Сонгуулийн санал тоолох хар машины программыг шинэчилж, хүссэн нэр дэвшигчээ ялуулах боломжтой болгон хакердсан тухай маш ноцтой мэдээллийг иргэн Г.Ган-Очир саяхан дэлгэсэн. Тэрээр өөрийн биеэр, өөрийн нүүр царай, дуу хоолойгоор энэхүү мэдэгдлийг олон нийтэд хүргэсэн юм. Түүний баримт нотолгоотой хэмээн үзэж буй мэдээллээр бол манай улс 2012 онд сонгуулийн санал хураалтыг тоолох машиныг Канадаас авчирсан бөгөөд тухайн үед лиценз нь зургаан жилийн хугацаатай байсан. Харин 2018 оноос санал тоолох хар машины үндсэн программыг ашиглах боломжгүй болсон тул Сонгуулийн ерөнхий хорооныхон Мөнхбат, Мөөгий гэх хоёр инженерээр программыг шинээр бичүүлсэн байна. IT-гийн инженер гэж нэр нь дурдагдсан уг хоёр залуу программ шинээр суулгахдаа ямар ч цаасыг уншдаг болгон үндсэндээ хар машиныг өөрсдийнхөө хүссэнээр удирддаг болгочихсон байна. Ингээд тэр хоёр инженер МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн шууд удирдлагад ажиллаж эхэлсэн байна.
Хар машин ямар ч цаасыг шууд уншдаг болгож тохиргоо хийснийг иргэн Г.Ган-Очир ингэж тайлбарласан. “Хүмүүс санаж байгаа бол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Төв аймгийн 88 хэсгийн хороон дээр сонгуулийн санал тоолох машин гацсаны улмаас саналыг гараар тоолсон. Энэ яагаад гацсан бэ гэвэл өмнөх үндсэн программ нь сонгуулийн санал өгөх цаасан дээр бар код байдаг байсан. Тэр бар кодыг далий юм уу, буруу хэвлэх юм бол цаасаа танихгүй, уншдаггүй байсан. Мөнхбат, Мөөгий хоёрын бичиж суулгасан программ бол ямар ч цаасыг уншдаг болчихсон. 2020 оны УИХ-ын сонгууль, мөн орон нутгийн сонгууль ямар ч бар кодгүй цаасаар санал авч, ялуулах нэр дэвшигчийг гаргаж ирсэн” хэмээн ил цагаан шууд мэдэгдсэн.
Түүний мэдэгдлийн дараа Ардчилсан нам албан ёсоор мэдэгдэл гаргасан. АН-ын дарга М.Тулгат “2020 оны УИХ, орон нутгийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн байж болзошгүй асуудал дэлгэгдэж байна. Программ хангамжид захиалгаар нөлөөлж УИХ-ын нэр дэвшигчдээс тодорхой хүмүүсийг ялуулсан гэх хэргийг зургаан сар шалгаад хохирогчгүй гээд хаасан байна. Хэрэв ард түмний сонголтыг МАН луйврын аргаар авсан бол энэ жил Ерөнхийлөгчийн сонгууль явуулах боломжгүй. Мэргэжлийн байгууллага олон нийтийн оролцоотойгоор онц зөвлөл байгуулж энэ асуудлыг тодорхой түвшинд шийдтэл Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах шаардлагыг СЕХ-нд манай намын зүгээс албан ёсоор тавьж байна” гэв. Мөн Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл “МАН төрийн эрх мэдлийг хууль бусаар, луйвраар авдаг жишиг тогтлоо. 2016, 2020 оны УИХ-ын сонгуульд луйвардаж ялсан. Энэ аргаа Ерөнхийлөгчийн сонгуульд хэрэгжүүлж У.Хүрэлсүх луйвраар Ерөнхийлөгч болох нь ээ. Ингээд сонгочихдог юм бол ардчиллаар яах юм бэ. Энэ асуудал ардчиллыг хүсдэг, дэмждэг ард түмнийг хуурсан ноцтой үйлдэл” гэдгийг хэлсэн.
Хэрвээ Г.Ган-Очир гэх энэ залуугийн “МАН-ынхан сонгуулийг луйвардсан, хар машиныг хакердаж хүссэн нэр дэвшигчээ хууль бусаар ялуулсан” гэж хэлж байгаа үнэн бол 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах хэрэгтэй. Өнгөрөгч онд болсон төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын гишүүдийг сонгох сонгууль хууль бус болсон эсэх нь эцэслэн тогтоогдоогүй үед төрийн тэргүүнийг сонгох энэхүү хариуцлагатай сонгуулийг явуулж яавч болохгүй. Сонгогч олон хар машины учир тайлагдтал, нийгэмд үүсээд буй энэ асуудлын үнэн мөн нь хууль шүүхээр тогтоогдсоны дараа итгэл үнэмшилтэйгээр саналаа өгөх нь зүйд нийцнэ. Тиймээс “Олон нийтийн онц зөвлөл байгуулж, асуудал тодорхой түвшинд шийдэгдтэл Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах” АН-ын саналыг зөв гэж үзэж байна.
Яагаад гэвэл сонгуулийн будлиантай холбоотой энэ асуудал нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахыг завдах, үндэсний эв нэгдлийг бусниулах гэдэг маш айхавтар зүйл ангитай байдаг. Хэрвээ МАН-ын нэр бүхий удирдлагууд, түүний туслах гэх нөхөд, мөн нэр дурдагдаад буй инженер хоёр залуу үнэхээр хар машины программыг өөрчилж хакердсан бол төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахыг завдах гэх зүйл ангиар дээд тал нь 16-20 жилийн ял авах хуультай. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа 60 тэрбумын гэх хэрэг гарсан. Уг хэрэгт тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй болон А.Ганбаатар нарын хүмүүс холбогдож Ганбаатар, Сандуй нар тус бүр дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлж, М.Энхболд УИХ-ын даргын суудлаасаа огцорч, Ерөнхий сайд, Их хурлын дарга, намын дарга байсан, мөн Ерөнхийлөгчид нэр дэвшиж төрийн бүх өндөр албанд ажиллаж байсан хүн өнөөдөр сураггүй болсон. Энэ бол 60 тэрбумын хэрэг байсан. Гэтэл одоо 60 тэрбумыг бараг гурав дахин өсгөсөн буюу 175 тэрбумын асуудал сөхөгдөж нийгэмд шуугиан тарьж байна.
“Сонгуульд ялахыг хүссэн нэр дэвшигч МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд мөнгө өгөх шаардлагатай гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд Мөнхбат, Мөөгий гэх хоёр инженерт нийтдээ 175 тэрбум төгрөг өгсөн болохыг нийслэлийн МАН-ын дэд даргаар ажиллаж байсан Н.Алтаншагай батална” гэж иргэн Ган-Очир хэлсэн.
Түүний ингэж мэдэгдсэн үнэн бол, Д.Амарбаясгалан болон МАН-ын удирдлагууд өөрийн удирдлагад ажиллаж буй хоёр инженерт 175 тэрбум төгрөг өгсөн нь хууль шүүхээр батлагдвал маш ноцтой асуудал үүснэ. Монголын төр, засаг төрөө сонгох сонгуулиа ингэж луйвардаад, хар машинаар хакердаад хийчихдэг юм бол ардчилалд асар том цохилт болж ирэх нь мэдээж. Ардчиллын амин сүнс нь ердөө шударга сонгууль байдаг. Сонгууль шударга болохгүй, ард иргэд саналаа луйвардуулж, тэдний эрх ашиг хөсөр хаягдаж хэн нэгэн мөнгөтэй этгээд сонгууль гэх нэрийн дор төрийн эрхийг хууль бусаар худалдаж авбал Монголын ардчилал устаж үгүй болох аюултай. Үүл баатрын хэлснээр луйврын сонгуультай болбол ардчиллаар яах юм бэ гэдэг нь ийм учиртай. Тэгэхээр хар машиныг хакердаж сонгууль луйвардсан гэх энэ асуудлын үнэн мөнийг Монголын хууль шүүх яаралтай тогтоох хэрэгтэй байна. Ардын намын генсек Д.Амарбаясгалан болон түүний туслах, Мөнхбат, Мөөгий гэх хоёр инженер, мөн иргэн Г.Ган-Очир нарыг “Төрийн эрхийг хууль бусаар авахад оролцсон” хэмээх гэмт хэрэгт буруутган шалгасан байдаг. Гэвч энэ хэргийг эзэн хохирогчгүй гэж үзэн прокуророос хаасан гээд байгаа.
Үнэхээр энэ хэрэг хаагдсан уу, хохирогч байхгүй гэх юм тэгвэл саналаа луйвардуулсан Монголын ард түмэн юу болж таарах вэ гэдгийг Х.Баттулга Ерөнхийлөгч онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна. Монголын ардчилалд аюул нүүрлэчихээд байгаа юм биш үү, Ерөнхийлөгч өө. Ер нь тэгээд засаг төрөө цогцлоон байгуулах сонгуулийн эцсийн дүнг хүлээлгэж байгаа, улс орныхоо хувь заяа, ирээдүйг атгуулж байгаа хар машины асуудлыг нэг тийш нь болгож, ард түмний хардлага сэрдлэгт цэг тавих цаг нь болсон. “Хар машин нь хакердсан уу, харанхуй шөнөдөө хуйвалдсан уу” гэдэг үг хүртэл гарсан. Бид үнэхээр засаг төртэй тусгаар улс мөн л юм бол ардчиллын амин сүнс болсон сонгуулийг шударга явуулахад хатуу хууль дүрэмд захирагдах хэрэгтэй.