Биеэс хор гадагшлуулна гэж юуг хэлдэг вэ?
Биеэс хор гадагшлуулна гэдэг нэг ойлголт байх шиг байна. Үүнтэй холбоотойгоор янз бүрийн зөвлөгөө, бүтээгдэхүүн ч сурталчилж байна. Биеийн хор гээд байгаа тэр зүйл чухам юу вэ?
Хүний биеийг амьдруулж байдаг гол хүчин зүйл бол бие махбодод орших идээний тунгалаг, цус, мах булчин, өөх, яс, чөмөг, дусал бөгөөд эдгээрийг уламжлалт анагаах ухаанд тамир хэмээн нэрлэдэг. Эдгээр тамир нь идэж, уусан хоол ундаар зэрэгчлэн төлжиж, илүүдэл цөвийг гадагш ялгаруулж байдаг.
Нэг үгээр хэлбэл, хүнийг амьд байх хугацаанд бие махбодыг амьдруулахын тулд бие махбодод шимийг авч, цөвийг гадагшлуулах үйлдвэрлэл зогсолтгүй явдагддаг гэсэн үг юм. Тунгалаг, цөвийн боловсролтын явцад шээс, баас, хөлс гэсэн үндсэн гурван том цөв ялгардаг. Энэ бол бодисын солилцооны үр дүнд бий болдог илүүдэл бүтээгдэхүүн.
Тунгалагийн төлжих үйл ажиллагаа хэр сайн байгааг цөвийн ялгаралтаас харж болдог. Жишээ нь, ясны боловсролтын явцад шим нь ясаа төлжүүлээд, цөв нь хумс, үс болж ялгарна. Хэрэв ясны төлжилт муу байвал үсний ургалт муудах, ихээр унах, халцрах, хумс хугарах, ургалт муудах гэх мэт эмгэг илэрдэг. Тиймээс хүний биеийн тунгалаг, цөвийн боловсролтын явцад ялгарч байгаа цөвийг хортой хольж ойлгож болохгүй.
Тэгвэл хордоно гэдэг ойлголтыг юу гэж үзэх вэ?
Хүний бие махбодод гаднаас хортой бодис орсноор хорддог бөгөөд энэ нь хорын эмгэг өвнийг үүсгэдэг. Хорт бодисыг дотор нь эс гүйх хор буюу ургамал, эрдэсийн гаралтай хор, химийн гаралтай эмийн бодис, химийн бүтээгдэхүүнүүд, гүйдэг хор буюу нохой, могой, зөгий зэрэг амьтнаас халдах хор гэж үндсэнд нь хоёр ангилдаг.
Эдгээр хорууд нь хүний биед идэж, ууж байгаа хоол ундаар дамжиж орохоос гадна, арьсны сүв, хамрын сүв амьсгалаар дамжиж нэвтэрснээр бие махбодыг хордуулж хорын өвчлөлийг үүсгэдэг.
Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин