АН, ХҮН –ын нэр дэвшигчид таван удаагийн мэтгэлцээн зохион байгуулахад санал нэгдлээ
Ардчилсан намын дарга М.Тулгат Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх МАН, ХҮН-ын нэр дэвшигчдэд хандан сонгуулийн үйл ажиллагаа цар тахлын онцгой нөхцөл байдалд богино хугацаанд явагдах учраас нэр дэвшигчид орон нутгийн уулзалтуудаа хамтарсан байдлаар хийх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр бодлогын мэтгэлцээнийг таван удаа явуулж, ард түмэнд хүртээмжтэй байдлаар мэдээллийг өгөх уриалгыг хүргүүлээд байсан билээ.
Энэхүү уриалгын хариуд Зөв хүн электорат эвслээс хариу бичиг ирүүлж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй гурван нэр дэвшигчийг оролцуулсан таван удаагийн мэтгэлцээн нэвтрүүлэгт оролцоход хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийллээ.
Цар тахлын хүрээ хумигдаагүй энэ цаг үед нэр дэвшигчид олон нийтийн радио телевизийн сувгаар шууд мэтгэлцээн нэвтрүүлэгт оролцож, үзэл бодлоо уралдуулах нь иргэд олон нийтэд хүртээмжтэй бодит, тэнцвэртэй мэдээлэл өгөх хамгийн зөв шийдэл юм.
Бусад Ардчилсан улс орнуудад ч аливаа сонгуулийн сурталчилгаанд ийм төрлийн мэтгэлцээн явуулдаг улс төрийн соёл тогтсон байдаг.