АН Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийг хойшлуулах санал гаргалаа
АН-ын "4-11" уулзалт болох үеэр иргэн Г.Ган-Очир МАН-ын удирдлагууд, Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхүүдтэй хамтран 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнг хакердсан баримтыг дэлгэсэн билээ.
Тодруулбар тэрээр: "Өөрийгөө Монгол Улсын төрийн эрхийг хууль бусаар авсан гэх хэргийн гэрч, хохирогч болсон бөгөөд энэхүү хэрэг нь сонгуулийн санал хураах хар машиныг хакердах замаар ард иргэдийн саналыг луйвардсан бодит баримттай, эрүүгийн гэмт хэрэг юм. Энэхүү гэмт хэрэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, МАН-ын нэр бүхий удирдах албан тушаалтнуудын хамт цагдаа, тагнуулын байгууллагаар 6 сарын турш шалгуулсан." хэмээсэн юм.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор АН-ын дарга М.Тулгат, АН-ын дэд дарга Ц.Оюундарь, АН-ын ЕНБДарга Ч.Өнөрбаяр, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нар Сонгуулийн Ерөнхий Хороонд шаардлага хүргүүллээ.
Тодруулбал тэд УИХ, орон нутгийн 2020 оны сонгуулийн дүнг хакердсан гэх асуудлыг шалгаж дуустал Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийг хойшлуулахыг шаардаж буй аж.
Энэ үеэр АН-ын дарга М.Тулгат: ""2020 оны УИХ, орон нутгийн сонгуульд нөлөөлсөн гэдэг нь маш олон жишээ, баримтаар дэлгэгдэж байна. Жишээлбэл: Өчигдөр АН-ын 4.11 хурлын үеэр ярьсан шиг программ хангамжид гаднаас нөлөөлөх байдлаар, захиалгатайгаар УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс тодорхой хүмүүсийг ялуулах үйлдэл явагдсан талаар 6 сар шалгаад, хохирогчгүй хэрэг байна гээд хаасан яриа байна. Хэрэв ингэж ард түмний сонголтыг луйврын аргаар засаж, сонголтонд нөлөөлж байгаа бол өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгууль явуулах нь ямар ч утгагүй. АН-ын зүгээс СЕХ-нд шаардлага хүргүүлж байгаа. Мэргэжлийн байгууллагууд, олон нийтийн оролцоотойгоор, мөн сонгуульд өрсөлдөж хохирсон хүмүүсийн, улстөрийн намууд, бие даагчдын төлөөлөлтэйгээр онц зөвлөл байгуулж, энэ асуудлыг шийдэж, тодорхой болгох хүртэл Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуул гэдэг шаардлагыг тавьж байгаа юм." гэв.