Хятадын нөлөө биткойнд хэвээр байна
БНХАУ-ын эрх баригчид санхүүгийн байгууллагууд болон төлбөрийн үйлчилгээ, арилжаа, ердийн гүйлгээг цахимт хэлбэрээр солихдоо криптовалют ашиглахыг хориглосон. Энэ мэдэгдэл биткойны ханш унах шалтгаан болжээ. Биткойн өнгөрсөн дөрөвдүгээр сард түүхэн дээд хэмжээ болох 64829 ам.долларт хүрсэн бол энэ сарын 19-нд 30 хувиар унасан. Энэ бол криптовалютын түүхэнд дөрөв дэх том уналт юм. Биткойны хаалтын ханшид үндэслэсэн өгөгдлөөс харахад 2021 онд 39 чиглэлтэй байсан бол одоо өдөр бүр хоёр чиглэлд таваас дээш хэлбэлзэлтэй байна. Уолл Стрийтийн шинжээчид биткойны хоёр оронтой хэлбэлзэл ойрын хугацаанд үргэлжлэхийг анхаарууллаа. Криптовалютын өгөгдөл боловсруулах “CryptoCompare” компанийн мэдээлснээр 2015 онд биткойны арилжааны 92 орчим хувийг юанийн оролцоотой хийжээ. Гэвч Бээжингийн эрх баригчид 2017 оны арваннэгдүгээр сард орон нутгийн крипто биржүүд болон жетон санал болгохыг хатуу хориглосон юм. Улмаар юань биткоины зах зээлийн ердөө 0.07 хувийг эзлэх болсон. Бээжинд байрладаг блокчэйнд суурилсан венчур капиталын “Sino Global Capital”-ийн гүйцэтгэх захирал Мэттью Грэмийн хэлснээр юанийн хувь хэмжээ буурсан ч дэлхийн биткойны зах зээлд хятад тоглогчид тэргүүлж байгааг илтгэнэ. CNBC-ийн шинжээч “БНХАУ-ын биткойн арилжаа эрхлэгчдийн нөлөө суларсан гэдэг хэтрүүлсэн түүх. Хятадын худалдаачдын нөлөө одоо ч хэвээр байгаа” гэжээ.
КРИПТО БИРЖҮҮД ОФФШОР БҮС РҮҮ НҮҮЖ БАЙНА
БНХАУ-ын Ерөнхий сайдын орлогч Лю Хэ нийгмийн салбарт учрах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд биткойны олборлолт, арилжааг хориглосноо зарласан. Төв Засгийн газар криптовалютыг улс орны санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулах аюултай гэж үздэг. Криптовалютын арилжаа эрхэлдэг “Huobi” фьючерс хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн, биржээр арилжаалах зарим үйлчилгээгээ түдгэлзүүлэхээ мэдэгдсэн. Энэ нь эх газрын Хятад дахь койн олборлох машин, хостингийн үйлчилгээний борлуулалтыг зогсоох бодлоготой холбоотой. Хостинг сайтууд нь үйлчлүүлэгчдийнхээ тоног төхөөрөмжийг ажиллуулдаг ч эзэмшдэггүй. Бээжин биткойны салбарт анхаарлаа төвлөрүүлэхийн хэрээр тус улсад криптовалютын саарал зах зээл үүсэж магадгүй. “Huobi”, OKEx зэрэг крипто биржүүд эх газрын Хятадад лиценз авч чадахгүй тул оффшор бүс рүү нүүсэн. Крипто арилжааны платформууд “Tether”-ээс гаргасан тогтвортой мөнгөн дэвсгэртийг ашиглан койн худалдаж авах, юанийг USDT болгон хөрвүүлэх боломжийг санал болгодог.
“Tether” бол хамгийн алдартай тогтвортой мөнгөн тэмдэгтийн нэг. Үүнийг ам.доллартай нэг нэгээр харьцах үнэ цэнтэй байхаар бүтээсэн юм. Энэхүү зоос нь олон янзын блокчейн дээр байдаг бөгөөд сүүлийн хэдэн жилийн турш арилжааны хэмжээ нэмэгдэж, хөрвөх чадвар сайжирсан байна.
Хятадын криптовалют арилжааны анхны биржийг санаачлагч Бобби Лигийн хэлснээр крипто бирж байгуулахыг хориглосноос хойш хятадууд юанийн шилжүүлгээс татгалзаж, USDT-ийг төлбөрийн хэрэгслээр ашиглах болсон. Өөрөөр хэлбэл, USDT далд валют болж байна.
ЦАХИМ ЮАНЬ ГЭМТ ХЭРГИЙГ БУУРУУЛНА
Криптовалют БНХАУ-ын эрх баригчдад цахим юань нэвтрүүлэх сэдэл өгсөн. Хятадын Ардын банк туршилтын хөтөлбөрийн хүрээнд нь Шэньчжэн, эдийн засгийн шинэ бүс Сюнъань, Чэнду, Сүжоу хотод үндэсний цахим валютаа туршжээ. Энэ нь Хятадын Төвбанкны төлбөр тооцооны анхны цахим системийг бий болгох замд чухал алхам болсон. Цахим төлбөрийн систем нь биткойн болон бусад криптовалютаас ялгаатай нь гүйлгээний нэрээ нууцлахгүй ч хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хамгаалдаг. Гол зорилго нь хувь хүн, хуулийн этгээд, улсын эзэмшил дэх дансанд байгаа бэлэн ба бэлэн бус мөнгийг дижитал токеноор орлуулах юм. Гэхдээ банкны хадгаламж, хувийн дансан дахь үлдэгдэл зэргийг солихгүй гэж Хятадын Төвбанкнаас мэдэгджээ. Үндэсний цахим мөнгөн тэмдэгтийг хэрэглээнд гаргах бэлтгэл ажлаараа БНХАУ бусад орныг хошуучилж байна. Сүүлийн жилүүдэд тус улсад уламжлалт цаасан мөнгөн тэмдэгт болон бэлэн мөнгө хэрэглэх нь эрс багасаж, ухаалаг гар утсаар төлбөр тооцоо хийх системийг маш түгээмэл ашигладаг болсон. Ялангуяа залуус түрийвч эсвэл бэлэн мөнгө авч явахаа больжээ. Үүний оронд тэд “WeChat Pay” болон “Alibaba Group Holding Ltd”-ийн охин компани болох “Ant Financial Services Group”-ийн удирддаг “Tencent Holdings Ltd” компанийн “Alipay” төлбөрийн системийг ашигладаг. Цахим төлбөрийн системд шилжсэнээр мөнгө угаах, мөрийтэй тоглоом болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд ихээхэн тус болно гэж Хятадын Төвбанк мэдэгдсэн байна.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин