ийн бодлогыг Хятадын эсрэг зангидан чиглүүлж эхэлсэн төдийгүй Ази-Номхон далайн бүс нутгийн улсуудтай шинэ холбоо байгуулж, байдлыг улам хурцатгах алхмыг авч хэрэгжүүлж байна. “Нью Иорк Таймс” сонинд бичсэнээр, Байден урт хугацаанд эдийн засаг, цэргийн хүчин чадавхид нэн чухал технологиудаар Хятадтай илүү ширүүн өрсөлдөхөд бодлогоо чиглүүлж, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Австралитай стратегийн тохиролцоонд хүрэхийг зорьж байна.
Судлаачид Америк, Хятадын хооронд улам хурцдаж буй өнөөгийн харилцааг Трамп гэх мэт хувь улс төрчийн бодлогоос үүдэлтэй төдий үйл явдал бус, харин олон улсад хүчний харьцаа өөрчлөгдөж, дэлхийд шинэ дэг журам тогтож буй маш том үйл явцын илрэл гэж харж буй. Хятад 2030 он гэхэд ДНБ-ний хэмжээгээр Америкийг гүйцэж, дэлхийн хамгийн том эдийн засагтай улс болно гэх таамналыг олон улсын санхүүгийн байгууллагууд аль хэдийнээ гаргасан бөгөөд тус улс технологи, цэргийн салбарт ч Америктай хүчтэй өрсөлдөгч болж байгаа нь тодорхой болжээ. Саяхан АНУ-ын Конгрессын дээд танхимын (Сенатын) олонхийн бүлгийн дарга Чак Шумер “Хэрэв бид юу ч хийхгүй бол давамгайлагч супер гүрэн байх хоногийн тоо маань гүйцэж магадгүй байна. Бид энэ зуунд Америк дунд зэргийн үндэстэн болохыг хармааргүй байна” гэж хэлжээ.
Гэвч америк судлаачдын өөрсдийнх нь үзэж буйгаар, дээрх үйл явцын үр дүнд Америкийн тэргүүлсэн ганц туйлт дэг журам оршин тогтнох нь эргэлзээтэй болж, харин түүний оронд Америк, Хятадын шинэ дэг журам тогтох хөрс бүрдэж байна. Чикагогийн их сургуулийн профессор Жон Миршаймер ирээдүйд гурван зэрэгцээ дэг журам тогтох бөгөөд нэг нь дэлхий нийтийн шинжтэй олон улсын гүехэн дэг журам байх бол нөгөө хоёр нь хоорондоо өрсөлдөх Америк, Хятадын хүрээний гүн дэг журам байна гэсэн таамаглал дэвшүүлжээ. Тэгвэл Аризоно мужийн их сургуулийн профессор Р.Гроссе, Ж.Гамсо, Р.Нелсон нар хоорондоо өрсөлдөж буй Америк, Хятад дэлхийд “хос жанжлал” тогтоох бөгөөд Америкийн хувьд Хятад нь хүйтэн дайны үеийн ЗХУ-ыг бодвол хавьгүй хүчтэй өрсөлдөгч болно гэж үзэж байна.
Америк, Хятадын өрсөлдөөн, түүнээс үүдсэн улс төрийн сөргөлдөөний нөлөө Монгол улсад ч мэдэгдэж эхэлжээ. Хэдхэн өдрийн өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ухнаагийн Хүрэлсүхэд баяр хүргэж, мэдэгдэл гаргажээ. Гэтэл тус мэдэгдэлд АНУ нь “хамтын ардчиллын үнэт зүйлс, Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахдаа бид баяртай байна” гэсэн сүрхий ноцтой үгс байна. Үүнээс өмнө АНУ-аас Монголын төрийн тэргүүнээр сонгогдсон улс төрч нарт баяр хүргэж, мэндчилгээ ирүүлэхдээ ардчилал болон хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар онцолдог байсан бол энэ удаагийн мэдэгдэлд Монголын тусгаар тогтнолыг бэхжүүлэх нь Америк-Монголын хамтын ажиллагаа байх болно гэж онцолжээ. Түүхийн хувьд Монголын тусгаар тогтнолын асуудал нь Хятадтай холбогдож ирсэн тул Блинкенийн мэдэгдэлд Америк Монголын тусгаар тогтнолыг юун түрүүнд хэнээс хамгаалж, бэхжүүлэх гээд байгаа нь ойлгомжтой аж. Өөрөөр хэлбэл, уг мэдэгдэл нь энэ цаг үед “бид хамт шүү” гэж Монголын шинэ төрийн тэргүүнд сануулга өгч байна.
Ганц туйлт глобалчлал өөрчлөгдөж, дэлхийд Америк, Хятадын зэрэгцээ дэг журам, эсвэл хос жанжлал тогтох нь бодит үйл явц юм бол Монгол улс яах вэ? Монгол нь үзэл суртал, улс төр, гадаад бодлогын хувьд Хятадын өрсөлдөгч Америкийн ардчилсан либерализмыг дагагч байж ирсэн ч хэрэг дээрээ Хятадын хөрш бөгөөд уул уурхайн эдийн засаг нь хөршөөсөө бүрэн хамааралтай болжээ. Энэхүү “хайч”-нд орсон Монгол улс энэ цаг үед Америктай хамт байх уу, эсвэл тус улстай харилцаагаа дахин тодорхойлж, Хятадын жанжлал, дэг журмын хүрээнд хятадын онцлогтой глобалчлалд нэгдэхээс өөр замгүй юу? Эсвэл, Монголын эрх баригчдад өөрийн гэсэн төлөвлөгөө байна уу?
“Глобалчлал” гэж юу болохыг түүхэн үүднээс харах нь
Глобалчлалыг дэмжсэн, эсвэл шүүмжилсэн судалгаа ба олон нийтэд зориулсан мэдээллийг тоолж баршгүй гэж хэлбэл нэг их хэтрүүлэг болохгүй болов уу. Гэвч глобалчлалыг дэмжигчид нь гол төлөв чөлөөт зах зээл өөрийгөө зохицуулдаг гэж номлодог эдийн засгийн неолиберал үзэлтнүүд болон энэ үзлийг дэмжигчид байдаг. Тэд дэлхий даяар худалдаа, хөрөнгө оруулалт, капитал, ажиллах хүчний урсгалыг аль болох чөлөөтэй болгосноор бүхий л улс үндэстнүүд үр шимийг нь хүртэж хөгжих бөгөөд ингэж глобалчлагдахын тулд улс орнууд эдийн засаг дахь төрийн оролцоог аль болох багасгаж, гадаадын худалдаа, шууд хөрөнгө оруулалт, капитал, ажиллах хүчний урсгалд тулгарч буй хориг саадыг арилгах ёстой гэж номлож иржээ.
Гэвч глобалчлалыг цаг хугацааны хэмжүүрээр харах юм бол энэ нь бас “түүхийн өөрчлөлт” байсан ажээ. Иймд энэ үзэгдлийг түүхэн үүднээс харах хэрэгтэй болно. Глобалчлалын үйл явцыг цаг хугацаанаас тусгаарлаж, эдийн засгийн “ямар нэг онолоор хэрчилгүйгээр” түүхийн залгамж холбоогоор нь харвал, энэ нь 1980-аад оноос эхэлсэн үзэгдэл биш бөгөөд үнэн хэрэгтээ 15 дугаар зууны сүүлээр Европын далайчин Христофор Колумб Америк тивийг нээсэн үеэс эхэлжээ. Европчууд Хойд, Өмнөд Америк тивийг колоничилж, улмаар Африк, Азид колоничлолоо үргэлжлүүлэхтэй зэрэгцэн дэлхийн эдийн засаг, улс төр, хүн ам, нийгэм, соёлд урьд байгаагүй том “глобал өөрчлөлт” гарсан байна.
Колоничлолын улмаас 16-19 дүгээр зуунд их далайгаар тусгаарлагдсан дэлхийн тивүүд хооронд урьд байгаагүй өргөн далайцтай худалдаа өрнөж, хөрөнгө оруулалт, капитал урсаж, ажиллах хүч, хүн амын маш том шилжилт, хөдөлгөөн явагдсан байна. Тухайлбал, Европын усан тээврийн компани Африкаас худалдан авсан боолуудыг олон мянгаар нь Атлантын далайгаар тээвэрлэж, Америк тив дэх колонийн эзэмшлүүдийн чихрийн нишингэ, кофены тариаланд ажиллах хүч болгон зарж ашиг олж байсан бол тэдний тариалсан ургацын бүтээгдэхүүн нь худалдааны компаниудаар дамжин далайгаар тээвэрлэгдэж, Европын болон бусад зах зээлд хүрч, үлэмж ашиг өгч байлаа. Испаничууд Төв, Өмнөд Америк дахь өөрийн эзэмшлийн уурхайнууддаа нутгийн иргэдийг ажиллуулж, тэндээс олзворлосон их хэмжээний цагаан мөнгийг Монголын хөрш Хятад хүртэл тээвэрлэн аваачиж хятадуудтай арилжаа хийгээд, шинэ бараагаа дахин далайн чанадад худалдаалдаг байв. Ийм арга замаар тив дамнасан колоничлогчид дэлхийг хэрсэн сүлжээ үүсгэж, шинэ эзэмшил нутгууддаа хөрөнгө, ажиллах хүч оруулж, худалдаа, уул уурхай, тариалангийн чиглэлээр компаниуд байгуулж, дэлхийгээс асар их баялгийг олж байлаа.
Хэрэв дэлхий даяар худалдаа, хөрөнгө оруулалт, капитал, ажиллах хүчний их урсгал хөвөрч, тив дамнасан компаниуд шинэ газарт чөлөөтэй ажиллан ашиг олж, энэ үйл явцын үрээр тивүүд, бүс нутгуудын хүн ам, соёлд томоохон нийлэгжилт явагдаж, үүнээс шалтгаалан нийгмийн өөрчлөлт гарах нь глобалчлалын гол шинжүүд юм бол энэ нь түүхийн хувьд 20 зуунд үүссэн бус, харин аль 15 дугаар зууны колоничлолоос эхтэй болж таарч байна. Гэвч хожмоо колоничлогдсон ард түмнүүд тусгаар тогтносон боловч маш цөөн улсыг эс тооцвол ихэнх нь ядуу зүдүү хэвээр үлдэж, байгаль орчин, уул уурхай хийгээд улс төр, нийгэм-эдийн засгийн үй түмэн асуудлынхаа дороос өндийсөнгүй. Хелсинкийн их сургуулийн багш, доктор Пиа Микандерийн бичсэнээр, хэрэв колоничлолыг зөвхөн өнгөрсөнд нь үлдээ, март, эсвэл түүхийг битгий тоо гэж байгаа бол энэ нь өнөөгийн бидний нөхцөл байдал нь өнгөрснөөс хамааралгүйгээр бий болсон гэж бидэнд ойлгуулж буй хэрэг бөгөөд үнэн хэрэгтээ, өнөөгийн дэлхийд колони улс, колоничлогч улс гэх нэршил хэрэглэгдэхгүй болсон хэдий ч баян, ядуугийн ялгаа улам нэмэгдсээр дэлхийн эдийн засаг олон талаараа колонийн үеийнхтэй адил хэв шинжийг хадгалж үлдсэн байна. Иймд глобалчлалыг түүхэн үйл явцынхаа хувьд ердөө өмнөх колоничлолын үргэлжлэл болох “шинэ колоничлол”-ын өөр нэршил юм гэх шүүмжлэл өргөн тархсан ажээ.
Гэвч өмнөх үеийн колоничлолтой харьцуулахад өнөөгийн глобалчлал нь “арга”-аа өөрчилсөн байна. 16-19 дүгээр зууны үед технологижсон, орчин үеийн хүчирхэг улсууд нь хүч буурай ард түмнүүдийг колоничлохдоо илт давуу цэрэг, зэвсгийн хүчийг ашиглаж байсан бол өнөө үеийн глобалчлагчид нь улс орнуудын улс төр, санхүү, соёл, боловсролыг глобалчлалын үр ашигтай хэрэгсэл болгох тогтолцоог бүтээж чаджээ. Энэ тогтолцоонд өмнөх колоничлолын үеийн адил буурай улс орнуудын байгалийн баялгийг үндэстэн дамнасан компаниуд олзворлосон хэвээр байж, тэдгээр улсуудаас залуу ажиллах хүчний урсгал сая саяараа гадагшилж, тэр хэрээр тэдний хүн ам, эдийн засаг, нийгэмд нь өөрчлөлтүүд гарсаар байна.
Гэвч сүүлийн жилүүдэд барууны улсуудад ажилгүйдэл, ядуурал, дүрвэгсдийн давалгаа гэх мэт нийгэм, эдийн засгийн асуудлууд тулгарах хэрээр тэнд глобалчлалын эсрэг үзэл хүчтэй болж байна. Глобалчлалын эсрэг үзэл дэлхийн улс төрд илэрхий бодитой нөлөө үзүүлсэн нь 2016 онд Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан хийгээд 2020 онд Их Британи ЕХ-ноос гарсан үйл явдлууд байлаа. Гэвч энэ нь глобалчлал төгсгөл болж байгаа хэрэг хараахан биш ажээ. Дээрх үйл явцтай зэрэгцээд АНУ-тай эдийн засаг, цэрэг, технологиор өрсөлдөж эхэлсэн Хятад ямар ч улс глобалчлалаас зугтах боломжгүй ээ, бид түүнийг хамгаална гэж мэдэгдэж байна. Өөрөөр хэлбэл, Хятадын хувьд хуучин дүрэм өөрчлөгдөөгүй, харин шинэ тоглогч нэмэгдэж байгаа хэрэг аж. Одоо олон улсын хэвлэл мэдээллээр “Хятадын онцлогтой глобалчлал” ямар байх талаар мэдээлж эхэлж байна.
Неолиберал глобалчлал Монголыг Хятадын нөлөөнд оруулсан нь
1990 оны хувьсгалын дараахан Монгол улсад цаашдаа яаж хөгжих тухай хэлэлцүүлгүүд багахан боловч өрнөжээ. Тухайн үед хэвлэл мэдээллийнхэн тандалт хийж, жирийн иргэдээс Монгол улс яаж хөгжих вэ гэж асуухад харь гаригийнхнаар заалгаад хурдан хөгжинө гэх хариулт хүртэл гарч байсныг сэтгүүлч Г.Жаргалсайхан дурсан ярьсан байдаг. Гэвч харь гаригийнхан биш ч гадны “хөгжингүй ертөнц”-өөс ямар нэг хөгжлийн загвар сурч аваад, түүгээрээ шинэчлэл хийж, үсрэнгүй “хөгжлийн зам”-д орох тухай яриа Монголын эрх баригчид, улс төрчид, сэхээтнүүдэд хэнээс ч илүү байв. 1990 оны намар БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат ойрын 5-6 жилд Монгол улс “Азийн бар” болно гэж мэдэгджээ. Энэ нь ардчилсан хувьсгал хийсэн Монгол улс Япон, Сингапур, Хонг Конг, Өмнөд Солонгос лугаа адил ахар хугацаанд маш том үсрэлт хийж, дэлхийн хөгжингүй улсуудын эгнээнд орно гэсэн санаа байлаа.
Гэвч Монголын шинэ эрх баригчид “Азийн бар” улсуудын хөгжлийн загварыг авсангүй. Америкийн түүхч Моррис Россабийн бичсэнээр, Монголын эрх баригчид Азийн бар улсуудын адил эдийн засаг дахь төрийн идэвхтэй оролцоо, хяналтыг дэмжих бус, харин ч түүний эсрэгээр ОУВС, АХБ-ны зөвлөгөөгөөр цэвэр зах зээлийн эдийн засагт шилжих “цочролын эмчилгээ”-г хийжээ. Түүний онцлон өгүүлснээр, 1991 оны хавар цочролын эмчилгээний уран барималч Харвардын их сургуулийн Жеффрей Саш Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, эдийн засагч Даваадоржийн Ганболдтой уулзсан бөгөөд Ганболд нь неолиберал онолч Милтон Фриедманы үзэл санааны дагуу эдийн засгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг хичээх болсон байна. Үнэн хэрэгтээ, Монголын ЗГ улс орныхоо хувь заяаг Европт социалист систем нурсны дараа хуучин социалист орнуудын эдийн засгийг шинэчлэх зорилго бүхий төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн ОУВС, Дэлхийн банкны зөвлөгч нарын гарт атгуулжээ. Ийнхүү 1980-иад оны Их Британи, АНУ-ын туршлага гэгдэх болсон неолиберал өөрчлөлт нь төрийн өмчийн аж ахуйн газрууд, үйлдвэрүүд, малын хувьчлал болон үнэ чөлөөлөлтөөр эхэлсэн байна. Мөн Монголын эрх баригчид АНУ тэргүүтэй “гуравдагч хөршийн” гэх бодлогыг явуулснаар дарангуйлагч дэглэмтэй гэх хоёр том хөрш гүрний нөлөөг хязгаарлаж, неолиберал шинэчлэлээрээ барууны хөрөнгө оруулалтыг татна гэж найджээ.
Россабийн үзэж буйгаар, неолиберал шок эмчилгээ нь Монголын эдийн засгийг эмчлэх биш, харин ч бусниулсан байна. Түүний өгүүлснээр, өмч хувьчлал эхнээсээ шударга бус явагдаж, банкууд дампууран их хэмжээний хөрөнгө буруу гараар орж, эрх мэдэлд ойрхон цөөн хүн хувьчлалаас завшсан ба аж үйлдвэрлэлийн салбар унаж, үйлдвэрүүдийг хангадаг байсан малын түүхий эдийн худалдаа нь Хятадын наймаачдын гарт орж, ажилгүйдэл, үнийн өсөлт, ядуурал ба тэдгээрийг дагасан нийгмийн сөрөг үр дагаварууд гарч, эрх баригчдын дунд авлига цэцэглэх хөрс бүрдсэн ажээ. Түүний үзэж буйгаар, дээрх бодлого нь аж үйлдвэрлэлээ сүйтгэсэн Монголыг гадны зээл тусламж, уул уурхайгаас улам хараат болгосноор Хятадын нөлөөнд орох зам руу түлхсэн байна. Россаби “Ингэснээр Хятад Монголын байгалийн нөөц баялгийг ихээхэн хэмжээгээр ашиглаж колоничлолын харилцаандаа тус нэмэр болох зорилготой” байсан гэж бичжээ.
Гэвч 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхэн үед Монгол дахь неолиберал бодлого, түүний үр дагаврыг шүүмжлэх гэхээсээ неолиберал шинэчлэлийг хангалттай хэрэгжүүлэхгүй байна, хуучны үзэлтэйгээ хэт зууралдаж байна гэх шүүмжлэл хүчтэй гарч байлаа. Ингээд неолиберал шинэчлэл гүнзгийрч, энэ хэрээр нийгэм, эдийн засагт томоохон өөрчлөлтүүд гарав. Тухайлбал, ид хийж бүтээх насныхан голдуу ажиллах хүчин гадагшаа урсах болжээ. "Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл" ТББ-ын өгсөн мэдээллээр, 2019 онд Монголын 180 мянган иргэн гадаадад амьдарч байв. Шинэчлэл гүнзгийрснээр Монголын эдийн засгийн бүтцийг уул уурхайгаас бараг тэр чигт нь хамааралтай болгон өөрчлөв. 1997 онд уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд Монголын эрх баригчид Ашигт малтмалын тухай хууль баталжээ. МУИС-ийн профессор, антропологич Д.Бум-Очирын судалгаанд дурдсанаар, уул уурхайн лиценз олгох журмыг мэдэгдэхүйц хөнгөвчилж, гадныхныг хайгуулын лицензийг бүрэн эзэмших боломжтой болгосноор Азидаа хамгийн либерал ашигт малтмалын хууль гэгдэх болж, олон улсын уул уурхайн нийгэмлэгийн магтаалыг хүртсэн бөгөөд дээрх хууль гарснаас хойш 10 хүрэхгүй жилийн дотор 3329 ашигт малтмалын лицензийг гадаад, дотоодын компаниудад олгосон бөгөөд тэдгээр лицензээр олгосон талбай нь Монгол улсын нийт газар нутгийн бараг 9 хувь болжээ.
Уул уурхайн олзворлох эдийн засагтай болсноор 2012 он гэхэд Монголын нийт экспорт дахь уул уурхайн бүтээгдэхүүний эзлэх хэмжээ 89 хувь болсон талаар Монгол банкны мэдээнд дурдсан байна. Тэгвэл, Монгол улсын Үндэсний статистикийн хорооны мэдээгээр, тэрхүү экспортолж буй уул уурхайн бүтээгдэхүүний 96 орчим хувь нь Хятад руу урсдаг болжээ. Неолиберал шинэчлэл нь Монголын эдийн засгийг уул уурхайгаас бараг бүрэн хамааралтай болгож, эцсийн дүндээ тус улс эдийн засгаар Хятадын хараат болов. 2011 онд Монголын уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын 35 хувь нь Хятадынх байсан бол 2019 онд энэ хэмжээ 50 хувь болж нэмэгдсэн талаар Монгол банкны мэдээнд дурдсан байна. Үүний дээр Монголд ашигт малтмалын хайгуул, олборлолтын чиглэлээр олгогдсон нийт тусгай зөвшөөрлийн 70 орчим хувь нь Хятадын компаниудын мэдэлд орсон тухай сонин хэвлэлээр мэдээлжээ. Ийнхүү Монгол нь неолиберал глобалчлалын бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэх хэрээр коммунист хөршийнхөө нөлөөг хязгаарлах бус, харин ч эсрэгээр илүү их хараат болсон байна.
Хятадын “глобалчлах санаачлага” ба өрийн асуудал
Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин 2017 оны 1 дүгээр сард Давосын эдийн засгийн форумд үг хэлэхдээ Хятадын санаачилсан “Бүс ба зам”-ын дагуу манай найз нөхдийн хүрээ томорч байна хэмээн мэдэгджээ. Одоо тэрхүү “Бүс ба зам” нь нэг ёсондоо Хятадын глобалчлалын хүрээг үүсгэх аварга дэд бүтцийн төсөл болж байна. Монгол улс нь Хятадын энэ санаачлагад аль хэдийнээ нэгдэн орсон ажээ.
2013 оны намар Ши Жиньпин Казахстанд айлчлахдаа тус улсын нийслэл Астанад мэдэгдэж хийж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд Хятад ба Төв Ази гараасаа хөтлөлцөн “Торгоны зам эдийн засгийн бүс” байгуулах санаачлагыг дэвшүүлж буйгаа анх зарласан байдаг. Ерөнхийлөгч Ши тэрхүү торгоны зам нь 3 тэрбум хүн ам бүхий зах зээлд худалдаа, хөрөнгө оруулалтыг өрнүүлснээр цар хүрээний хувьд ч, нөөц боломжийн хувьд эгнэшгүй төсөл байх болно гээд, бүс нутаг дахь худалдаа, хөрөнгө оруулалтад учрах саадыг арилгахыг уриалсан байна. Түүний уриалга Ази, Европ, Номхон далайн бүс, Зүүн Африкийг холбосон тээвэр, холбоо, үйлдвэрлэл, аялал жуулчлал, эрчим хүчний аварга дэд бүтцийг байгуулж, тив дамнасан эдийн засгийн интеграцийг бий болгох “Бүс ба зам санаачлага”-ын эхлэл болов.
“Бүс ба зам санаачлага” хэрэгжсэнээр дэлхийн хүн амын тэн хагасаас илүү, дэлхийн нийт ДНБ-ний гуравны нэг бүхий бүс нутагт эдийн засгийн нээлттэй бүс үүсэж, уг бүсэд худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчилж, хүн ам, ажиллах хүч саадгүй урсах болно гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, энэ санаачлага нь “Хятадын түүчээлсэн глобалчлал”-ын аварга дэд бүтэц бүхий тивүүдийг дамнасан бүс бий болгох юм. Одоогоор 70 гаруй улсыг нэгтгээд буй энэ санаачлагын дэд бүтцийг санхүүжүүлэх гол байгууллага нь “Хятадын хөгжлийн банк” болон 40 тэрбум ам доллар бүхий “Торгоны зам сан” бөгөөд тэдгээрээс гадна Хятадын санаачлагаар байгуулсан “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк” гэх олон улсын банк болон тус улсын өөр хэд хэдэн банк байх аж. Хятадууд “Бүс ба зам санаачлага”-ын талаарх олон тооны судалгаа шинжилгээ болон олон улсын сурталчилгааны үйл ажиллагаанд мөнгө зарцуулж байгаа бөгөөд уг санаачлагыг санхүүжүүлэхэд 4-8 их наяд ам доллар хэрэгтэй гэсэн тооцоо гарчээ.
Монгол улс нь “Бүс ба зам санаачлага”-ын хүрээнд нутгаараа Хятад, Оросыг холбосон эдийн засгийн коридор байгуулахаар төлөвлөсөн ажээ. Сүүлийн жилүүдэд Монгол, Хятад, Оросын хооронд болон Монгол, Хятадын эрх баригчдын хооронд хийгдсэн удаа дараагийн хэлэлцээр, харилцан зөвшилцлийн дүнд дээрх санаачлагын хүрээнд нийтдээ 32 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон байна. Монголын эрх баригчид “Бүс ба зам санаачлага”-д нэгдэн орж, гурван улсын эдийн засгийн коридор болон бусад төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр асар их боломжийг атгана хэмээн мэдэгджээ. Гэвч наанаа энэ мэтээр дээрх санаачлагаас олдож буй алтан боломж, түүнээс олох асар их ашиг, хөрөнгө мөнгөний талаар ярьж, бичиж байгаа боловч бодит байдалд тэдгээр төсөл хөтөлбөрүүдийн гэрээ хэлэлцээр, санхүүжилт, эрсдлүүдийн талаарх мэдээлэл нээлттэй бус байгаа нь анхаарал татаж эхэлсэн байна! Нээлттэй бус байдал нь “Бүс ба зам санаачлага”-ын төслүүд эхнээсээ асуудал дагуулж буйн илрэл ажээ.
“Бүс ба зам санаачлага”-д нэгдсэн Африк, Азийн зарим улсад гэрээ хэлэлцээрийг нээлттэй бусаар хийж, хэрэгжүүлсэн дэд бүтцийн төслүүд нь асуудлууд дагуулж эхэлсэн байна. Өмнөд Азийн Шри Ланка нь далайн тээврээр Зүүн Өмнөд Азийг Баруун Ази, Африктай холбох чухал зангилаа байршил бүхий арал улс бөгөөд энэ давуу талаа ашиглан арав гаруй жилийн өмнө Хамбантото дүүрэгтээ шинэ боомт хот байгуулж, эдийн засгийн коридортой болох төслийг хэрэгжүүлж, энэ төслийн дэд бүтцийг “Хятадын экспорт-импорт”банкны 360 сая ам долларын зээлийн хөрөнгөөр Хятадын компаниуд гүйцэтгэжээ. Гэвч боомт алдагдалтай ажиллаж, зээлээ төлж чадахгүй болсон тул 2017 онд Хятадын нэгэн компани Шри Ланка улсын засгийн газартай гэрээ хийж Хамбантото боомтын бүс нутгийг 99 жилийн хугацаагаар эзэмшилдээ авч, нэмэлт хөрөнгө оруулж ашиглахаар болсон байна. Хятадын хувьд тус боомт нь “Бүс ба зам санаачлага”-ын усан тээврийн сүлжээний нэг зангилаа болох учиртай аж.
Зүүн Африкийн Кени нь “Бүс ба зам санаачлага”-д хамгийн идэвхтэй оролцсон улсуудын нэг байв. Тус улс Хятадын 3.6 тэрбум ам долларын зээлийн хөрөнгөөр нийслэл Найроби хотоо Монбаса боомттой холбох төмөр замын төсөл хэрэгжүүлж, 2019 онд нийслэлээсээ Найваша хот хүртэлх 579 км замыг ашиглалтад оруулсан байна. Найроби-Найвашагийн төмөр зам хангалттай орлого олоогүй боловч уг замыг тавихад зарцуулсан “Хятадын экспорт-импорт” банкны 1.48 тэрбум ам долларын зээлийн эхний хэсэг аль хэдийнээ нэхэгдэж эхэлжээ.
Кени улс уг зээлийг төлж чадахгүй гэдэг нь тодорхой болж, асар их өрөнд унасан байна. “Бүс ба зам санаачлага” Зүүн Өмнөд Азийн Малайз улсыг асар их өрөнд оруулж, төслийг зогсоох асуудал үүсэж байв. 2018 онд Малайзын шинэ засгийн газрын Ерөнхий сайд Махатир Мохамад ажлаа авсан даруйд өмнөх засгийн газрын үед “Бүс ба зам санаачлага”-ын хүрээнд гэрээлсэн 16.4 тэрбум ам долларын зээлээр байгуулах дэд бүтцийн төслийг зогсоож, дахин хэлэлцээ хийхээр Хятадад өөрийн биеэр айлчилж байв. Учир нь Малайзын засгийн газар энэ их зээлийг төлж чадахгүй гэж мэдэгдсэн бөгөөд Махатир энэ бол “колоничлолын шинэ хувилбар” гэж мэдэгдсэн байдаг.
30 орчим тэрбум долларын гадаад өртэй Монгол улс “Бүс ба зам санаачлага”-ын эдийн засгийн коридор гэх мэт дэд бүтцийн асар их зардалтай төслүүдийг өөрөө санхүүжүүлж чадахгүй гэдэг нь тодорхой юм. Иймээс “Бүс ба зам санаачлага”-ын тээврийн дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлбэл Хятадын банкнуудаас их хэмжээний зээл авах ганц зам буй. Гэвч уул уурхайн бүтээгдэхүүнийхээ 96 орчим хувийг зөвхөн хөрш Хятадад экспортолдог Монгол тэрхүү хөршөөсөө асар их зээл авч дэд бүтцийн төсөл хэрэгжүүлбэл Шри Ланка, Кени, Малайз улсуудтай харьцуулашгүй эрсдэл хүлээж байгаа гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Монгол улс “Бүс ба зам санаачлага”-д нэгдэж, төсөл хөтөлбөрүүдийг нь хэрэгжүүлж урагшаа хөгжихөөс өөр замгүй мэтээр сурталчиж байгаа боловч асар их хөгжлийн боломжийн тухай сайхан амлалтаас өөр юу нь ч бидэнд нээлттэй бус байна. Нээлттэй бус байдлын цаана маш том эрсдэл бий.
Глобалчлалын үзлээс татгалзахуй
Глобалчлал зарим улсад өгөөмөр ач тусаа өгч байж болох ч бусдад нь үгүй юм. Энэ нь өнгөрсөнд зарим улсад асар их ашиг өгсөн бол одоо үгүй байж болно. Глобалчлалыг түүчээлж асан либерал ардчилсан Америк, Их Британи одоо түүнээс ухарч байна. Харин глобалчлал нь коммунист Хятадыг аж үйлдвэржүүлж, технологижуулж, ядуурлыг нь арилгахад тусалсан төдийгүй тус улс чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалтаас олсон хөрөнгө мөнгөөрөө “Бүс ба зам санаачлага”-ыг эхлүүлж хятад маягийн глобалчлалыг санаачлан, олон улсын харилцаанд өөрийн үзэл суртал болгон ашиглаж эхэлж байна. Америкийн судлаачид энэ үйл явцыг ганц туйлт глобалчлал төгсөж, дэлхийд Америк, Хятадын зэрэгцээ дэг журам, эсвэл хос жанжлал тогтож буйн илрэл гэж үзэж байна.
Өнгөрсөн 30 жилийн түүхээ харвал, неолиберал шинэчлэл, глобалчлалын давалгаа нь бидэнд ашиг тусаа өгсөн байж болох хэдий ч глобалчлалд нээлттэй Монгол улс ядуу буурай хэвээр үлдэж, Америкийн улс төр судлаач Параг Ханнагийн элэглэж нэрлэснээр “Mine-golia” буюу “Уурхай-улс” болжээ. Харин Монголын “хамгийн их нэмэгдсэн” эдийн засгийн үзүүлэлт нь 30 тэрбум ам долларын гадаад өр ажээ. Энэ бол өнөөгийн манай эдийн засгаас 3 дахин том өр бөгөөд ийм их өртэй улс дэлхийд ховор гэлцэж байна. Хамгийн ноцтой нь глобалчлал Монголын эдийн засгийг уул уурхайн олборлолтоос бараг бүрэн хамааралтай болгож, бид тэрхүү олборлосон бүтээгдэхүүнийхээ 96-97 хувийг зөвхөн Хятадад худалдаж амь зуудаг ард түмэн болжээ. Өөрөөр хэлбэл, глобалчлал энэ улсыг эдийн засгийн хувьд зөвхөн Хятадын хараат болгов. Монголчууд 1990 онд эдийн засгийн неолиберал шинэчлэл хийж, глобалчлалд нэгдсэнээр дарангуйллын дэглэмтэй хөршүүдийнхээ нөлөөг хязгаарлана гэж ойлгож байв. Гэвч глобалчлал харин ч эсрэгээр Монголыг урд хөршийнх нь нөлөөнд улам оруулсан ажээ.
Улс орнуудад тулгарсан асуудлууд олон янз, тэр хэрээр шийдэл нь өөр байж болно. Гэвч глобалчлалын үзэл суртал нь олон өөр асуудлуудыг зөвхөн цорын ганц хүчин зүйлээс хамааралтай мэт болгож, тэдгээрийг өөрсдөө, өөрөөр, бүтээлчээр бодож шийдэх бидний боломжийг хаасан байна. Өнөөгийн неолиберал глобалчлал нь 1990 оноос өмнөх Монголд коммунист үзэл суртал хуваарьгүй ноёрхож, коммунизм нь даян дэлхийн бүх асуудлын шийдэл мэтээр ойлгогдож, хүмүүс зөвхөн түүнийг байгуулахын төлөө амьдрах ёстой гэж номлож байсантай хэлбэрийн хувьд адил төстэй үзэл суртал болжээ.
Эдийн засгийн салбарт Нобелийн дурсгалын шагнал хүртсэн, Америкийн нэрт эдийн засагч Жозеф Стиглиц дэлхийн олон улс орнуудад хэрэгжсэн неолиберал шинэчлэлүүд бүтэлгүйтснийг дурдаад, энэ үзэл нь шинжлэх ухааны онол гэхээс илүүтэй шашинтай адилхан юм гэж бичжээ. Шинжлэх ухааны аливаа онол нь шинэ баримт нотолгоогоор няцаагдах боломжтой байх ёстой бол неолиберал глобалчлалын үзэл нь ямар ч баримт нотолгооны өмнөөс өөрийгөө сөргүүлэхүйц “үнэн” ба “жам ёс”-ыг номлодог итгэл үнэмшлийн институчлэгдсэн тогтолцоог үүсгэсэн байна.
2020 онд манай УИХ “Алсын хараа 2050: Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого” хэмээх баримт бичиг баталсан байна. Энэ нь ирэх 30 жилийн Монгол улсын хөгжлийн төлөвлөгөө аж. Монголын эрх баригчдын баталсан дээрх баримт бичигт “АНУ болон Хятадын сүүлийн жилүүдэд баримталж буй бодлого, Брикситийн үйл явц зэрэг төвөөс зугтаах, бие даасан ‘үндэсний үзэл’ бас эрчээ авч байна. Энэ үйл явц цаашид хэр тогтвортой үргэлжлэх тодорхой бус байдал өндөр хэвээр байна. Манай улсын хувьд глобал худалдааны сүлжээнд нэгдэн орох, худалдааг хөнгөвчлөх, олон улсын стандартуудыг хангах асуудал чухал байна. Энэ үүднээс эдийн засгийн агуулгаар даяаршилд үргэлжлүүлэн нэгдэн орох хэрэгцээ өндөр байна” гэжээ. Үүнээс үзвэл, Монголын эрх баригчид цаашдаа ямар нэг глобалчлалд итгэж найдсан хэвээр байна. Өөрөөр хэлбэл, манай төрд глобалчлалд найдахаас өөр, алс хэтээ олон талаас нь харсан, өөрийн гэсэн бодлого алга.
Хэрэв Монгол улс энэ цаг үед глобалчлал хэмээх “ганц цонх”-оор бүхнийг харах гэж оролдсоор байвал эдийн засгийн хувьд ч, улс төрийн хувьд ч Хятадтай хөрш улсуудын ёсоор, далайн чанадын Америктай ардчилсан улсуудын ёсоор харилцан ашигтай харилцах боломж үгүй л болов уу.
МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш П.Мягмар