Тамга нь албаны болон бусад бичиг баримтыг баталгаажуулах үед ашиглаж ирсэн хэрэгсэл юм. Эрт үеэс тамга хэрэглэж эхлэхдээ цаас, шавар баримал, хөшөө дурсгал, төмөр эдлэл, торго даавуу бүхий зураг сэлт дээр ямар нэгэн дүрсийг бэлгэдэл болгон товойлгож дүрслэн уг зүйлээ тодорхой нэг эзэнтэй гэсэн ойлголт өгөх зориулалттай бүтээгдсэн аж. Эрт үеэс үүрэг зориулалтаараа төрийн болон хувийн компани зэрэгт хуулийн дагуу хэрэглэж буйг нь тамга, хувь хүн өөрийн хүсэл сонирхолд тулгуурлаж, зөвхөн өөрийгөө илэрхийлэх зориулалттай бол тэмдэг гэж нэрлэж ирсэн. Аман ярианд “тамга тэмдэг” гэсэн хоршоо үг ч хэрэглэдэг.
Төрт улс, хот улсууд, улсын хаад, ноёдын хэрэглэх тамга ба энгийн иргэний тэмдэг хоёрын зааг ялгаа үүсч эхэлсэн. Ингэхдээ төрийн тамга нь дорно дахинд дөрвөлжин хэлбэрийг олсон бол, өрнө дахинд дугуй хэлбэр бүхий тамга хэрэглэж байсан. МЭӨ III зуунаас хойш тамга нь даралт дээрээ тухайн орны хэлний авианд тааруулсан үсэг бичигтэй үйлдэх болсон нь өнөө хүртэл тасралгүй иржээ. Харин хувийн тэмдэг нь ямар нэгэн дүрс, билэгдэл, эзэн хүнийг илэрхийлэх бичиг сийлсэн хэдий ч, албаны тамгаас жижиг хэмжээтэй байв.
Тамга мөн шуудангийн зориулттай ба хаягласан эзэндээ зөв хүрснийг, замд нь хэн ч задлаагүйг батлах үүрэгтэй. Тухайлбал илгээж буй захидал дээр лаа хайлуулан дусааж дээр нь тамга дарснаар баталгаатай болж буй хэрэг. Үүнд тусгай тамганаас гадна илгээгч өөрийн хувийн бөгжний дардасыг үлдээх ёс ч бий. Наториот мөн тамга хэрэглэдэг, жишээ нь Их Британид одоо ч төрөөс бүртгэгдсэн тамгыг наториочид хэрэглэдэг. Ялангуяа Азийн орнуудад гарын үсгийг хангалттай нотолгоо гэж үздэггүй, заавал тамга нэхдэг. Бичиг цаас, захидал, гэрээ хэлцэл, бизнис зэргийг тамгаар хүчинтэйд тооцох жишээтэй. Эмийн жорыг эмчийн хувийн тамгаар хүчинтэйд тооцох журам ч ЗХУ ба Монголд бий.
Зүүн Азийн орнуудад тамгыг онцгойлон үздэг. Энэ нь Хятад, Солонгос, Япон, Вьетнам юм. Хятадын Эзэн хаад, тэдний бүлийнхэн “ши” гэж нэрлэх тамга эртнээс хэрэглэх болжээ. Үүнээ хаш зэрэг үнэт чулуугаар үйлдэх боловч бас хатуу модоор, үнэт металлаар хийсэн тамга ч бий. Голдуу дардас нь тэг дөрвөлжин. Хааны тамгыг төрийн нэртэй холбон ихэд дээдлэх явдал Цинь улсын Эзэн хаан Цинь Ши Хуандигаас эхтэй гэдэг. Тэрээр тамгаа өөрийг нь хаан ширээнд суух Тэнгэрийн батламж гэрчилгээ гэж үздэг байжээ. Уг тамгыг хаш чулуугаар хааны зарлигаар бүтээсэн ба "Тэнгэрийн ивээл өнөд мөнх" гэсэн үгийг бичжээ. Тиймээс хожим Хаш эрдэнийн тамгыг (Монголоор Хасбуу тамга гэж нэрлэдэг), Төр залгамжлах эрдэнэ гэж нэрлэх болсон. Цинь гүрэн удаан наслаагүй Хань гүрэн залгамжлахад тамга шинэ гүрний эзэн хааны гарт ирсэн. Үүнээс олон жилийн дараа Зүүн Хань улс мөхөх үеийн үймээнээр Эзэн хааны тамга үрэгдэн алга болжээ. Энэ үеэс эхлэн Хань улсын эзэн хааны суудал, хаш эрдэнийн тамганы төлөөх тэмцэл өрнөжээ. Хятад задарч олон ханлиг үүссэний дараагаас Цинь улсын эзэн хааны тамгыг хятад газар оршиж байсан бүх ханлиг, ванлигууд хуурамчаар үйлдэж, домог яриа зохиож, олон түмний сэтгэлийг татахыг эрмэлзэж байсан байна. Энэ хэрээр тус тамганы үнэ цэнэ улам өсөж, хэн тамгаа үнэмшүүлж чадсан нь ард түмний дунд эзлэх байр сууриа бэхжүүлж байв.
Гэвч дараа дараалан гарч ирсэн хожмын династиуд түрүүний гүрнээ үл зөвшөөрч өөрийн шинэ тамгыг сийлэн хүчинтэйд тооцдог болсон. Чухамдаа энэ сэтгэлгээг ашиглах оролдлогыг Жинь улс, Умард өмнөд төрийн үе, Сүй улс, Тан улс, Таван ханлиг, 10 ванлигийн үе, Ляо улс, Сүн улс,Юань улс, Мин улс, Чин улсууд удаа дараа ашиглаж, тус бүр өөрийн тамгаа үйлдэж байсан юм. Хятадын энэхүү тамгыг хэт үнэлэх ёс, зан заншил, уламжлал Зүүн Азийн зэргэлдээх улс орнуудад хүчтэй нөлөөлжээ.
Хаан хүн төрийн тамга хэрэглэх ёс Чингисийн үеэс Монгол төрийн уламжлал болж, Хубилай хааны үе хүртэл “их хааны тамгыг” хэрэглэж байв. Хубилай хаан ширээнд сууснаасаа хойш өөрийн гэсэн шинэ тамгыг цутган хэрэглэх болсон бөгөөд энэ үеэс Чингис хааны тамга сураг тасарсан. 1271 онд улсынхаа нэрийг сольж, Их Юань улс хэмээх болсон. Пагва ламын зохиосон дөрвөлжин үсгээр бичсэн бичээс бүхий шинэ тамга хэрэглэх болжээ. XVII зууны Монголын түүхийн эх сурвалжууд болох “Алтан товч”, “Шар тууж”, “Эрдэнийн товч” зэрэгт Тогоонтөмөр хаан Бээжингээс зугтахдаа хасбуу тамгаа аваад Монголдоо буцаж ирсэн гэж өгүүлдэг. Үнэндээ энэ нь олон арван жилийн турш ам дамжсан домог юм. Тэр дундаа Тогоонтөмөрийн авч зугтсан тамгыг Чингисийнх байсан гэж домгийн бүр сүр оруулсан.
Чингис хаан тамгатай байсан эсэх нь мэдэгддэггүй. Тамга байсан гэхэд дардас нь хаана ч үлдээгүй. Гүег хааны тамганы дардас бий. Ромын папад бичсэн захидал дээр буй дардаст “Мөнх Тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын Далай хаан зарлиг ил болга иргэн дүр хүрвээс биширтүгэй, аюутугай!” гэжээ. Энэ тамгыг орос дархан Кузьма Гүег хаанд урлаж өгсөн гэхээр лавтай Чингисээс уламжилж ирсэн эд биш. Хубилай дөрвөлжин бичигтэй тамгатай байсан гэх, тэгэхээр Гүегээс ирсэн эд биш. Аюушридара хааны тамга “Умард Юань” гэсэн бичигтэй байсан болохоор Чингисийнх байтугай Хубилайн тамга ч биш.
Юутай ч дээр өгүүлсэн эх сурвалжид бичсэнээр Тогоонтөмөр хаан ханцуйлаад зугтсан гэх Чингисийн ч гэх, Хубилайн ч гэх хасбуу тамга Тайсун хаан, Эсэн тайш нарын хаан ширээний төлөөх дайны явцад алга болсон гэх домог яригдах болсон. Нэлээд хожуу XVI зууны сүүл хагаст ОрдосынБошигт жонон, Буян сэцэн хаан нарын хүмүүс Чингисийн ч юм уу, Хубилайн ч юм уу мөнөөх домог дамжсан тамгыг дахин оллоо гэсэн цуурхал Монголоор нэг таржээ. Буян сэцэн хааны тэрхүү шинэ тамга (лавтай хуурамч) Лигдэн хаанд байсан бололтой. Лигдэнг үхсний дараа хүү Эжэй нь 1634 онд тамгыг Манжийн хаан Абахай сэцэнд аваачиж өгсөн.
Манж нарт Хятадыг эрхшээхийн тулд өөрсдийгөө Чингисийн хойд дүр, Хубилайн удам судар, монголчуудтай төрөл садан гэж тунхаглах шаардлага байлаа. Учир нь чухам ингэж байж Хятадын хаан болох бололцоо нь тэнгэрийн зарлигтай нийцэх учиртай. Нэгэнт Хубилайн хасбуу тамга Абахайн гарт орсон бол тэрээр Монголын хаан гэсэн үг. Ийм итгэлээр Өвөр Монголын 16 аймаг, 49 хошуу шууд л Абахайг хүлээн зөвшөөрч Манжид дагаар орлоо.
Манжийн хаад Бээжинд очсон хойноо Манж Чин гүрний Эзэн хааныг нотолсон өөр тамга хийлгэсэн. Харин мөнөөх Абахайн барьж байсан тамга өдгөө Мүгдэн хотын мүзэйд хадгалагдаж байгаа. Гэвч энэ тамга бас л олон домог дагуулсан. “Цогт тайж” кинонд Лигдэн хаан тамгыг Хөх нуур хавьцаа нэгэн агуйд нууж буйгаар гардаг. Мүгдэнгийн мүзэйн тамгыг зарим өвөр монгол түүхчид хуурамч гээд, жинхэнэ нь Тайваний хоолойн далайн гүнд байгаа гэх. Учир нь 1949 онд гоминданчууд Тайваний арал руу зугтахдаа олон зуун хөлөг онгоц эд зүйл тийш зөөсөн ба үүнээс нэлээд хэд нь далайд живсэн, тэр дотор Чингисийн ч юм уу, Хубилайн ч юм уу, Аюушридарагийн ч юмуу, Лигдэнгийн ч юм уу, Абахайн ч юм уу хасбуу тамга байсан гэх.
Монгол хаадын хамгийн сүүлчийн тамга нь “Шашин төрийг хослон баригч Нарангэрэлт Богд хааны тамга” гэсэн бичиг бүхий эд буй. Үүнийг Лувсангомбо дархан 5 кг цагаан хашаар үйлджээ. Богд хааны зарлигаар Лувсангомбод сар бүр 30 лангийн цалин олгож байсан, харин 1921 оны 7-р сард Ардын засгаас цалинг таслан зогсоожээ. Уг тамга одоо Монгол улсын Эрдэнэсийн санд хадгалагдаж буй.
Өдгөө Зүүн Азийн орнуудад тамга нь ёслол, уламжлал, заншил, бэлгэ тэмдгийн шинж чанартай болон хувирчээ. Өнөөгийн Японы эзэн хааны тамгыг Мэйжи хаанд зориулж 3,5 кг цэвэр алтаар бүтээсэн ба “Японы Аугаа их Эзэн хааны тамга” гэсэн бичээстэй аж. Гэхдээ Эзэн хаан тамгаа алдчихвал ширээнээсээ хөөгдөхгүй төдийгүй олзлон авсан этгээд хаан болохгүй гэх мэт.
Социализмын үед тамганы ач холбогдол эрс багассан боловч хүнд суртлын хүчирхэг зэвсэг болон ашиглагдаж байлаа. Тамгагүй бол хүчингүй, тамгаа зөв газар дарсангүй, үсгийг нь буруу харуулж дарсан байна, бүдэг гарчээ гэх мэт. Тамгыг хуурамчаар үйлдвэл эрүүгийн хариуцлага хүлээнэ. Гэвч Дүгэржав, Сансар Нацагдорж гэх мэтийн тамга хуурамчаар үйлдэн мөнгө цаас иддэг алдартай этгээдүүд байсан, тэдний тухай домог шиг юм хэлэлцдэг байв. Тамганы хүчин чадлыг нам засаг мэднэ, тамгаар биш намзасгийн шийдвэрээр эрх мэдэл эдлэнэ. Энэ утгаар тамганы ач холбогдол тийм ч хүчтэй байгаагүй юм.
1990 оноос монгол тамга дахин хүчээ авав. Төрийн шийдвэрээр албан тушаалаасаа хусагдвал тамгаа аваад зугтчихана. Тамга хаана байна, тэнд эрх мэдэл дагалдана. Хүн нь биш, тамга нь, эзэн нь биш тамга нь эрх мэдэл эзэмшинэ. Ялангуяа төрийн байгууллага, төрийн өмчит байгууллага, компани, олон нийтийн байгууллага гэх мэтийн үнэн чанартаа яг нэрлээдэх гэхээр эзэн субъект нь тодорхойгүй “улсын, олон нийтийн, төрийн, ард түмний, улс төрийн намын, олон нийтийн байгууллагын, төрийн бус байгууллагын…” гэхчлэнгийн хаягтай тамга бол тухайн цаг дор гартаа барьж буй хүний өмч бөгөөд үүнээ дагасан эрх мэдэл тэр бие хүнд хадгалагдана. Мянга нэгэн шөнийн үлгэрт гардаг Жинь хэмээх бирд лугаа адил монгол тамга зөвхөн тухайн цаг дор гарт нь атгагдсан хүндээ л боол мэт зүтгэдэг. Тамга гарт нь байгаа хүнийг шүүх цагдаа, хүчний байгууллага яаж ч чаддаггүй, аяыг нь дагахаас өөр аргагүй. Хүчирхэг эрх мэдэлт Тамга мин уу!
ЖИЧ: Зөвлөлтийн зохиолч Василий Шукшины “Тахиа гурав донгодохоос өмнө” гэсэн бэсрэг туужийг товчхон ярьж өгье.
Ажил тарсны дараа номын санд зохиолын баатрууд амьлан ярьж хөөрцгөөнө. Тэд өөрсдийн дунд Иван дурак байгаад ихэд зэвүүцэцгээнэ. Гэтэл Иван өөрийгөө дурак биш мэтгэнэ. Номын баатрууд түүнд болзол тавьлаа. Маргааш өглөө тахиа гурав донгодохоос өмнө амжаад Бурхантай уулзан өөрийгөө дурак биш гэсэн тодорхойлолт аваад ирвэл цаашид энэ номын санд үүрд оршин байхыг зөвшөөрнө гэжээ. Иван дурак Бурхантай уулзахаар явлаа. Бөөн адал явдал туулсаар үүрээр номын санд эргэж ирэв.
-Бурхантай уулзав уу?
-Уулзлаа.
-Тодорхойлолт бичиг авчирав уу?
-Хийж өгөхөөс татгалсан учир тодорхойлолт авчирч чадсангүй.
-Тэгвэл эндээс одоохон зайл.
-Үгүй шүү. Би тодорхойлолтоос хамаагүй чухал юм авчирсан. Энэ байна, Бурханы тамга! Тамга байхад ямар ч тодорхойлолт бичиг баримт үйлдэж болно!
Баабар
2021.5.31