Брэд Питт аавын эрхээ сэргээлээ
Жүжигчин Брэд Питт удаан үргэлжилсэн шүүх хуралдааны дараа хүүхдүүдээ Анжелина Жолигийн хамт асран хамгаалах эрх авчээ. Жоли 2016 онд гэрлэлтээ цуцлуулах өргөдөл гаргасан цагаас асран хамгаалах эрхийн төлөөх тэмцэл эхэлсэн. Энэ хэргийг хянахаар хөлсөлсөн хувийн шүүгч Жон Оудеркирк жүжигчин Питтийн талд шийдвэр гаргасан байна. Улмаар тэрбээр хүүхдүүдтэйгээ хүссэн хугацаагаараа хамт байх боломжтой боллоо.
Анжелина Жоли хамтарсан асран хамгаалалтын шийдвэрийг эсэргүүцээгүй ч “анхаарал татсан асуудлууд байгаа” гэжээ. Шүүх хуралдаанд гэрч, шинжээч, эмч нар оролцсон байна. Жоли хүүхдүүдээ гэрчээр оролцуулахаас татгалзсан.
Питт, Жоли нар 17 настай Пакс, 16 настай Захара, 14 настай Шило, 12 настай ихрүүд Вивьен, Нокс нарын эцэг эх юм. Тэднийг шүтэн бишрэгчид нь “Бранжелина” хэмээдэг бөгөөд 2005 онд “Ноён, хатагтай Смит” киноны зураг авалтын үеэр болзож эхэлжээ. Энэ бол Брэд Питтийн хоёр дахь гэрлэлт байв. Тэрбээр өмнө нь жүжигчин Женнифер Энистонтой хуримлаж байсан бол хатагтай Жоли Билли Боб Торнтон, Жонни Ли Миллер нартай гэрлэж байжээ.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин