Хүүхдэдээ сайхан болон муухай сэтгэлийг хэрхэн тайлбарлах вэ?
ХҮҮХДЭДЭЭ САЙХАН БОЛОН МУУХАЙ СЭТГЭЛИЙГ ХЭРХЭН ТАЙЛБАРЛАХ ВЭ? (4+ нас)
Бид охид хөвгүүдээ бусдыг хайрладаг, ойлгодог зөв төлөвшилтэй нэгэн болгож өсгөх нь нэн чухал байгааг өдөр тутамдаа санаж сэрж буй биз ээ. Тиймээс өнөөдөр энэхүү сэдвийг онцолж байна.
Эхлээд хүүхдэдээ дээрх хоёр төрлийн сэтгэлийн мэдрэмжийн талаар ярьж өгнө.
Чиний тоглож байсан тоглоомыг хэн нэгэн зөвшөөрөлгүй булааж авбал чамд муухай санагдах уу, сайхан санагдах уу?
Найз нь амттай зүйлээ чамтай хуваалцахгүй ганцаараа идчихвэл чамд гоё уу, муухай юу? гэх мэтчилэн асуудлыг өөр дээр нь жишээлэн хоёр сонголттойгоор ярилцаарай.
Тэгээд, цаасан дээр жижиг болон том дугуй зурж том дугуй дотор нь сайхан сэтгэлийн илэрхийлэл үйлдлүүдийг ярилцан бичээрэй.
Тухайлбал:
- Миний охин/ хүү аяга тавгаа угааж ТУСЛАДАГ
- Дүүтэйгээ тоглоомоо ЭЭЛЖИЛЖ тоглодог г.м
- Байрны үйлчлэгч эгчтэй өглөө бүр мэндэлдэг
Харин жижиг дугуй дотор муухай сэтгэлийн төлөөллийг бичнэ.
Тухайлбал:
- Найзынхаа тоглоомыг булаах
- Дүүгээ түлхэх, цохих, дээрэлхэх
- Хогоо гудамжинд ил хаях
- Үйлчлэгч эгчийн цэвэрлэсэн шалан дээр шууд гишгэж явах г.м (Ном сэтгүүлийн зургуудаас хайчлан хоёр дугуйд тохируулан нааж болно)
Үүнийхээ дараа хоёулаа сайхан сэтгэлийг ТОМ СЭТГЭЛ, муухай сэтгэлийг ЖИЖИГ СЭТГЭЛ гэж нэр өгье гээд дахин ярилцаарай.
“Чамд нэг л чихэр байна. Найз нь надтай хуваагаач гээд гуйхад тоолгүй ганцаараа идчихвэл жижигхэн сэтгэл үү? Том сэтгэл үү?”, “Ээжийнх нь бодлоор зөвхөн өөрийгөө боддог сэтгэл нь жижигхэн сэтгэл, Чи жижигхэн сэтгэлд дуртай юу? Том сэтгэлд дуртай юу?” гэх зэргээр дэлгэрүүлэн ярилцаарай.
Энэ үед хүүхдүүд яриаг маш сайн анхааран сонсдог. Хүүхэд болгон “том сэтгэл” тээж энэ ертөнцөд төрсөн. Заримдаа л том сэтгэлээ жоохон болгох үйлдэл хийчихдэг. Буруу үйлдлээ засахгүй бусдыг гомдоогоод байвал сэтгэл нь жижигрээд л байдгийг хүүхдүүд ойлгож өсөх хэрэгтэй шүү.
Мөн хүүхдийг сайхан сэтгэлтэй нэгэн болгож өсгөх энгийн бөгөөд хамгийн гол арга бол эцэг эхийн “ХАЙР”. Юу байна түүгээрээ дайлдаг гэдэгчлэн хайрлуулж өссөн хүүхэд бусдад хайраа түгээж чаддаг.
Хүүхдээ хайрлаж буйгаа мэдрүүлэх үндсэн аргууд бол түүнд зориулан цаг гаргаж ярилцах, сонсох, тоглох, тэврэх зэрэг юм.
Г. Төмөрзаяа
Хөөрхөн шар шувуу сургалтын төв