Шашин төрийг хослон баригч Наран гэрэлт Богд хааны сүүлчийн хатан Наваанлувсангийн Гэнэнпил
ШАШИН ТӨРИЙГ ХОСЛОН БАРИГЧ НАРАН ГЭРЭЛТ БОГД ХААНЫ СҮҮЛЧИЙН ХАТАН НАВААНЛУВСАНГИЙН ГЭНЭНПИЛ /1905-1938/
Улсын эх дагина Ц.Дондогдуламыг таалал болсны дараа Хан төрийн 7 эрдэнийн нэгэн болох шинэ цагаан дарийг тодруулахад Хөвчийн Жонон вангийн хошууны Нагваанлувсангийн Гэнэнпил /1905-1938/ Богд хааны хатнаар өргөмжлөгдөн ирээд удалгүй Богдын таалал төгсөхөд хатны ачаа хөсөгтэйгөөр нутагтаа буцжээ. Наваанлувсангийн Гэнэнпил нь 8 дугаар Богд Жабзундамба хутагтын сүүлчийн хатан юм. Н.Гэнэнпил нь 1905 оны хавар 5-р сард Хөвчийн жонон вангийн хошууны буурлын энгэрт Цэрэнгийн гэр бүлд төржээ. Н.Гэнэнпил нь бага насандаа Н.Цэенпил нэртэй байжээ. Цагаан адуутны Наваанлувсан нь Цэенпилийг өөрийн төрсөн эгч Цэрэнгээс үрчилж авсан байна. Н.Цэенпил нь бага насаа эцэг эхийн гар дээр өсөж мал маллах үйл урлах бичиг үсэг сурч тухайн үеийн язгууртан дээдэс гаралтай гэр бүлд хүмүүжиж төлөвшжээ.
Богд хааны хатан Ц.Дондогдулам таалал төгсөөд 49 хоног өнгөрж байв. Монгол төрийн 7 эрдэнийн нэг хатны суудал эзгүйрсэн учраас Да лам Цэрэнчимэд, Чинван Дашдэндэв, Манзушир хутагт Цэрэндорж, Ялгуусан ламтан Найдансүрэн, Дэд хамба Дамдин, Хөвчийн жонон ван Цогбадрах зэрэг лам ноёд зөвлөлдөн бурхан шашин төрийн ажлаа хослуулан явуулахийн зэрэгцээ Богд хаан сүүлийн үед ганцаардах байдал илт, ажиглагдах болов, бие нь чилээрхүү байгаа тул тунгаан болгоож, Хан төрийн түшиг хатны суудал эзгүйрэх ёсгүй гэж үзэн шийдвэр гарган хатан тодруулах ажлыг зохион байгуулжээ.
1923 оны зун Сэцэн хан аймгийн Жонон вангийн хошууны Дэчинчойлон хийдийн дэргэд 18 настай 33 хүүхэн цуглуулж, нүцгэн лагшин үзлэг хийгээд Наваанлувсангийн охин Цэенпил гоо үзэсгэлэн, оюун ухаан төгөлдөр, эрүүл чийрэг гарал угсаа сайтайгаараа бусдаас ялгаран тодорч, комиссыг ахлан ажиллаж байсан: Н.Цогбадрах зурхайч Хаймчиг нарын шалгуурт тэнцсэн тул хүрээ рүү Богдын бага хатан болгохоор авч явав. Сэцэн хан аймгийн төв Дэчинчойлон хийдэд явагдаж буй хатан тодруулах арга хэмжээний тухай мэдээллийг түүний сүйт хархүү Лувсандамба болон эцэг Наваанлувсан нар сэтгэлийн хүлээлт шанлалаар 3 хоногийг үдэв. Арга буюу 4 дэх хоног дээр нь Лувсандамбын найз хөрш залуу Мунтуу Дашнямыг охин Цэенпилийг харж тандаад ир гэж сойсон хүрэн морио өгж явуулав.
Тэр үед Ононгийн гол үерлэн бялхаж байсан боловч эр хүний зориг золбоо сайн хүлэг морины хүчээр сааталгүй гатлаж зорьсон газарт хүрж, Цэенпилтэй уулзах гэсэн боловч харуул хамгаалалтыг даван уулзах боломж олдсонгүй. Иймд шалгаруулалт явагдаж буй гэрийн хаяагаар харахад Цэенпилийн царай зүс гэрэлтэй, жавхаалаг, коммисын шалгалтийг амжилттай дууссан болох нь илт байсан тул буцаж эцэг эхэд нь шалгаруулалтыг саадгүй давч тэнцсэн баярт мэдээг дуулгасан. 8 дугаар Богд Жабзундамба хутагт түүхэн ёс заншил, уламжлалт арга билгийг тунгаан соёрхож Дайчин жонон вангийн хошууны эзэн Чингис хааны удам Боржигон овгийн тайж цагаан адуутын Наваанлувсангийн охин Цэенпилийн сахил хүртээн Гэнэнпил гэж буян хишгийн нэр хайрлаж цагаан дарь эх хэмээн өргөмжлөв.
Сонирхолтой нь Н.Гэнэнпилийн сүйт залуу Б.Лувсандамба нь энэ үед даншигийн наадмаас начин цол хүртсэн байна. Богд хааны бие чилээрхүү байсан учраас түүний бие асрах хатны ёс жаягт суралцан, бурхны ном уншин сурахад угийн сэргэлэн оюун ухаан төгс хатан амархан дадлагжин өөрийн байр сууриа эзэлж төлөвшиж байсныг дурсан ярьдаг. Н.Гэнэнпил хатан биеэ авч явах байдал, зан харилцааны соёл, уламжлалаа судлах зэрэгт Богдын лам хуварга, үйлчлүүлэгч нарын дэмжлэгтэйгээр чамбай түргэн суралцсан байдаг.
1921-1924 онд Монголын хэмжээт цаазат хаанаар өргөмжлөгдөж байгаад Оройн дээд Очирвань наймдугаар Богд Живзундамба хутагт 1924 оны 5 сарын 20-ны өдөр нирваан дүрийг үзүүллээ. Ийнхүү хатан Н.Гэнэнпил Богд хааны дэргэд харамсалтай нь удаагүй юм.Тэрээр Гэнэнпил хатантай жил гаруй хугацаанд хамт амьдарчээ. 19 настай Гэнэпил хатанг Жавзундамба хутагтын захисан ёсоор нүглийн нүднээс холдуулж ар гэрт нь 18 тэрэг ачаатай туслах лам хуврага нар хүргэж ирсэн байна.
Хошуу нутагтаа ирээд урьдын сүйт улсын начин Б.Лувсандамбатайгаа гэрлэж 2 охин, 1 хүү төрүүлж сайхан амьдраж байсан боловч цөвүүн цагийн шуурга Н.Гэнэнпил хатныг тойроогүй юм. Бүсгүй хүний гоо үзэсгэлэнд ид жагасдаг 30 насны босгон дээр түүнийг Богдын хатан нэрээр ард түмнээс өргөл барьц 150 төгрөг авсан, бурхны шашныг дэлгэрүүлэх ард олныг мунхруулахад идэвхтэй оролцсон хаад ноёдтой холбоо харилцаатай байсан зэрэг хилсээр гүтгэн буруутгасан байна.
Улмаар 1938 онд таван сартай бие давхар байхад нь Гэнэнпилийг аав Наваанлувсангийн хамт Хэнтий хойд Цогт-Өндөрт цаазлан хороожээ. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс 1991 онд Н.Гэнэнпил хатны хэргийг цагаатгасан байна.
Гэнэнпил хатан нь маш төлөв даруу, дөлгөөн их ухаалагаас гадна гоо үзэсгэлэнтэй эмэгтэй байсан, тухайн үедээ л нутгийн залуусын нүд сэтгэлийг аргагүй л татдаг байсан. Түүний хатан болох нь хувь заяа төөрөг юм. Харин харамсалтайгаар бие давхар хатныг хэлмэгдүүлж хороосон нь тухайн үеийн нийгмийн бүдүүлэг хэлмэгдүүлэлт байлаа.” гэжээ.
Хатнаар өргөмжлөгдөх үедээ Лувсандамба хэмээх бөх нөхөртэй байсан гэдэг. Нутагтаа эргэж ирээд түүнтэй эргэн ханилж, Доржханд, Цэрмаа, Гантөмөр хэмээх 3 хүүхэд төрүүлжээ. Н.Гэнэнпил хатны том охин Доржханд Улаанбаатар хотод, харин дунд охин Цэрмаа бага залуу тэнгэрт хальсан бөгөөд Цэрмаагийн охин Цэрэнханд, түүний үр хүүхдүүд Ц.Алтангэрэл, Ц.Алтанхуяг, Ц.Алтангоо, Ц.Алтан-Од нар нь нутаг орондоо өрх бүл нэмж, сайн, сайхан амьдарч байгаа билээ.
Ганц хүү Гантөмөр нь Төв аймгийн Мөнгөнморьт суманд ажиллаж, амьдраж байсан мэдээ байдаг.
Эх сурвалж: "Их хатдын нутаг" Баяндуурлиг 2016 он номноос...
Зураг дээр: Халх Монгол хатан Сэцэн хан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу одоогийн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат Гэнэнпил