Р.Оюун: Хоригдлуудын ихэнх нь багадаа сэтгэл зүйн гэмтэл авсан байдаг
Бид энэ удаагийн ярилцлагын буландаа ШШГЕГ-ын харьяа 421 дүгээр нээлттэй хорих ангийн сэтгэл зүйч, хошууч Рикагийн Оюуныг онцолж байна. Тэрбээр 2002 онд Их засаг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн бөгөөд тус байгууллагад 18 дахь жилдээ ажиллаж байгаа аж. Бид түүний ажил мэргэжил, албаны онцлогийн талаар цөөн хором ярилцлаа.
-Орчин цагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа энэ түүхэн чухал үед таньтай ярилцаж байгаадаа баяртай байна. Ярилцлагынхаа эхэнд таны ажил албаны онцлогийн талаар сонирхож болох уу?
-Хүний амьдралын нэгээхэн чухал хэсэг болсон ажил, амьдралын гараагаа би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эхэлсэн. Хань маань мөн энэ албанд зүтгэсээр өдийг хүрсэн. Бид хоёул мөрдсөөр гоёсон цэргийн алба хаагчид. Манай байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу улс орны дотоод аюулгүй байдлыг хангах, шүүхийн шийдвэрийг нэг мөр биелүүлэх үүрэгтэй. Хэдийгээр амьдралд алдсан эндсэн олон аавын хүүхдүүдтэй тулж ажилладаг ч хамт олныхоо хүч, оюун бодол, тэсвэр тэвчээр, тэнхээ чадал, хүч хөдөлмөрөөр байгууллагынхаа түүхийг бичилцэн явж байна. Манай байгууллагад олон төрлийн мэргэжил боловсролтой алба хаагч бий.
Хорих ангид ажиллаж буй сэтгэл зүйчдийн хувьд хорих ангид үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүмүүжигчдийн сөрөг зан үйлийг өөрчлөх гэсэн чиглэлээр ажилладаг. Тухайлбал, бусад сэтгэл зүйчийн хувьд хүнийг тайвшруулах, тухайлан хандсан асуудлыг шийдэхэд тусалдаг. Харин хорих ангид ажиллаж байгаа сэтгэл зүйчдийн хувьд гэмт хэрэг үйлдээд ял шийтгэгдээд ирсэн хоригдлын зан үйлийг өөрчлөхөд анхаарал хандуулан ажилладаг. Бид жилд дунджаар 700 хүнд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг.
-Хорих анги гэхээр хөндий хүйтэн мэдрэмж төрдөг. Эмэгтэй хүний хувьд хорих ангид ажиллах амаргүй байх?
-Яах вэ хүмүүс янз бүрийн л бодол төсөөлөлтэй байдаг байх. Ялангуяа, зарим уран сайхны кино, тавилтат жүжиг дээр хэтрүүлэг бүхий мэдээллийг агуулсан, бодит бус дүр зураг их гаргадаг. Дотор нь ажилладаг, нөхцөл байдлыг мэддэг хүний хувьд эмзэглэх үе бий. Бид хуулийн хүрээнд ажилладаг. Хуулиас давсан үг, үйлдэл бидэнд үгүй. Мэргэжлийн ёс зүй, хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлага, өргөсөн тангарагтай улс гэдгийг мартах учиргүй. Эрэгтэй хүн, эмэгтэй хүн гэж ялгасан ойлголт байж болохгүй. Бид адилхан алба хаагчид шүү дээ. Яг ижил цалин хангамж, орчин нөхцөлд ажиллаж байгаа. Тэнд харуул хамгаалалтын бие бүрэлдэхүүн үүрэгт ажлаа хийж, цурам хийх ч завдалгүй харуул манаан ажлаа хийдэг. Би албаараа бахархдаг. Мөн одоо ажиллаж буй ажил мэргэжлээрээ ч бахархдаг. Хүний тогтворгүй зан байдал, ухамсар, хүмүүжил, зан төлвийг өөрчлөн хөгжүүлдэг, ухааруулдаг. Эргээд нийгэмд бэлтгэгдэн гарахад нь тусладаг. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад нь тэвнээр тусла” гэж үг бий. Хүний дээдийн зорилго буюу хүн хөгжих гэж энэ хорвоод төрдөг тухай гүн ухаантнууд судар шаштирдаа бичсэн байдаг. Тэгвэл тэр хөгжих гэдэг нь үндсэндээ сэтгэл зүйн үйл явц юм.
Хүний сэтгэл зүйг хөгжүүлэх, дадлагажуулах, багш удирдагч нь болж байгаа хүмүүс бол сэтгэл зүйчид гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Ухаарахгүй байгааг ухааруулах, сэхээрэхгүй байгааг сэхээрүүлэх, гэр бүлийн харилцааг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд бүхий л оюун санаа, ур чадвараа зориулан ажиллаж байгаа хамт олон минь бахархалтай сайхан.
-Ажлаасаа няцаж, шантрах үе байдаг уу?
-Эрчим энергийн хувьд их алдагдалд ордог. Энгийн иргэдтэй ажиллаж буй сэтгэл зүйчид өдөрт 3-5 хүнд ганцаарчилсан зөвлөгөө өгдөг. Харин хорих ангид ажиллаж байгаа бидний хувьд илүү их хүнтэй ажиллах шаардлага үүсдэг. Иймд голдуу сургалтаар сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг. Янз бүрийн авир араншинтай хүнтэй уулзана. Ялангуяа, хорих ял шийтгэгдсэн хүмүүсийн ихэнх нь багадаа сэтгэл зүйн гэмтэл авсан байдаг. Тэдний 70 орчим хувь нь бүтэн өнчин, эсвэл эцэг эх, эмээ өвөөгийнхөө аль нэг дээр, зарим нэгийнх нь бага насанд эцэг эх нь гадаадад байсан гэх мэт гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, анхаарал халамж сул орчинд өссөн байдаг. Эдгээр зүйлс хүнийг сэтгэл зүйн хувьд доголдолтой болоход нөлөөлдөг. Нэгэнт л сонгосон мэргэжил, зүтгэж буй алба минь учир халшрах сөхөө байдаггүй.
-Хоригдож буй хүмүүсийн хувьд засрал хүмүүжил олох нь хэр үр дүнтэй байдаг вэ?
-Бид нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээний үр дүнг тооцохын тулд судалгаа сорилыг байнга явуулдаг. Үйлчилгээгээ үнэлэхийн тулд хүмүүжигчдээс хоригдож эхлэх үеийн судалгаа авч 8-9 сарын дараа нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үнэлэх сорил дахин авахад 70 хувьд нь эерэг өөрчлөлт орсон байдаг. Мөн суллагдах үед нь сэтгэл зүй, зан байдлыг нь үнэлдэг. Ер нь суллагдсаны дараа нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ чухал байдаг. Манай улс энэ тал дээр учир дутагдалтай санагддаг. Нэг удаа манай ангид ял эдэлж байсан хоригдлын ээж нь биднээс хүүхдээ хорих ангиас гаргахгүй байж болохгүй юм уу гэж гуйж байсан. Тэр ээж “Хүүхэд маань гэр орондоо байхаараа хутга дэрлэж унтдаг. Дандаа согтуу ирдэг. Хар тамхи хэрэглэдэг учир бид их айдастай байдаг. Хэзээ босч ирээд хутгалах бол гэж бодохоор л унтаж ч чаддаггүй байсан. Үхтэл үр харам гэж хүүдээ муу санах нь ч хаашаа юм. Гэхдээ энд байхаар сэтгэл амар хааяа эргэлтээр ирж хоол ундыг нь зөөх бол зовлон биш байна” гэж хэлж учирлаж, ярьж байсан. Бид тэдний хүүд болон тэдний гэр бүлд тусалж чадсан. Тэр залууг суллагдах үед судалгаа хийхэд зан үйл өөрчлөгдөх сорил хоёр шат ахисан байсан. Дараа нь ээжээс нь утасдаж асуухад тайван амгалан байгаагаа хэлж, сайн сайхныг хүсэн ерөөж байсан. Бидний ажил үнэхээр утга учиртай ажил шиг санагддаг. Энэ гэр бүлийн хувьд хүүхдээ хоригдохоос өмнө сэтгэл зүйн хувьд цөхрөнгөө бараад байсан юм билээ. Энэ мэт жишээ олон бий.
-Танай ангид ихэвчлэн ямар хэрэг үйлдсэн хүмүүс хоригдож байгаа вэ?
-Нийт хүмүүжигчдийн дийлэнх нь хар тамхины хэргээр ял шийтгэгдсэн байдаг. Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл хэрэглэх шалтгаан янз бүр байдаг. Залуучууд ихэвчлэн сонирхоод хэрэглэсэн байдаг. Бүрэн төлөвшөөгүй байдал нь бас их нөлөөлж байна. Нэгэнт донтсон хойно тэр зан байдлыг засаж залруулахад хэцүү. Өөрсдийн ухамсраараа хар тамхинаас гарахад хэцүү учраас сэтгэл зүйчид мэргэжлийн тусламж үзүүлдэг. Залуучууддаа хандаж хэлэхэд хар тамхи хүний үнэт зүйлс болсон гэр бүл, хайртай бүхнээс, эрүүл мэндээс маш хурдан салгадаг хортой зүйл гэж дахин дахин анхааруулмаар байна.
-Хоригдлуудыг хөдөлмөр эрхлүүлж, түүнд нь таарсан цалин хөлс олгодог гэсэн. Та тэр талаар тодруулахгүй юу?
-Манай анги нээлттэй хорих анги тул хоригдлыг хөдөлмөрт хамруулдаг. Хоригдол нь цалин хөлстэй ажлын байраар хангагдаж, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрөө барагдуулдаг. Нээлттэй хорих ангийн хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар харуул хамгаалалтын зохих хяналтад гэрээгээр аж ахуйн нэгж, байгууллагуудад туслах ажил хийж цалин хөлс авч болдог. Манай ангийн хувьд өнгөрсөн жил хоригдлуудыг гэрээгээр ажлын байраар хангасан. Үүний үр дүнд цалин хөлс, хохирол барагдуулах ажил жил бүр 30-50 хувийн өсөлттэй байна.
-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа. Байгууллагынхаа түүхт 100 жилийн ойг угтан хамтран зүтгэж буй хамт олон, нийт бие бүрэлдэхүүн, ахмад буурлууддаа ойн баярын мэнд хүргэе.
Б.Тамир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин