Анх 1925 онд Женев хотноо "Хүүхдийн сайн сайхны төлөөх дэлхийн чуулга" уулзалт зохиогдож "Хүүхдийн эрхийн тухай" тунхаглал батлагдсанаар Ирланд, Португал, ОХУ, Армен тэргүүлж, дэлхийн 40 гаруй орон 6-р сарын 1- ний ѳдрийг "Хүүхдийн эрхийг хамгаалах ѳдѳр" болгон тэмдэглэх болжээ.
Үүний дараа 1959 онд 11-р сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталсан ба энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал бусад хүний эрхийн талаарх болон олон улсын эрх зүйн баримт бичигтэй уялдаатай байлаа. Дээрх тунхаглалд “Хүүхэд нь бие бялдрын болон оюун ухааны хувьд төгс боловсроогүй байдлыг харгалзан, түүнийг төрөхийн өмнө ч, төрсний дараа ч тусгай асрамж, хамгаалалтыг, үүний дотор эрх зүйн зохих хамгаалалтыг шаарддаг” гэж заасныг НҮБ анхааралдаа авч хүүхдийн эрхийн тусгай конвенц байх шаардлагатай хэмээн үзсэн байна.
Ийнхүү Хүүхдийн эрхийн тухай конвенц 1989 оны 11-р сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар батлагдаж, түүнд дэлхийн 191 орон нэгдэн орсон нь эдүгээ хамгийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн Конвенц болж чадсан юм.
Манай орны хувьд хүүхдийн байгууллага, хөдөлгөөн анх 1925 оны 5-р сарын 8-нд Их зохиолч Д.Нацагдорж болон тухайн үеийн хүсэл зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар байгуулагдаж байсан түүхтэй.
1952 оноос Монголд анх удаа "Хүүхдийн баярын өдөр"-ийг тэмдэглэх шийдвэр гарчээ. Хүүхдийн эрхийг хамгаалах, энэ тѳрлийн үйл хэрэгт дуу хоолойгоо нэгтгэх зорилготой энэхүү ѳдѳр маань ѳнѳѳдѳр зѳвхѳн баяр тѳдийхнѳѳр хязгаарлагдах болсныг та бид мэдэх тул хойшдоо үндсэн агуулга руу нь чиглүүлэхэд илүү анхаарууштай санагдана.
1995 онд Монгол улсын анхны ерѳнхийлѳгч П.Очирбат "Энэ өдөр зөвхөн хүүхдүүд баярлах нь хангалтгүй бѳгѳѳд тэднийг тээж төрүүлсэн ээж нарыг ч баярлуулах хэрэгтэй" гэж үзэн "Эх үрсийн баяр" болгон тэмдэглэх зарлиг гаргасан байна. Тухайн үед хүмүүс "Эмэгтэйчүүдэд өөрсдийн гэсэн баяр- Мартын-8 бий шүү дээ гэж байсан ч Март-8 бол бүх эмэгтэйчүүдийн баяр, харин 6-р сарын 1 бол хүүхэд төрүүлсэн ээжүүдийн баяр" гэсэн зөвтгөлөөр баярыг хамтатган тэмдэглэх болжээ.
Гэхдээ 2003 оны 5-р сарын 22-нд УИХ-аас 6-р сарын 1-ийг "Эх үрсийн баяр" болгох 1995 оны шийдвэрийг албан ёсоор цуцалж, буцаан "Хүүхдийн баяр" болгосон юм байна. Ингэснээр "Хөдөлмөрийн тухай хууль"-ийн "Бүх нийтээр амрах өдөр"-ийн жагсаалтад 6-р сарын 1-ийг "Хүүхдийн баяр" хэмээн заажээ.
Өхөөрдөм үрсийн баясгалантай инээдэнд хорвоо дэлхий баясан цэнгэсэн, үлэмж ачит ээжийн бүүвэйнд буурал дэлхий уяран хайлсан нарлаг зуны энэ өдөр тохиож байгаа Эх үрсийн баярын мэндийг өнө эртний түүхтэй хөх Монголынхоо үзэсгэлэнт ээжүүд, энхрий үрсэд хүргэхийн хамт нарт дэлхийг уяраан нялхруулах бүүвэйн дуу мөнхөд эгшиглэж, хөөрхөн үрсийн баясгалант инээд хэзээ ч тасрахгүй үргэлжилж байгаасай гэсэн сайхан ерөөлийг дэвшүүлье!
Г.Ганаа