Зургадугаар сарын 1-ээс Монгол Улс агаарын хилээ нээсэнтэй холбоотойгоор УОК-оос гаргасан дүрэм журмын талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигийн мэдээллээс анхаарах 10 эшлэлийг бэлтгэн хүргэж байна.
1) Дэлхийн улс орнууд гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхдээ янз бүрийн шаардлага тавьж байгаа. Гэвч албан ёсоор коронавирусийн эсрэг вакцины эсрэг хоёр тунгаа хийлгэсэн зорчигчдыг нэвтрүүлнэ гэх хатуу шаардлага тавьсан улс орон байхгүй.
2) Улс орон бүр вакцины нэг, хоёрдугаар тундаа хамрагдсан иргэддээ вакцины гэрчилгээг олгож эхэлсэн. Манай улс ч мөн адил тус гэрчилгээг олгож эхлэхэд бэлэн болсон байна. Гэрчилгээг гадаадын улс орон бүр хүлээн зөвшөөрснөөр тухайн иргэнийг хилээр чөлөөтэй нэвтрүүлэх тохиолдолд тусгаарлахгүй байх хэлэлцээрийг Гадаад харилцааны яам хийж байна.
3) Гадаад руу явж байгаа иргэдэд тавих шаардлага нь Монгол Улсаас тавьж байгаа шаардлага биш юм. Тухайн улс өөрсдийн хилээр зорчигч нэвтрүүлэхдээ ямар шаардлага тавьж байгаа тэр дагуу бүх зүйл явагдана. Ихэнх улс сүүлийн 48-72 цагийн дотор PCR хийлгэсэн байхыг л шаардаж байна.
4) УОК-ын шийдвэрээр гадаадаас Монгол Улсад ирж байгаа зорчигч нь вакцинд хамрагдаагүй эсвэл нэгдүгээр тунг хийлгэсэн боловч хоёрдугаар тунгаа хийлгээгүй, вакцины хоёр тунгаа хийлгэсэн ч олон улсын эрүүл мэндийн зөвлөмжийн дагуу 14 хоног өнгөрөөгүй бол долоо хоног тусгаарлаж байна.
5) Харин вакцины бүтэн тунгаа хийлгэж, 14 хоног өнгөрсөн бол тусгаарлах байранд тусгаарлахгүй. Зорчигч нь тухайн авиа компани болон хилийн мэргэжлийн хяналтын албанд гэрчилгээг үзүүлнэ.
6) Хэрэв Өмнөд Америк, Өмнөд Африк, Энэтхэг зэрэг халдварын эрсдэл өндөр орноос ирж байгаа иргэдийг 7-оос дээш хоног тусгаарлах болно.
7) Гадаад улсад гацсан иргэдээ татан авах ажиллагаа тавдугаар сарын 1-ээр дуусгавар болсон. Яаралтай ирэх хүсэлтэй бүх иргэн эх орондоо ирсэн байна.
8) Тавдугаар сараас Монгол Улсын хилийг нээх бэлтгэл ажлын хүрээнд чартер нислэг, тийз захиалалга энгийн горимд буцаад шилжсэн. Хуваарьт нислэгийг үйлдэж эхэлнэ.
9) Дэлхийн 117 улс хилээ бүрэн эсвэл хэсэгчлэн хаасан байгаа. Тодруулбал, гадаадын иргэдэд богино хугацааны виз олгохоо больж, өөрийн улсын болон тухайн улсад байнга оршин суудаг иргэдийг хилээрээ нэвтрүүлж байна.
10) Монгол Улс хилээ нээхэд бэлэн болсон ба бусад орнуудтай хилээр зорчигч нэвтрүүлэх тухай яриа хэлэлцээр хийж байна.