Хүүхэд шинэ орчинд орох, гэр бүлийн хэвийн уур амьсгал алдагдах болон амьдралын хэв маяг өөрчлөгдөхөд тэдний сэтгэлзүй, бие махбод, эрүүл мэндэд хүчтэй нөлөөлдөг.
Үүнд, цэцэрлэг сургуульд элсэх, анги танхим болон багш солигдох, шинэ гэрт орох, шинэ аав шинэ ээжтэй болох, тоглоомын өрөө болон хүүхдийн өрөөг өөртэй нь ярилцалгүй шинэчлэх, ганцааранг нь унтуулах, асрагч солигдох, дүүтэй болох гэх зэрэг өөрчлөлтүүд орно. Ялангуяа 3~5 насныхан болон эрэгтэй хүүхэд энэ өөрчлөлтөд таагүй, мэдрэг ханддаг.
Үүний илрэл нь, тухайлбал:
-
Тайван бус унтах
-
Өмдөндөө, орондоо шээдэг болох
-
Уйланхай, гоншигнуур болох
-
Энд тэнд өвдлөө гэх шалтаг ихдэх
-
Хар дарах
-
Хуруугаа хөхөж, хумсаа мэрэх
Ийм үед нь ээж аав, асран хамгаалагч нь түүнд өмнөхөөсөө илүү үр дүнтэй цаг гаргах хэрэгтэй. Үр дүнтэй цаг гэдэг нь энэ тайван байдал алдагдсан хүүхэдтэйгээ тусгайлан тоглох, ярилцах, түүнийг тэврэх, үлгэр ярих, ус агаартай орчинд ойрхон зайд хөтлөлцөн алхах юм.
Шинэ орчин нөхцөл байдлыг тайлбарлан таниулж түүнд дасгах хэрэгтэй. Хүүхэд бүрийн дасан зохицох хугацаа харилцан адилгүй боловч та багадаа 1 сар, ихдээ 6~7 сар хүүхдэдээ бухимдалаа гаргалгүй хамтдаа хичээж хүлээж байж шинэ нөхцөл байдалд дасгана. Тухайлбал, 6 настнууд шинэ орчинд дасах, хүлээн зөвшөөртлөө 6 сар орчим хугацаа зарцуулдаг. Тиймээс сургуульд орсны эхний хэдэн сар хүүхдийг тааваар нь, өөрөөр нь байлгах боломж өгч оюуны ачаалал шаардсан олон төрлийн дугуйлан дамжаанд хамруулахгүй байхыг хичээгээрэй.
Магадгүй энэ хугацааны дараа ч хүүхдэд дараах шинж тэмдгүүд ажиглагдсаар байвал мэргэжлийн хүнээс (багш, сэтгэлзүйч) зөвлөгөө авч үзээрэй. Зөнд нь бүү орхиорой.
Г.Төмөрзаяа
"Хөөрхөн шар шувуу" сургалт, судалгааны төв