АН-ын залуус намын Онц их хурал зохион байгуулах санаачилга гаргалаа
Ардчилсан намын залуус тус намын гишүүдийн гарын үсгийг цуглуулж онц их хурал зарлан хуралдуулах санаачилга гаргаж буйгаа өнөөдөр мэдээлэв.
"Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд АН-ын нэр барьж нэр дэвшсэн хүн нийт сонгогчдын 6 хувийн саналыг авсан. Өөрөөр хэлбэл, 1990 оноос хойш АН бүх шатны сонгууль нэр дэвшигчээ өрсөлдүүлж байсан ч ийм бага санал авсан түүх байгаагүй" гэдгийг АН-ын гишүүн И.Мөнхжаргал тодотголоо. Тэрбээр, "Энэ үйл явдалд дүгнэлт хийж, хариуцлага хүлээхийн оронд хэн нэгнийг урвагчаар дуудаж, бусдад буруугаа нялзааж буй нэр дэвшигчдээ харамсаж байна. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан ах нар хувийн өс хонзон, хэрүүл тэмцэл, эрх баригчдын шантаажинд орсон, шоронгоор барьцаалагдсан амьдралынхаа хариуд АН-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг бэлгэнд барилаа. Ах нараа, та нар АН-ын Ерөнхийлөгчийн суудлыг эрх баригчдад зарж, эрх чөлөөгөө олж авсан бол одоо тэтгэвэртээ гар. Тэтгэвэртээ гарснаар АН-д хамгийн том буян болохоор байна" хэмээв.
Мөн тэрээр, "Ах нарын зуудаг нохой болж хэн нэгэн рүү дайрах биш, залуус нэгдэж намаа босгох цаг болсон байна" хэмээгээд залуусдаа дуу хоолойгоо нэгтгэхийг уриаллаа. Түүнчлэн АН-ын даргад ҮБХ-г яаралтай хуралдуулж намын онц их хурлыг хийх хөдөлгөөн өрнүүлэхийг шаардаж байгаагаа онцоллоо.
АН-ын гишүүн Х.Алтанхуяг, "Орон нутгийн дунд шатны намын хороод Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоогүй. Өмнө нь орон даяар туг далбаагаа намируулж, гишүүд, ухуулагчид идэвхтэй, эн тэнцүү өрсөлддөг байсан. Тэгвэл энэ удаа зөвхөн нэг намын сурталчилгаа, хоёр захиалгын нэр дэвшигч өрсөлдлөө. Бидэнд ч буруу байгаа. Залуус төрийн өндөр албан тушаал хашиж байсан ах нартаа итгэсэн. Баг, сум, хороо дүүргээс эхлээд намын гишүүд маш их бухимдалтай, гонсгор байна. Одоо бид аль дарга нь асуудлаа шийдэх, хэн нь буулт хийх бол гэж харж суухгүй. АН-ыг хуучин байранд нь оруулж, үндэсний хэмжээний чиг үүргийг нь гүйцэтгүүлэхийн тулд, хүний эрх, шударга ёсны төлөө залуус бид тэмцэнэ" хэмээгээд орон даяар гарын үсэг цуглуулж онц их хурал зохион байгуулах хөдөлгөөнөө эрчимжүүлэхээ дуулгалаа.