Ёс зүй гэдэг нь хүний тѳлѳвшил болоод зан суртахууны хэм хэмжээ мѳн. Зүгээр л юуг сайн үйл, сайхан сэтгэл гэдэг, ямар муу зуршилуудаас хол байх нь айж ичихгүйгээр сэтгэл амар амгалан байхын баталгаа гэдэг энгийн ойлголт юм шүү дээ.
Эгэл жирийн хүмүүсийн ёс зүйн хэм хэмжээ нь хов живийн түвшинд яригддаг бол, олны танил хүмүүс болон олон нийтээс сонгогдон тэдний ѳмнѳѳс шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа хүмүүсийн ёс зүйн хэм хэмжээ нь ѳргѳн хүрээнд буюу олон нийтийн түвшинд яригддагаараа ялгаатай. Хэрвээ ѳѳрийгѳѳ бусдаас илүү хэмээн үнэлэн, тэднээс дээд түвшинд байх ёстой хэмээн ойлгож байгаа бол олон нийтэд байнга үлгэрлэн, ёс зүйн хувьд тэднээс илүү сайн байх шаардлагатай гэсэн үг. Үлгэрлэвэл:
-Гадаадад томилолтоор явахын ѳмнѳ хүмүүстай архидан согтуурч, онгоцонд ороод үйлчлэгч бүсгүйн ѳгзгѳнд ичгүүр сонжуургүйгээр хүрч болохгүй.
-Oлон нийтийн газарт согтууран сагсуурч, албан ёсны шаардлага тавьсан ажилтны ѳмнѳѳс салаавч гаргаж, сэлэм эргүүлэн дүвчигнэж болохгүй.
-Хорио цээрийн дэглэмийн үед нэгнийдээ цуглангаа бүсгүйчүүд дуудан хамтдаа уун согтуурч, лифтэн дотор эрээ цээрээгүй бүдүүлэг үйлдэл гаргаж болохгүй.
-Согтуугаар машин жолоодон замын хѳдѳлгѳѳнд оролцоход нь, аюулгүй байдлын зохицуулалтаар зогсоосон замын цагдаагийн ѳѳдѳѳс танхайрч, танил дарга руугаа утсаар залган сүрдүүлж болохгүй.
-Олон нийтийн газар архидан согтуурч ѳѳрийн эрх мэдлээрээ бусдын ѳмнѳ гайхуулан дээрэлхэж бас агсамнаж болохгүй.
-Элдэв тендэр болон бизнесийн үйл ажиллагаанд зуучлагчаар оролцон хэн нэгэнд давуу боломж олгосныхоо тѳлѳѳ авилгал авч болохгүй.
-Ямар ч тохиолдолд ѳѳрийн гэр бүлээсээ гадуур харилцаа үүсгэн нууц амрагтай болж, завхайран самуурч болохгүй.
-Хаана ч хэзээ ч хууль бус аргаар олсон машин бусад эд зүйлс болон хэрэглээгээрээ ил тод гайхуулан баярхаж, бусдын атаархал хорслыг тѳрүүлж болохгүй.
-Хууль бус аргаар олсон мѳнгѳѳрѳѳ гадаадад хүүхдүүдээ сургаж, үл хѳдлѳх хѳрѳнгѳ худалдан авч, тэднийг ѳѳрсѳд шигээ онгиргон сагсуу бас хар тамхи хэрэглэдэг болгож болохгүй.
-Мѳнхийн энэ байдлаараа байх юм шиг бодож, бусдыг дорд үзэн басамжилж, дээрэлхүү байдлаар хандаж болохгүй.
-Тойрон зусардагсадынхаа үгэнд итгэж, ѳѳрийгѳѳ бусдаас ухаантай, бусдаас хѳѳрхѳн, бусдаас авъяастай гэж бодон тэнэглэж бусдын доог тохуу болж болохгүй.
Монголдоо бид энэ байдалд дасч, хэвийн үзэгдэл мэт хандах болсноор ийм хүмүүсийн тэнэглэлүүдийг ѳѳгшүүлж байна. Бид наанаа шоолж байвч, “За даа ингээд тэд нэг их ѳѳрчлѳгдѳхгүй дээ” хэмээн болгоомжлонгүй бодож байдаг. Бид наанаа зэвүүрхэж байвч, ѳнгѳ мѳнгѳнд зусардаж тэдэнтэй эвлэрч байдаг. Бид наанаа “Энэ бүхнийг ѳѳрчлѳх ёстой” гэж бодовч, “Хүчгүй нь хүчтэний ѳмнѳ буруутай” гэдэг арчаагүй бодолдоо дарлуулсаар л байна.
ТЭГЭЭД ЯАХ ЮМ БЭ, гэж үү?
1. Бидний ѳмнѳѳс шийдвэр гаргах эрх мэдэлтэй улстѳрчид болон бусад хүмүүстэй ёс зүйн хариуцлага шаардаж суръя. Гэхдээ улстѳрийн тоглолт болон захиалгат байдлаас ангид шүү дээ.
2. Олон нийтийн сэтгэл зүйд нѳлѳѳлж шуугиан дэгдээж байгаа үйлдлүүдэд коммент бичихдээ ѳѳрсдѳѳ ч бас ёс зүйтэй байж сурцгаая. Доромжлохгүйгээр шүүмжилж, харааж зүхэхгүйгээр сэтгэгдэлээ бичиж, хийрхэж солиорохгүйгээр хандаж байх хэрэгтэй байна.
3. Олон нийтийн ѳмнѳ үлгэр жишээ бус байсан хүмүүсийн дараа дараагийн үйлдлүүдэд ач холбогдол ѳгѳхгүйгээр тэднийг мартаж байх хэрэгтэй байна. Заримдаа тэднийг ѳрѳвдсѳн, үзэн ядсан талцаан тэдэнд ашигтай байдлыг үүсгэж байгааг бид анзаардаггүй.
Энэ бичвэрийг уншаад “Гэнэн тэнэг юм даа, ингээд юу ч ѳѳрчлѳгдѳхгүй дээ” гэж тавлан бодож байгаа зарим хүмүүсийг ойлгож байнаа. Гэхдээ “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг хэлц үг бий. Бид заавал бусдын ѳѳрчлѳгдѳхийг сэтгэл догдлон хүлээлгүйгээр ѳѳрсдѳѳ ѳѳрчлѳгдѳн эхэлж чадна. Хэрвээ юуг ч ѳѳрчлѳхгүй юм бол миний, таны үр хүүхдүүд яах юм бэ? Тэд бидэнтэй адил мухардаж байхдаа бидэнд л гомдоно шүү дээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2021-03-01
Улаанбаатар хот