АН-аас МАН, ХҮН-д хандан, сонгуулийн сурталчилгааны мөнгөө хэмнэх уриалга гаргав
М.Тулгат даргатай АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд өрсөлдөн оролцож буй МАН, ХҮН-д хандан уриалга гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.
Уриалга
Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгууль Ковид-19 цар тахал дэлхий нийтэд тархан, гамшиг дагуулж буй онцгой нөхцөл байдалд явагдах гэж байна. Халдвар Монгол Улсад эрчимтэй тархаж өнөөдрийн байдлаар нийт 50 000 гаруй иргэн халдвар авч, сүүлийн сар гаруйхны дотор нас барсан хүний тоо 227-д хүрч, хүндэрсэн хүний тоо эрс нэмэгдэж байна. Улс орны эдийн засгийн байдал ч доройтон, олон аж ахуйн нэгж үүд хаалгаа хаан, олон мянган иргэд ажилгүй, орлогогүй болж, ядуурал ихэсч байна. Улсын нийт гадаад өр 2020 онд 32.2 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 15(4.8%) тэрбум ам.доллар, өмнөх улирлаас 969.4 (3.1%) сая ам.доллараар өссөн байна.
Ийм амаргүй хүнд үед Ерөнхийлөгчийн сонгуулийг бид урьдын адил асар олон тэрбум төгрөг төсөвлөж хийхээс зайлсхийн хөрөнгө мөнгө хэмнэх, өвчний тархалтын эрсдэлээс сэргийлэх үндсэн 2 зорилгод чиглүүлэх шаардлагатай байна.
Үүний тулд сонгуулийн сурталчилгааны ажлыг дараах байдлаар зохион байгуулж, хамтран ажиллахыг нэр дэвшигчдэд уриалж байна.
1. Бүх аймаг, сумдад биечлэн хүрч ажиллах боломжгүй тул хэвлэл, мэдээллийн хэрэгслийг ашиглан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр болон Монгол Улсад тулгамдаад буй улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлаарх үзэл бодол, итгэл үнэмшил, бодлогын байр сууриа хямд зардлаар нийт сонгогчдод хүргэхийн тулд телевизийн халз мэтгэлцээнийг 5-аас доошгүй удаа зохион байгуулах /сэдвийг хавсаргав/.
2. Зайлшгүй шаардлагатай аймаг, сумдад нэр дэвшигчид цуг очиж, хамтарсан уулзалт зохион байгуулах.
3. Сонгогчдод харьцуулан үзэх боломж олгох үүднээс сурталчилгааны самбар, тараах материалаа нэгдсэн журмаар нэг хэвлүүлэн засаг захиргааны нэгж, намуудын төлөөлөл орсон хамтарсан бүрэлдэхүүнээр тараалгах. Хэдийгээр бид улс төрийн чиг баримжаа, үзэл баримтлал ондоо ч улс эх орноо хөгжүүлэх гэсэн нэг л эрхэм зорилготой.
Иймд бидний энэхүү уриалгыг хүлээн авч, хамтран ажиллан, Монгол Улсад аливаа сонгуулийн үеэр эсрэг талаа гүтгэн харлуулах ажилд ханцуй шамлан орж, хүч нөөцөө шавхдаг хуучны уламжлалаа хаяж, бодпогын ялгаа, нэр дэвшигчийнхээ онцлог ялгаа, байр суурийг илүү тодотгох чиглэлээр улс төрийн намуудын хамтын ажиллагааны шинэ соёл тогтоох их үйлсийг түүчээлэн манлайлах бидний санаачлагыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.
АРДЧИЛСАН НАМ