Итгэмжлэлийн болон тохирлын үнэлгээний байгууллагын үе үеийн ажилтан алба хаагчиддаа энэ өдрийн мэндийг хүндэтгэн дэвшүүлье.
Жил бүрийн 6 дугаар сарын 9-ний өдрийг Дэлхийн Итгэмжлэлийн өдөр болгон олон улс оронд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд энэ жил НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг Итгэмжлэлээр дэмжих нь” уриан дор тэмдэглэж байна.
Дэлхийн улс орнууд нэгдэн 2030 он хүртэлх “Тогтвортой хөгжлийн зорилго”-ыг нийгэм болон эдийн засгийн хөгжлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах гэсэн гурван тулгуурт суурилсан 17 зорилго, 169 зорилттойгоор тодорхойлж, 2015 оны 9 дүгээр сард хуралдсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар баталсан.
“Тогтвортой хөгжлийн зорилго” нь ядуурал, орлогын ялгаатай байдлыг арилгах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай болгох, эрчим хүч, дэд бүтцийн хангамжийг сайжруулах, эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг бий болгох, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, улмаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зэрэг асуудалд анхаарлаа хандуулах дэлхий нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг юм.
Монгол Улсын хувьд Улсын Их Хурлаас 2020 онд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ыг баталж, “2050 онд нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар Азид тэргүүлэгч орнуудын нэг болох” зорилт тавин үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Тогтвортой хөгжлийн зорилго”-ыг хэрэгжүүлэхэд тохирлын үнэлгээний итгэмжлэл болон чанарын дэд бүтцийг бүрдүүлэгч бусад байгууллагууд болох стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээ, зах зээлийн хяналтын байгууллагын үүрэг оролцоо нэн чухал билээ.
Иймд 2017 онд шинэчлэн баталсан Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн үзэл баримтлалын голлохзарчим нь Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн байгууллагыг олон улсын жишигт нийцүүлэн бие даасан хараат бус байдалтайгаар Монгол Улсын Шадар Сайдын харьяанд байгуулсан явдал юм.
Шинэ тутам бий болж буй тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тогтолцоог зөв зохистой хөгжүүлэх замаар бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах, үйлдвэрлэл, худалдааны үр ашгийг нэмэгдүүлэн улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад цаашид дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлье.
Итгэмжлэлийн болон тохирлын үнэлгээний салбарын ажилтнууд болон хэрэглэгчид Та бүхэнд Дэлхийн итгэмжлэлийн өдрийн мэндийг дэвшүүлж, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
ШАДАР САЙД САЙНБУЯНГИЙН АМАРСАЙХАН