ХҮН: У.Хүрэлсүх төрийн тэргүүний албыг нэр хүндтэй хашна гэдэгт итгэж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбатын сонгуулийн штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХҮН-ын дарга Т.Доржханд "Монголчууд бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд анх удаа зургаан жилээр бүрэн эрхээ хэрэгжүүлэх Ерөнхийлөгчөө сонголоо. Энэ удаагийн сонгууль өмнөх 30 жилийн сонгуулиас ялгаатай боллоо. Нэр дэвшигчид ямар нэгэн байдлаар нэгнээ харлуулсангүй, мөн зардал багатай сонгууль боллоо.
Нийгмийн хүлээлтийг авч, хамгийн олон саналаар ялалт байгуулсан МАН-ын дарга У.Хүрэлсүх танд баяр хүргэж, амжилт хүсье. Ирэх зургаан жилд Монголын төрийн тэргүүний хүндтэй албыг нэр хүндтэй хашна гэдэг итгэж байна. Мөн бидэнтэй өрсөлдсөн АН-ын нэр дэвшигч С.Эрдэнэд амжилт хүсье.
"Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат өнөөдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Бидний дунд байж болохгүй. Бидэнд саналаа өгсөн 246955 сонгогчид нэр дэвшигчийнхээ өмнөөс, ХҮН-ын, "Зөв хүн электорат" эвслийнхээ өмнөөс талархсанаа илэрхийлье.
2020 оны сонгуульд ХҮН өрсөлдөж байхад 209 мянган иргэн саналаа өгч байсан. Харин одоо 250 мянган сонгогч саналаа өгсөн байна. Бидний дэмжигчдийн тоо өсжээ. Бид улс төрийн шинэ хүчин байж болно. Гэхдээ ард иргэд биднийг дэмжиж байна гэдгээ хоёр удаагийн сонгуулиар илэрхийллээ. Бидэнд их урам зориг өглөө.
Бид нэлээд олон хэсэгт манай нэр дэвшигч ялалт байгууллаа. Санал өгсөн гадаадад байгаа иргэдийн 75 хувь нь нэр дэвшигч Д.Энхбатад өгсөн байна. Хоёрдугаарт, манай эвслээс 1.2 тэрбум төгрөгийн зардал гаргасан. Энэ бүх мөнгө хандиваар боссон бөгөөд дийлэнхийг гадаадад байгаа монголчууд шилжүүлсэн. Үүгээрээ бид монголчуудынхаа хандив дэмжлэгээр сонгуулийг амжилттай зохион байгуулж болдог гэдгийг харууллаа. Ард иргэддээ гүн талархал илэрхийллээ.
Д.Энхбат гэдэг хүн ердөө нэг сарын өмнө нэр дэвшинэ гэдгээ мэдээгүй явсан. Нэг сарын өмнөөс л Монгол орноо тойрч, сонгогчидтой уулзсан. Бидний саналыг хүлээж авсан Д.Энхбат танд ХҮН, "Зөв хүн электорат" эвслийнхээ өмнөөс талархсанаа илэрхийлье.
Энэ удаагийн сонгууль бол маш сайн сонгууль боллоо" гэсэн юм.