Нэгэн бие дотор хоёр өөр зуун явж байх юм. Нэг хүн хэрнээ XIII, XXI зууны хоёр хүн нэг биед шингэчихсэн. Гаднаас нь харахад XXI зууны хүн, дотрыг нь уудалбал XIII зууны хүн гараад ирнэ. XIII зуунд төрөхгүй яав хэмээн өөрийгөө зүхэж явдаг ч юм шиг. Согтчихоод бяр амтагдаад, Чингисийн цус гүйгээд хамгийн түрүүн муусайн хужаа нарыг, дараа нь америк, япон, солонгосыг амьтан болгоно хэмээн дэвэж яваа хүн хааяа хааяа тааралддаг, сошиалд уулздаг. Хилийн чанадад, ялангуяа барууны орнуудад аж төрдөг, тэндээ хавчигддаг, эсвэл эх орноо их санадаг бололтой, согтуудаа наашаа залгаад “Чингис”, “Чингисийн цус” хэмээн халуурдаг нүүр номын найз ч байна.
“Монголчууд түүх рүү ухрахдаа гаргууд” нийтлэлээ үргэлжлүүлэх санаатай логик муутай хэдэн өгүүлбэр дээр хэлхчихлээ. Өршөөгөөрэй.
Шинжлэх ухаанд уран сайханчид тоогоо алдлаа. Түүх бичих нь ч хэмжээ дамжаагүй хөгжлөө. Зохиогоод л байх нь тэр. Сайхан сэтгэлийн үүднээс магтъя гэвэл сайхан түүх зохиочихно. Тэр түүх нь уран сайхны кино, уран зохиолын номтой агаар нэгэн буй. Өөрөө эхэлж уяраад уярал нь уран сэтгэмж болоод цаасан дээр буугаад ард түмэнд хүрчихнэ. Тэр уярлаа эрдмийн зэрэг, эрдмийн бүтээл, ном, кино, уран зохиол, шүлэг, дуу, телевизийн зохиомж, ер нь юу ч болгож болно. Гэнэн цайлган, уран сайханч ард түмэн нь юу л бичнэв, юу л хэлнэв, юу л үзүүлнэв үнэмшээд байх нь тэр.
Хүннү гүрний их хаан Модун шанью “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг!” гэж гэрээсэлжээ гээд л зурагтын улс төр-уран сэтгэмжийн нэвтрүүлгээр явж байх юм. Газар шороо нэрийн дор гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудыг дарамтлахдаа ийм лут афоризм гаргаад иржээ. Гэтэл өөр нэг хувилбар явж байна. Галдан Бошгот тэгж хэлсэн юм аа гээд зарим судлаач биччихнэ. Бурханы шашинт Галдан бошгот бурхныхаа эсрэг ийм үг хэлж гэрээсэлжээ гэх архивын баримт, ном зохиол лав ил болоогүй. Тэгэхлээр зохиочихсон байх магадлалтай.
Ойрадууд нь Галдан Бошготоо магтан дуулна. Халхууд нь Өндөр Гэгээнээ магтан дуулна. Магтан дуулал нь явсаар шинжлэх ухаан руу ороод ирнэ. Эрдмийн зэргийн бүтээл хэд хэдээрээ эсрэгцэн төрнө. Урлаг-уран сайхныг нь ярьж барах юм биш. Хөвөрч өгнө.
Ю.Цэдэнбалд хайртайчууд одоо ид цэцэглэж байна. Төгсгөлдөө орж байж ч магадгүй. Байснаар нь бодитой авч үлдэхэд багадахгүй их архив, ном бүтээл, эх эш сурвалж байгаа. Тэр их хүний ясыг өндөлзүүлэлгүй, нэр төрөөр нь хоол олж идэхгүй байлгавал барав. Хойд дүрийг нь олж тодруулах нь л үлдлээ. Зул унтрахдаа бадамладаг гэдэггүй биш бил үү? Хойд дүртэй болж аваад салсан нь дээр юм шиг байна! Цэдэнбалын хойд дүрийг тодруулах кампанит ажлыг эхлүүлье!
Нэгэнт босгоод ирж чадахгүй хойно Цэдэнбалыг хэлмэгдүүлсэн гэх хэргийг Монголын ард түмэнд хавтгайд нь бүү тохооч хэмээн жилийн өмнө бичсэн дээ. Дахиад тэндээсээ эшилье. Цэдэнбалд хайртайчуудын зоригийг шалгая! Та нарын ял нэхэх хуулийн субъект бол ЗХУКН, одоо түүнийг залгамжлагч гэх ОХУКН гээд Орост бэлээхэн байж байна. Бас гардан гүйцэтгэсэн хуулийн субъект нь КГБ, түүний шууд залгамжлагч ФСБ гэж байгууллага байж байна. МАН-ын дэргэдэх Ю.Цэдэнбалын Нийгэмлэг, Эрдэм судлалын төв–Ю.Цэдэнбалын Академи, Академийн дэргэдэх эхчүүд, эмэгтэйчүүдийн зөвлөл, Ю.Цэдэнбалын ах дүү, төрөл төрөгсөд, Увсын нутгийн зөвлөл, “Юмжаагийн Цэдэнбалын Гал голомт” ТББ-аас хамтран М.С.Горбачев, Е.И.Чазов нарт, ОХУКН, ФСБ-д эрүү үүсгүүлж Олон улсын эрүүгийн шүүхэд өгнө үү. Гомдлыг МАН-ын удирдлагаас дэмжсэн албан бичиг (намаас заавал хийж өгнө гэвэл!) дагалдуулан Нидерландын Хаага хот дахь Олон улсын эрүүгийн шүүхэд явуулахад оройтоогүй байна шүү дээ! Хөдлөгтүн!
Би яг ингэж бичсэн. “Эрүү үүсгүүлэх” гээд хүч оруулчихлаа. Гомдол нэхэж буй субъектын тоог нэмчихлээ.
Цэдэнбалд хайртайчуудын уран сэтгэмж шинжлэх ухаан, урлаг уран сайхан руу халин, хүрээгээ тэлсээр XIII зуунтай холбоод авлаа. Хэлсэн ярьсан, бүтээсэн туурвисан нь хангалттай байсаар байтал тэд нэмж зохиогоод “Цэдэнбал–Чингис” гэсэн түүхэн нэрийн хэлхээ буй болгочихлоо. Одоо тойруулаад мөлжөөд байдаг хэрэг. Марзан ч юм шиг. “Чингисийн дараа мартагдсан Монголыг дэлхийд Цэдэнбал л таниулж өглөө”, “Өнөөдрийн гайхамшгийг бидэнд авчирч өгсөн аугаа тэр хүн”–Энэ ард түмэнд ингээд зохиогоод өгчхөд яг болно гээд ард түмнээ басамжлаад ч байх шиг. Эсвэл зохиогчид нь өөрсдөө таашаал авч, сэтгэлээ зугаацуулахын тулд хэргээр тэгж уран сайханжуулдаг. Уран сайхны хэтрүүлэг тунгаа ямагт бялхуулна.
1984 оны 8 дугаaр сарын 20-нд Цэдэнбал өөрөө ЗХУКН-ын Төв Хороонд бичсэн захидал байна:
–Харанхуй бүдүүлэг, бичиг үсэггүй ядуу малчны хүү Юмжаагийн Цэдэнбал би болбаас үхэшгүй мөнхийн Лениний эх орон болсон аугаа их Зөвлөлт Холбоот Улсаас байнга суралцан найрамдах зөв замыг үүрд сонгон авсан билээ. Суут Лениний эх орон Зөвлөлт Холбоот Улсад болон түүний ленинч Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намд үргэлж үнэнч байсан бөгөөд эцсийн амьсгалаа хүртэл үнэнч байх болно
Надиров.Ш.Г. Ю.Цэдэнбал как политик номоос)
Аль ч утгаар авч үзсэн, бас нэг логик гэж нэг юм байнаа. Москвад, Кремльд, Коммунист Намд нь ийм үнэнч явсан, түүнийгээ андгайлсан (эцсийн амьсгалаа хүртэл үнэнч байна гэжээ!) эрхэм хүн маань гэв гэнэт “Чингисийн тулганд ассан гал унтрах ёсгүй”–Ю.Цэдэнбал болоод явчихдаг нь юу билээ? Сайн мэдэх хүмүүс, дэргэд нь байгсад, ерөөсөө түүхэн үнэнийг нь шүүж авч үзэх аваас, Д.Төмөр-Очирыг Чингис хааны 800 жилийнх нь ойг тэмдэглэснийх нь төлөө улс төрийн үхдэл болгож яллаж байсан тэр марксист удирдагч гэнэт нэг өдөр төрөл арилжаад Чингисийн тулганд ассан гал болоод явчихдаг ёсон байх уу?
Ю.Цэдэнбал, Брежнев нар
Зохионо зохионо гэхэд одоо болоо юм биш үү? Тэр хүнийг доромжлоод байна уу, ард түмнээ басаад байна уу, шинжлэх ухааны баг өмссөн эрхэм түүхч эрдэмтэд ээ! XIII зуун руу ухарч мөрөөдөхөд учир начир, логик холбоо, үгүйсгэлийн үгүйсгэл энэ тэр гэж байх ёстой бус уу, шинжлэх ухааны баг өмсөгчид өө?
Хэрэв Ж.Батмөнх, Д. Моломжамц нар амьд сэрүүн байсансан бол шоронгийн хаалга татуулчих гээд л (арай ч цааз биш байх!) Монголын ард түмнээс ял нэхэгчид санаашраад, тэр хүслээ ч сурталдаад байх шиг. Тэдэнд зориулж түүхэн зарим гэрчүүдийн ярьсныг дэнсэлье. Харийн нутагт цөллөгт зовж шаналж үхсэн гэдэг дээр бодит тайлбар байна. Тэр үеийн БНМАУ-ын хамгийн дотно, ах дүү зөвлөлүүдийн эх орон, коммунизмын эх орны нийслэлд, олон өрөө бүхий орон сууц, тусгай хангамжид, чухамдаа өөрөө хүсэн тэмүүлдэг, өөрөө тангараг өргөсөн хоёрдугаар эх орон, хоёр дахь гэр орондоо, хайрт орос ах нарынхаа халуун өвөрт тэрээр үлдэх амьдралаа өнгөрүүлжээ. Ямар юмных нь цөллөг байх билээ. Хүссэнээрээ орж гарч, идэж ууж, зугаалж, номын хоббигоо хөөж, бас тогооч, жолооч, хамгаалагчтай хангалуун явсныг гэрчүүд ярьж байна.
Тэр үеийн БНМАУ-ын хамгийн дотно, ах дүү зөвлөлүүдийн эх орон, коммунизмын эх орны нийслэлд, олон өрөө бүхий орон сууц, тусгай хангамжид, чухамдаа өөрөө хүсэн тэмүүлдэг, өөрөө тангараг өргөсөн хоёрдугаар эх орон, хоёр дахь гэр орондоо, хайрт орос ах нарынхаа халуун өвөрт тэрээр үлдэх амьдралаа өнгөрүүлжээ.
Ю.Цэдэнбалыг гэр бүлтэй нь цөлж шийтгээгүй, алхам тутамд нь аяыг нь дагуулж, сайн сайхан байлгах гэж Монгол, Зөвлөлтийн эрх баригчид хэрдээ хичээж, тэр болгон нь “авгай”-н ширүүн ааш араншинд нийцэхгүй, даварсаар даварсаар “Алтан загас”-ны эмгэн шиг авирлаж байсан тухай тухайн үеийн НАХЯ-наас Москвад томилогдож ажилласан хурандаа хүн гэрчлэн ярьж байна.
Эхлээд Москвад тусгай харшид амьдруулах гэжээ. Тэр нь Коминтерн-ий нэрт зүтгэлтэн, хятадын хувьсгалч Ван Миний сууж байсан харш аж. Тийшээ орохгүй хэмээн “авгай” тонгочиж, хувьдаа бүрмөсөн суух харш нэхжээ. Тэгэхээр нь Москва орчимд манай ЭСЯ-ны зуслангийн харшийг санал болгожээ. “Авгай” өөрийн болгож худалдаж авна, эс тэгвэл орохгүй гэжээ. Манайхан учирлаж гуйжээ. Улсын өмчийг дур мэдэж худалдахгүй ээ, “авгай” эс зөвшөөрөөд, явж явж нийтийн орон сууцны нөгөө байр таарчээ. Голж шилж явсаар адаг сүүлд нь тийм байран дээр буужээ. Гэхдээ хүүгийнх нь байр, зэргэлдээх байрыг нэмж аваад 6 өрөө болгуулжээ. “Өдөр бүр эх орноо санагалзан цонхоор ширтэж зогсдог байсан” тэрхүү орон сууц шүү дээ.
Гадаад паспортыг нь авч нуучихаад (бие хамгаалагч Л.Нанзад гуайн яриагаар КГБ авч хураачхаад) Цэдэнбалыг Монгол руу явуулахыг нь тушчихсан гэдэг дээр НАХЯ-наас Москвад томилогдож ажилласан тэр хурандаа хэллээ:–“Шал худлаа. Паспорт нь бидэнд байсан, хэн ч устгаагүй, нуугаагүй, хэн ч хураагаагүй” гэж байх юм.
Хүний нутагт баривчлуулж, гэрийн хорионд оруулсныхаа төлөө нулимс унагаж буй тэр үеийн НАХЯ-ны сайд хурандаа генерал С.Лувсангомбо гуайн дурсамж, Москвагаас нууцаар оргуулан Эрхүү, Улаан-Үд, эсвэл Тувад авчраад нууцаар хил давуулан Улаанбаатар руу машинаар авчрах гэж байсан тухай бие хамгаалагч агсных (хурандаа Л.Нанзад) нь харууслын яриа бол зүгээр л матрын нулимс шүү дээ.
“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр Лувсангомбо гуайн ярьсныг үзэхэд, тэрээр “7 дугаар сарын 1” шиг ард түмнийг босговол босгох хүч байсан, НАХЯ-ны сайдын мэдэлд бүх эрх мэдэл, цэрэг цагдаа, зэвсэг байсан, хөдөлгөсөн бол болох л байсан, ганцхан тэгээгүй юм даа гээд мэгшээд гардаг. Нанзад гуайн ярилцлагад “Яршиг зүгээр, даргаа аваад оргочихъё, хоёулаа оргоод Тува ороод ирэхэд...” гэсэн занасан харууссан яриа гардаг.
“Ю.Цэдэнбал дарга өдөр бүр паспорт бэлдсэн үү? Нутагтаа харимаар байна! Одоо явъя гэж уйлж үглэх заримдаа мэгших нь үнэхээр өрөвдөлтэй. Энэ үед хамаг бие нь салганачихсан хүйтэн хөлс нь цувчихсан ямар ч хүн хараад өр зүрх нь эмтрэхгүй байхын аргагүй байдаг байлаа. Би хэдий комиссар хүн ч энэ дүрийг нь хараад тэсгэлгүй уйлчихдаг байсан” – хурандаа Нанзад гуайн дурсамж!
Одоо ингээд ярьчхад би түүхэнд баатраар үлдэнэ гэсэн хувиа хичээх араншин тэр хоёрт илрэх мэт. Ингээд ярьчхад монголчууд ямар ч шүүлтүүргүй хүлээгээд авчихна гэсэн бардам зан бас харагдах шиг. Ер нь монголчуудыг уйлуулаад дуусна гэсэн итгэл ч харагдаж байна.
1984 оны зуны тэр өдрүүд түгшүүртэй, дайны өмнөх нам гүм шиг байсан болгож харагдуулахыг Цэдэнбалд хайртайчууд хэргээр сүр оруулан уран сайхандаж элдэв нэвтрүүлэг, баримтат кино хийж өнөөгийн монголчуудыг ховстоно.
1984 оны зуны тэр өдрүүд түгшүүртэй, дайны өмнөх нам гүм шиг байсан болгож харагдуулахыг Цэдэнбалд хайртайчууд хэргээр сүр оруулан уран сайхандаж элдэв нэвтрүүлэг, баримтат кино хийж өнөөгийн монголчуудыг ховстоно.
Зөвлөлтийн КГБ-г эсэргүүцэж, Монгол дахь Зөвлөлтийн “100 мянган цэрэг”-ийн эсрэг эрслэн босч, ухаан нь 1956 оны Унгарынх шиг зэвсэгт бослого “сэдэж” явсан Лувсангомбо гуайн үгс бол, тэгж ингэж оргуулдаг байж гэх Нанзад гуайн үгс бол ёстой манж үг шүү дээ. Цөмөөрөө Москвагийн өмнө нь номхон зогсон, ёсолж илтгэж, бөхөлзөж (хэрэг дээрээ гөлөлзөж?) байсан хүмүүс тэгж чадах байсан уу? Эрүүл ухаанаар төсөөл дөө. Монголын ямар ч улс төрч Москваг сөрж зогсож чадах байсан уу, тэр үед? Логикоор бод доо!
Одоо ард түмнээсээ гомдол нэхэж буй Цэдэнбалд хайртайчууд тийм дээрээ тулаад тэртээх “1984 он”-ыг эмгэнэл болгож харагдуулах гэж байгаа бол оросуудынхаа эсрэг даруй бос л доо. Оросууд л Цэдэнбалыг чинь золигтуулчихсан байна шүү дээ. Дахин уриалъя! Олон улсын эрүүгийн шүүхийн хаалга өмнө чинь нээлттэй байна! Горбачев, Чазов нарыг амьд дээр нь шүүхэд дуудуул! Манай НАХЯ-ны дэргэд Зөвлөлтийн Улсыг аюулаас хамгаалах хорооны төлөөлөгчдийн газрыг тэргүүлэн 1983-1987 онд ажилласан Всеволод Кузьмич Радченко гэх генерал хэрэв эсэн мэнд байвал Олон улсын шүүхэд өг. Тэр хүнийг заналтайгаар зүхэж яриад ханалаа шүү дээ.
Энэхүү гомдол, занал, харууслыг тодруулахаар би тэр үед Москвад ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр ажиллаж байсан Ж.Энхсайхан гуайгаас лавшруулж асуулаа. Паспортгүй болчихсон гэдэг дээр ярьж байна. Элчин сайд Ц.Гүрбадамд яаралтай үед хэрэглэх хэд хэдэн дипломат паспорт шинээрээ байдаг, түүнээсээ нэг дээр нь гарын үсэг зурж шийтгэн олгоод нутаг руу нь дагуулаад явах уу гэсэн яриа гарах нь гарч байжээ. Нутагт нь явуулахгүй тас хориглоод байсан гэдэгт ингэж хариуллаа. Зөвлөлтийн талд хэлэхгүй авч явбал хүний наймааны гэмт хэрэгт орно шүү гэсэн албан бус анхааруулгыг КГБ өгч байсан гэж байна. Өөрсдөө мэд, аваад явбал аваад яв, харин өвчтэй хүний эрүүл мэндийг Монголын тал хариуцна шүү гэсэн анхааруулга бас өгч байсан гэж байна. Аавыг чинь Монгол руу авч явж ахан дүүстэй нь уулзуулъя хэмээн Элчин зөвлөх Ж.Энхсайхан Цэдэнбалын том хүү Славатай ЭСЯ-нд урьж ярилцсан. Тэгэхэд “Надад бол асуудал байхгүй, гэхдээ наад асуудлаа ээжид тавь, ээж л мэднэ” гэсэн хариу хүү нь өгч байсан, ээж нь болохоор явуулахгүй гэдэг, Монголд эмнэлэг эмчилгээ нойл гээд хавьтуулдаггүй байсан гэж ярьж байжээ.
Эх орноо санаад шаналаад байхад нь хорьж цагдаад явуулахгүй байсан буруутан нь хамгийн түрүүн гэргий нь (А.И.Цэдэнбал-Филатова) байсан болж таарлаа. Зөвлөлтийн КГБ ч зохих хариугаа өгч байсан байх юм. Энд Монголын ард түмний, тэр үеийн төр-засгийн, Ж.Батмөнхийн буруу гэж байна уу?
Гучин жилийн унхиагүй улс төрчид ба өөрсдийнхөө арчаагүйгээс болоод ядууралд нэрвүүлчихсэн, түүнээсээ болоод улс төрчдийг үзэн яддаг, улс төрийг зүхдэг, бас эрх чөлөө нь хэтрээд задгайрчихсан энэ ард түмэнд XIII, XX, XXI зууныг хольж бантагнуулан түүхнээ “Чингис хаан–Цэдэнбал” гэж түүхэн хоёрхон улс төрчтэй Монгол Улс болгож харагдуулах кампанит ажил эмгэнэл болон үргэлжилнэ.
Тээр жил Брежневийг тахин шүтэхдээ “В.И.Лениний үйл хэргийг шууд залгамжлагч” хэмээн нэрлэж шогтож байсан шиг “Чингисийн үйл хэргийг залгамжлагч Цэдэнбал” хэмээн мөд ярих байх шүү. Бэлтгэлтэй байгаарай!
Инээдтэй ба эмгэнэлтэй яа...
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү