“Сонгуулийн дараа огцорно” гэх хүлээлттэй, өмнөө “Түр” гэх тодотголтой явж ирсэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 3-4 сайдаа шинэчлээд, шинэ бүрэлдэхүүнээрээ албан ёсоор “жинхлэгдэж” цааш “Бүр Засгийн газар” болоод явах тухай яриа саарал ордноос дуулдах болов. Лавлавал, У.Хүрэлсүх энэ сарын 25-нд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөнө. Түүнээс урьтаж хуулийн дагуу МАН-ын даргын суудлаа бусдад шилжүүлж, намын хараат бус болох ёстой.
Тэгвэл МАН-ын шинэ угсаа залгамжлагчаар Л.Оюун-Эрдэнэ тодорч, Гүйцэтгэх засаглалын тэргүүний ажлаа үргэлжлүүлэх бүх тохироо хийгдсэн гэнэ. Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн таван сар хагасын хугацаанд “Ялсан намын дарга нь Ерөнхий сайд байх учиртай. Энэ зарчмаараа цааш явна гэж итгэж байгаа”, “Үе үеийн Засгийн газруудын дундаж наслалт 1,5 жил байсан. Харин цаашид Засгийн газрын үйл ажиллагаа тогтвортой, удаан настай байх ёстой” хэмээн уулзалт бүрдээ давтаж, Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллах амбицаа илэрхийлж байсан. Тэгвэл тэр санасандаа хүрч байгаа бололтой юм.
Гэхдээ тэр Ерөнхий сайдын албаа үргэлжлүүлэхийн тулд 3-4 сайдаа “золиослох” хэрэгтэй болох нь. Тодруулбал, У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-тай хүч хавсарч орохын тулд Н.Энхбаяртай “эвлэрлийн гэрээ” байгуулсан. Ингэхдээ түүнд “Сонгуулийн дараа шинээр бүрэлдэх Засгийн газарт 3-4 сайдын суудал өгнө” гэж амласан гэх яриа бий. У.Хүрэлсүх амлалтаа биелүүлэхийн тулд сонгуулийн дараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг танхимаар нь огцруулж, Н.Энхбаярын Б.Тулга, Э.Эрдэнэжамъян нарын “үнэнч хөвгүүд”-ийг багтаасан шинэ Засгийн газар бүрэлдүүлнэ гэх таамаг явж ирсэн. Үүнд зориулж МАН-ын даргын эрх мэдлийг хэн нэгэнд өгөхгүй, өдийг хүртэл өөртөө хадгалж байсан ч гэдэг. Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг танхимаар нь огцруулахгүйгээр 3-4 сайдыг нь сугалах зарчмаар энэ амлалтаа биелүүлэх болсон аж.
Харин Л.Оюун-Эрдэнийн танхимаас хэн хэн “гээгдэх” вэ гэдэг нь улс төрийн хүрээнд том асуудал болж буй бололтой. Тэгвэл түүний Засгийн газраас хэн хэн хамгийн түрүүнд “хувцсаа баглах” магадлалтай вэ.
Л.Оюун-Эрдэнэ танхимаа бүрдүүлэхдээ У.Хүрэлсүхийн Засгийн газраас найман сайдыг улираан томилж, Шадар сайд, ЗГХЭГ-ын даргаас гадна зургаан сайдыг шинээр томилсон. Тухайлбал, Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Соёлын сайд Ч.Номин, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар шинээр орж ирсэн. Товчхондоо талыг нь улирааж, талыг нь шинээр томилсон. Мөн анх удаа дөрвөн эмэгтэй сайдтай байгуулагдсан бөгөөд гурвыг нь шинээр оруулж ирсэн байдаг.
Өнгөрсөн таван сар хагасын хугацаанд Л.Оюун-Эрдэнийн чихийг хамгийн их “халууцуулсан” сайд нар нь Соёлын сайд Ч.Номин, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар гэх юм билээ. Тодруулбал, Соёлын сайд Ч.Номинг эхлээд “Хөл хо.р.и.оны өдрүүдэд үр дүнгүй атлаа үрэлгэн зардалтай контент үзэгчдэд шахлаа” гэж шүүмжилсэн. Дараа нь “Бүхэл бүтэн улсын соёлын салбарыг төлөөлж байж хятад үндэсний хувцсаар гангарлаа” гэж цахим орчинд шуугьсан. Саянаас “Цар тахлын хямралын үед улсын баяр наадам, ардын хувьсгалын 100 жилийг ойд 10 тэрбум төгрөг зарцуулах гэж байна” хэмээн “гоочлох” болсон. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын тухайд суудал нь “өнцөгдсөн” аятай л байгаа. Сүүлийн хэдэн сард хоёр цэрэг харуулын даргаа б.у.у.д.аж хө.н.ө.ө.сөн, нэг цэрэг а.м.и.а егүүтгэсэн, нэг цэрэг үл мэдэгдэх шалтгаанаар а.м.и.а алдсан гэх мэт хэргүүд зэвсэгт хүчинд гарсан нь Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт том асуудал болоод буй.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасангийн тухайд сайд болсноосоо хойш “хэлгүй” мэт л байж ирлээ. Туул голын хамгаалалтын бүсэд барилга барихаар газар сэндийчсэн, бургасыг нь сүйдэлсэн гэх асуудлууд, Хэрлэн голын эхэнд олборлолт хийж, эцэг хүү хоёр тэмцэж буй асуудал зэрэг байгаль орчинтой холбоотой хэргүүд цахим орчноор илчлэгдэж байгаа ч салбарын сайд нь таг чимээгүй суусаар байгаа.
Эрүүл мэндийн сайд С.Энхболдын хувьд анх сайд болохдоо “мэргэжлийн хүн” хэмээн сайшаагдаж байсан ч өнгөрсөн таван сар хагасын хугацаанд төдийлөн “мэргэжлийн” байж чадсангүй. Халдвар авсан хүмүүсийн тоо, н.а.с. ба.р.с.ан хүмүүсийн тоо, тэр дундаа хэзээ мөдгүй төрөх гэж байсан жирэмсэн эмэгтэйчүүд цар тахлын халдвараар а.м.иа а.л.д.сан, амьдрал хөл тавиад удаагүй бяцхан хүүхдүүд а.м.и.а а.л.д.сан С.Энхболдыг “салбар удирдах чадамгүй” гэж дүгнэхэд хүргээд байгаа юм.
Тэд бол огцрох нь тодорхой болсон сайд нар биш гэдгийг тодотгох нь зүйтэй. Харин Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нараас хамгийн их олны анхааралд өртдөг, шүүмжлүүлдэг сайд нар гэвэл онох байх.
Ямартай ч, Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нараас хэн хэн “гээгдэж” хоцрох вэ гэдэг нь ойрын өдрүүдийн халуун сэдэв байх нь бололтой. Мөн “гээгдэх” сайд нарын оронд Н.Энхбаярын “хөвгүүд”-ээс хэн нь хэний оронд очих вэ гэдэг нь ч дуулиантай асуудал байх нь дамжиггүй ээ.
Эх сурвалж: Ergelt.mn