Монголоос төрсөн тэрбумтан
Нью-Йоркийн Хадсон Ярдс гудамжинд байрладаг”Наадам” дэлгүүр монгол ноолуурын шүтэн бишрэгчдийн дунд алдартай. Энэхүү брэндийг үүсгэн байгуулагч Мэтт Сканланы “Форбс” сэтгүүлд өгсөн ярилцлагаас орчуулан хүргэж байна.
-Мэтт, “Наадам” брэндийг байгуулсан урт аялал тань хэрхэн эхэлсэн бэ?
-Энэ үнэхээр урт бас хөгжилтэй аялал байсан. Би Коннектикут мужийн Вестпорт хотоос гаралтай. 24 настайдаа Азиар аялахаар шийдэж ажлаасаа түр чөлөө авсан юм. Брэндээ хамтран байгуулсан Диедерик Рижсемустай Монголд уулзаж байлаа. Бид “говийн говь” гэж хэлж болох Баянхонгор аймгаар аялж явтал машин эвдэрч, замдаа саатлаа. Малчин айлд зочилж, хоноглов. Тусламж иртэл танихгүй айлд долоо хононо гэдэг миний хувьд ертөнц сүйрч байгаатай адил санагдсан. Тэр тусмаа цахилгаан, боловсон жорлон, шүршүүр, усгүй зэлүүд газар шүү. Долоо хоногийн дараа бид малчин айлын нэг бүл болж, ямааг нь бэлчээрт гаргадаг болов.
Анх удаа л хэвийн мэдрэмж төрж байлаа. Та Уолл Стрийтэд ажилладаг эсвэл нүүдэлчин малчин байх нь хамаагүй. Хүн бүр аз жаргалтай байхдаа инээмсэглэдэг биз дээ. Тэр долоо хоног бол миний амьдралын хамгийн чухал хэсэг болсон юм. Надад төрж байсан харийн мэдрэмж, үл үзэгдэх хөшиг нээгдэх шиг болсон. Би Монголоос явсан ч малчдад туслах ямар нэгэн зүйл хийх ёстой гэж шийдсэн. Гэхдээ ямар ч төрлийн капиталист зүйл бодоогүй.
-Тэгээд л ноолуурын бизнесийг бодож олжээ?
-Хавар бол ноолуурын улирал. Алслагдсан бүс нутгийн малчид зуучлагчдад ноолуураа маш хямдхан зардаг.
Монголын зах зээлээс зуучлагчдыг шахаж, ноолуурын үнэ цэнийг өсгөхийг хүссэн. Би хувь зээлдүүлэгчээс зээлсэн 2.5 сая ам.доллараа Монголын банк руу шилжүүлэв. Ингээд “Land Cruiser”-ийг дүүргэсэн 32 уут төгрөгөө аваад говийг зорьсон. 60 тонн ноолуур худалдаж авлаа. Бид ноолуураа 18 чиргүүлд ачаад нийслэлийг зорьсон өдрөөс “Наадам”-ын түүх эхэлсэн.
-Та энэ салбараас юу сурч мэдсэн бэ?
-Бид бүтээгдэхүүнээ дэлхийн томоохон жижиглэн худалдааны дэлгүүрүүдэд тараадаг. Мөн нэрийн дэлгүүртэй. Хувцас загварын бусад брэндтэй хамтран ажиллаж, материалаар хангадаг. Би “Наадам”-ын шошгыг чанар, тогтвортой байдал, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг байгаасай гэж хүссэн. Долоон жилийн өмнө том бизнесийг эхлүүлэхдээ салбартаа даруу, ил тод, шударга байдлын гурван баганыг тодорхойлсондоо бахархдаг. Гэхдээ загвар, худалдаа миний мөрөөдөл биш. Монголын малчдад урт хугацааны эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох зорилгоо орхиогүй.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин