Улаанбаатарт 491, орон нутагт 48 тохиолдол шинээр нэмэгдэж, дөрвөн хүн нас барлаа
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын тархалтын нөхцөл байдлын талаар мэдээлэв.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 7,520 хүний сорьцод шинжилгээ хийхэд 539 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 52,470 боллоо.
Мөн хугацаанд 485 хүн эдгэрсэн бол дөрвөн хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдлоос 46,338 нь эдгэрсэн бол 248 хүн уг өвчний хүндрэлээр эндээд байна. Өөрөөр хэлбэл, 76 настай эмэгтэй, 64 настай эрэгтэй, 68 настай эмэгтэй, 88 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан. Нас барсан иргэдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье" гэв.
Сүүлийн 24 цагт батлагдсан 539 тохиолдлыг задлан харвал:
- 491 нь Улаанбаатар хотод,
- 48 нь орон нутагт бүртгэгджээ.
Халдварын улмаас 4,091 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн – 2,091
- Хүндэвтэр- 1,357
- Хүнд -528
- Маш хүнд - 115 хүн байна.