Төрийн банк: Гурван хувийн зээлийн хэрэгжилт ямар байна вэ?
Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд Төрийн банкнаас жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зориулан “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг 2021 оны гуравдугаар сарын 10-наас эхлэн олгож эхэлсэн билээ. Зээлийн явц ямар байгаа талаар Төрийн банкны Иргэдийн банкны зээлийн судалгааны хэлтсийн дарга Э.Батбаяраас тодрууллаа.
Төрийн банкнаас олгож байгаа Ажлын байрыг дэмжих зээлийн явцын талаар мэдээлэл өгөөч?
2021 оны тавдугаар сарын 20-ны байдлаар 15 мянган зээлдэгчийн нэг их наяд 330 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирж, 4,605 зээлдэгчид 198.3 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна.
Зээлийн шалгуурыг зээлдэгчид хэр хангаж чадаж байгаа вэ?
2020 оны хоёрдугаар сараас эхэлсэн цар тахлын улмаас бизнес эрхлэгчдийн ашиг, орлого буурсан. Тиймээс 2018, 2019 оныхтой адил түвшинд борлуулалтын орлоготой байх боломжтой гэж тооцоолон зээл олгож байна.
Иргэд, ААН хөрөнгө оруулалт буюу тоног төхөөрөмжийн зориулалтаар зээл авна гэж их ирдэг. Гэхдээ уг зээлээр зөвхөн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлнэ гэсэн зорилготой байгаа. Манай банк эргэлтийн хөрөнгийг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр зээл олгоно гэж журмандаа тусгасан.
Ажлын байрыг дэмжих зээлийг иргэдэд 50 сая, ААН-д 500 сая хүртэлх төгрөгөөр олгож байгаа. Гэвч зээл хүсэгчид маань өөрийн боломж бололцоог нарийн тооцохгүйгээр 50 сая, 500 саяыг л авмаар байна гэдэг нь хүндрэл үүсгэж байна.
Зээл олголт маш их удаашралтай байна гэсэн гомдол нэлээдгүй байгаа. Шалтгаан нь юу вэ?
Харилцагчид олон банкан дээр давхар хүсэлтүүд өгч байгаа нь их байна. Үүнээс болж банкан дээр хиймэл ачаалал үүсч байгаа. Манай банкан дээр тухайн зээлдэгчийн хүсэлтийг судлаад процесс явагдсаны дараа “Би өөр банкнаас зээл авахаар болчихлоо. Танайхаас авахаа болилоо” гэж байгаа тохиолдол олон байна.
Хөл хорионы үеэр зээл шийдэгдсэн ч хөл хорионы дараа санхүүжилт дууссан учир зээл олгох боломжгүй боллоо гэсэн хариу өглөө гэж олон хүн ярьж байна. Энэ талаар?
Манай банкан дээр ийм байдлаар зээл олгохоо больсон тохиолдол гараагүй. Өнгөрсөн хөл хорионы 28 хоногийн хугацаанд орон даяар Төрийн банкны харилцааны менежерүүд зайнаас ажилласан. Барьцаа хөрөнгийг очиж үзэхээс бусад ажлыг бол зайнаас тасалдалгүй хийгээд явсан.
Төрийн банкнаас олгож буй Ажлын байрыг дэмжих зээлийн хэрэгжилт харилцагч дээрээ ямар байгааг Сонгинохайрхан дүүрэгт хувиараа бизнес эрхлэгч Г.Одончимэгтэй ярилцлаа. Тэрээр “Эко кимчи”, “Бидний бууз, банш” гэсэн брэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Цар тахлын үеэр тэдний үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоогоогүй ч гадуур борлуулалт муудаж орлого багассан учраас өөрт байсан нөөц бололцоогоо дайчилж, нэг ч ажилтнаа цомхотгоогүй, цалингаа цагт нь тавиад явж чадсан байна.
Г.Одончимэг эргэлтийн хөрөнгөө нэмэх зорилгоор Төрийн банкнаас Ажлын байрыг дэмжих гурван хувийн зээл авчээ. 2016 оноос түрээсийн байранд үйл ажиллагаа эхлэхдээ л Төрийн банкны харилцагч болж, түүнээс хойш зээлийн таатай харилцаатай явж иржээ. “Хамгийн гол нь тодорхой нэг банктай сайн харилцаатай, дээр нь санхүүгийн сахилга бат сайтай байвал зээл авахад хүндрэл гардаггүй” гэж тэр хэллээ. Ажлын байрыг дэмжих зээлийг авахаасаа өмнө бичил бизнесийн зээлийн үлдэгдэлтэй байсан бөгөөд шинэ авсан зээлээсээ тэрхүү үлдэгдлээ даржээ.
Зээл авснаас хойш татан авалтаа нэмснээр ачаалал ихэссэн тухай тэр ярилаа. Одоо тэр 8 хүн ажиллуулж, тэдний гэр бүлийн нийт 20 орчим хүний орлогын эх үүсвэр болж байна. Эко кимчигээрээ CU сүлжээг хангадаг, бууз баншаа бүх сүлжээ дэлгүүрт нийлүүлдэг, мөн хувь хүмүүс захиалан авдаг учраас зах зээлийн хувьд санаа зовох зүйл бага аж.
“Төрийн банкны хувьд жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй харилцах тал дээр илүү уян хатан байдаг” гэж тэр ярилаа.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.