Дээд шүүх "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатад холбогдох хэргийг прокурорт буцаажээ
"Зууны мэдээ" сонин
Улсын Дээд шүүх өчигдөр /5.28/ "Эрэл” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга асан Б.Эрдэнэбат түүний эхнэр Д.Сэргэлэн нарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ. Улмаар Улсын Дээд шүүх, давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэлтэй байна гэж үзэн, хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны наймдугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцээд Д.Сэргэлэнг гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэсэн нь нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Харин Б.Эрдэнэбатыг бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тус, тус тооцож, нийт долоон жил хорих ял оногдуулсан юм. Мөн Б.Эрдэнэбатаас 20 тэрбум 6 сая 375 мянган төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Баярсайханд олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлаас заримыг нь шалгаж тогтоогоогүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн билээ.