Ч.Өнөрбаяр: Би Ц.Элбэгдорж гэж хувь хүнд биш, Монгол төрийн тэргүүнд зүтгэсэн...
АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ч.Өнөрбаяртай ярилцлаа.
СЕХ АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнийг албан ёсоор нэр дэвшигч гэж бүртгэж авсан. Сонгуулийн бэлтгэл ажил ямар шатандаа явна вэ?
Сонгуулийн хуульд заасан хугацаанд бэлтгэл ажлаа хангаад явж байгаа. Нэр дэвшигчийн штаб байгуулах ч юм уу? бусад Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн хүрээнд ямар бэлтгэл ажил хангах ёстой юм, улс төрийн намууд яаж оролцдог юм, тэр хүрээнд л бэлтгэл ажил хангагдаад явж байна.
Нөгөө талаар О.Цогтгэрэл даргатай гэж өөрсдийгөө тодорхойлоод байгаа тэр хэсгийн хувьд, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшүүлэхийг шаардаж, УИХ-ын 8 гишүүн өлсгөлөн зарласны эцэст, УИХ дахь МАН-ын бүлэгтэй хамтран ажлын хэсэг байгуулаад байна. Энэ ажлын хэсгийн шийдвэр ямар нэг байдлаар нэр дэвшилтийг дахиж авч үзэхэд нөлөөлөх болов уу?
Ямар ч нөлөө үзүүлэхгүй. Яагаад гэвэл Сонгуулийн Ерөнхий Хороо бол хараат бус бие даасан байгууллага. Мөн Улсын Дээд Шүүх ч бас хараат бус байгууллага.Улсын Бүртгэлийн Байгууллага мөн л хуулийн дагуу ажлаа хийж байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр хуулийн дагуу ажлаа хийж байгаа бүхий л байгууллагууд холбогдох хүрээндээ шийдвэрээ гаргасан. Эдгээр байгууллагуудын үйл ажиллагаанд хэн нэгэн хөндлөнгөөс нөлөөлөх эрхгүй. УИХ ч тэр, УИХ-д суудалтай намууд ч тэр нөлөөлөх эрхгүй. Нөгөө талдаа Дээд шүүх холбогдох шийдвэрээ гаргасан учраас тийм боломж байхгү гэж харж байгаа. Гэхдээ энэ асуудал явж л байг, яах вэ? УИХ-д суудалтай намууд, эргэлзсэн хүмүүс нь ямар хууль зүйн баримт бичгийг үндэслэсэн юм гэдэг талаар лавлагааг нь аваад, хууль зүйн дүгнэлттэй нь танилцаад явбал үл ойлголцол нь нэг талдаа гарах юм болов уу л гэж бодож байгаа.
АН-ын албан ёсны дарга С.Эрдэнийн хувьд өөрөө нэр дэвшигч учраас, та АН-ын ЕНБДаргын хувьд Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн штабт маш чухал үүрэг гүйцэтгэж, бараг удирдах болов уу? гэж бодож байна. АН энэ сонгуульд ямар бодит зорилт дэвшүүлж оролцох вэ? АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнэд ялах бодит бололцоо бий болов уу?
Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр гэж бий. Уг мөрийн хөтөлбөрийг аудитын байгууллага үнэлээд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Үндсэн Хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд нийцэж байна уу, үгүй юу гэдгийг дүгнэдэг. Аудитын байгууллага дүгнээд шийдвэрээ гаргачихсан. Тиймээс уг мөрийн хөтөлбөрийн хүрээнд л сурталчилгаа, бодлого, нэр дэвшигчийн үг, гэрээ, Ардчилсан Намын дуу хоолой бүгд явах ёстой. Үүнд нийцээгүй, мөрийн хөтөлбөрт байхгүй амлалт яриад явж болохгүй. Ардчилсан намаас нэр дэвшигчийн дэвшүүлж байгаа гол мөрийн хөтөлбөр бол төр өөрөө хариуцлагатай байх ёстой. Тэнгэр оройноосоо цэлмэдэг гэдэг шиг хариуцлага, шударга ёс дээрээсээ эхлэх ёстой гэсэн зарчмын байр суурь байгаа. Мөн иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тал дээр том алхам хийх ёстой. Өнөөдөр зөвхөн улс төрийн намуудаар дамжиж, иргэн хүн улс төрийн эрх чөлөөг эдэлдэг байж болохгүй. Өөр бусад хэлбэрүүдээр иргэн хүн улс төрийнхөө эрхийг хэрэгжүүлдэг, эдэлдэг байдал руу орох ёстой л гэж харж байгаа юм.УИХ-аар хэлэлцэх асуудлуудыг зөвхөн УИХ-ын дарга шийддэг биш, УИХ-ын даргын зөвлөл шийддэг биш, тодорхой иргэд санал санаачилга гаргаад, тойргийнх нь гишүүд дэмжсэн тохиолдолд тухайн асуудлыг УИХ дээр ярьдаг, хэлэлцдэг ч гэдэг юм уу. Аймаг, орон нутаг, нийслэлд гэхэд тухайн сонгогдсон тойргийн төлөөлөгч нар нь, холбогдох дүүргийн юм уу, төлөөлж байгаа иргэд нь санал санаачилга гаргахад тухайн орон нутагтай холбоотой, дүүрэгтэй холбоотой, нийслэлтэй холбоотой асуудлуудыг холбогдох хурал дээрээ ярьдаг, шийдвэр гардаг байх ёстой ч гэдэг юм уу, иймэрхүү өөрчлөлт хийх ёстой. Мэдээж хэрэг АН ардчилал бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа гэдэгт итгэдэг юм.
Хувь хүн эрх чөлөөтэй байгаа бол тэр улс өөрөө өөрийгөө аваад, засаж залруулаад, залуурдаад явж чаддаг. Тийм учраас хувь хүний эрх чөлөөг баталгаажуулах, парламентын засаглалыг тууштай хамгаалах гээд маш олон байр суурь бий. Ер нь иймэрхүү чиглэлүүд рүү мөрийн хөтөлбөрийн үндэс нь чиглэж байгаа.
Ерөнхийлөгчийн сонгуулийн штабыг бүрдүүлэхдээ нөгөө тал буюу УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл тэргүүтэй намынхаа гишүүдийг яаж оролцуулж, хамтарч ажиллах төлөвлөгөө байгаа вэ?
Тэр бол манай намын асуудал шүү дээ. Би өмнө нь хэлсэн. Ардчилсан Нам гэдэг бол зөвхөн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг дээр оршдог нам биш. Ардчиллыг дэмждэг мянга мянган гишүүдийн итгэл үнэмшил дээр байдаг юм аа. Тэр утгаараа Ардчилсан Намыг дэмждэг, Ардчилсан Намын гишүүд, зөвхөн Ардчилсан Намын гишүүд ч биш, ардчиллыг дэмждэг хүмүүсийн итгэлийг, хүлээлтийг бид нар яах вэ? гэдэг үүднээс ойлголцол, зөвшилцөл рүү явах ёстой л гэж харж байгаа юм. Гэхдээ мэдээж зарчмын буюу хуулийн асуудлыг наймаалцаж болохгүй. Хуулийн хүрээнд Ардчилсан Нам ойлголцоод явах ёстой л гэж харж байгаа. Энэ асуудал дээр Ардчилсан Намын шинэ удирдлагууд маш нээлттэй бодлого барина. Ардчилсан Нам дотор манай танай, дайсан нөхөр гэж байхгүй.
СЕХ-д материал өгөхийг оролдох үеэрээ УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг таны тухай: "Ч.Өнөрбаяраа, чамайг нэг өдөр Монголын ард түмэн дүүжлэнэ шүү! Чи Ц.Элбэгдоржийн зөвлөх байхдаа Монголд хонгил байгуулахад хамгийн гол оролцоотой байсан хүн" гэж ярьсан. Энэ талаар та ямар тайлбар хэлэх вэ?
Хувь хүнийхээ хувьд эмзэглээд байх юм алга. Би маш олон удаа янз бүрээр хэлүүлж ирсэн болохоор хувь хүнийхээ хувьд эмзэглээд ч юм уу, өсөрхөөд ч юм уу, дотроо юм бодох зүйл алга. Хүний хийж байсан ажилтай нь холбоотой янз бүрээр шүүмжлэх зүйл байдаг л даа.Тэр бол байх л асуудал. Ер нь би нэг ийм оймс гутлын хэрүүл гэх нь хаашаа юм, маргаан гэх нь хаашаа юм, жижиг сажиг, аар саар юм яримааргүй байна. Хүнтэй холбоотой асуудал яриад байхаар хүн алсын хараагүй болчихдог юм. Ер нь өнөөдөр бид нар том зорилго, нийтлэг эрх ашгийнхаа төлөө л явах ёсто. Харин би биш, ардчиллыг дэмждэг хүмүүс бага зэрэг эмзэглэсэн юм шиг байна лээ. Хүний эрхийн хандлага гэж нэг юм байна шүү дээ. Хүний эрхийн хандлагын эсрэг яриа гаргаж байгаа нь, 21-р зуунд хүнийг дүүжлэнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Дундад зуунд л тийм ойлголт байсан. АН өөрөө хүний эрхийг дэмждэг нам. Ардчилсан Нам цаазын ялын эсрэг нам. Ардчилсан Нам хувь хүний эсрэг бүх юмны эсрэг нам байсан чинь манай намыг удирдаж байсан хү хүний эрхийн эсрэг хандлага гаргаж байгаа нь таагүй сонсогдсон юм шиг байна лээ.Барууны ардчилсан хөгжилтэй орнуудад бол хүний эрхийн эсрэг, эрх чөлөөний эсрэг, ардчиллын эсрэг хандлагатай байснаас болж тухайн хүмүүст улс төрийн хариуцлага тооцдог, огцордог соёл байдаг. Тийм учраас зүгээр тэр талаасаа Н.Алтанхуяг нилээн шүүмжлэлд өртсөн байх. Түүнээс бус би хувь хүнийхээ хувьд тэр хүнд өсөрхөөд, янз бүрийн элдэв юм бодоогүй гэдгийг хариуцлагатайгаар хэлчихэе.
Таныг Ц.Элбэгдоржийн хүн гэж ярьж байгаа анхны тохиолдол энэ биш шүү дээ. Өмнө нь АН-ын даргын сунгааны үеэр УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай мөн таныг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүн, энэ сонгуулийг сонирхолтой болгохын тулд Ц.Элбэгдорж зөвлөхөө явуулсан гэх мэтээр хэлж байсан. Үнэхээр энэ хүмүүсийн ярьж хэлээд байгаа шиг та Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой ажил хэргийн гүнзгий холбоотой, одоо ч хамтарч ажилладаг юм байдаг юм уу?
Би тэр хүний зөвлөхөөр нь таван жил ажилласан. Тэр хугацаанд тэр хүн надаас ямар нэгэн хууль бус зүйл шаардаж байгаагүй. Тэр хүн намайг УИХ-аар чи тэр Шилэн дансны хуулийг батлуул гээд, би оруулж батлуулж байсан. Тэр хүн Монголд хариуцлагын хууль байх ёстой гээд би оруулж байсан. Харамсалтай нь УИХ хариуцлагын хуулийг нь унагаж байсан юм. Тэр хүн авлига, албан тушаалын хэргийг өршөөж болохгүй гээд хориг тавиад, би тэр хоригийг нь УИХ дээр хамгаалаад авч үлдэж байсан. Тэр хүн Нийтийн сонсголын хууль хийх хэрэгтэй гээд хууль УИХ-аар батлуулсан.
Хүний Эрхийн Үндэсний Комисын гишүүдийг сая томилоход томилгооны сонсгол хийлээ шүү дээ. Иймэрхүү маягаар тэр хүн намайг Монголд хэрэгтэй хуулиудыг батлуулахын төлөө чи яв, энэ чиний ажил гэж хэлсэн. Би өөрийгөө Ц.Элбэгдорж гэж хувь хүнд биш, Монгол төрийн тэргүүнд зүтгэсэн гэж боддог.
Тэр хүний итгэл хүлээлгэсэн тухайн хуулиудыг чадлаараа УИХ дээр баталж авч гарахын төлөө хичээж, өөрөөс хамаарах зүйлийг хийсэн гэж хувьдаа боддог. Би тэр хүнийг үзэл санаа, зарчим, үнэт зүйлийн хувьд дэмждэг.Би тэрийгээ хаана ч нуухгүй. Тэр хүнд Монголоо гэсэн сэтгэл байдаг юм байна гэдгийг хамт ажиллаж байхдаа мэдсэн. Наанадаж л БНХАУ-д Монгол Улсын нэг иргэн н.Дамдин цаазлуулах гэж байхад нь Ши Жинпинь даргад захиа бичээд, амийг нь өршөөгөөч, хэлтрүүлээч гээд гуйгаад явж байсан. Монгол Улсыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн таван гишүүнээр цөмийн зэвсэггүй улс гэдэг шийдвэрийг гаргуулаад явж байсан. Цаазын ялыг халаад л зогсож байсан. Тэгээд яах вэ, бид хоёрыг чинь нэг хэсэг нэг нутаг болгох гэж үзсэн. Гэтэл тэр хүн чинь Ховд аймгийнх, би Өвөрхангайнх. Янз бүрийн байдлаар хамаатан садан болгох гэж үзсэн л дээ. Тэгээд тэр нь явахгүй болохоор сүүлд Ц.Элбэгдоржийн хүн гэдэг хаяг надад өгсөн. Тэрэнд би нэг их эмзэглэдэггүй. Тийм учраас би зарчим, үзэл санаа, үнэт зүйл нийцсэн хэнтэй ч гэсэн хамтарч ажиллах ёстой л гэж боддог. Ер нь Монголын нийтлэг эрх ашигтай холбоотой, Монголын ирээдүйтэй холбоотой зөв зүйлийн төлөө бид нар өөр нам хүчин байсан ч, хэн ч байсан хамтардаг байх ёстой. Аль нэг намын гишүүн биш байсан ч гэсэн Ионголд хэрэгтэй зөв санал санаачилга гаргаж байгаа иргэн бүрийн санал санаачилгыг бид нар дэмжиж ажиллаж чаддаг байх ёстой. Заавал бүх зүйлийг өөр дээрээ наах гээд л, өөрсдийгөө мандуулах гээд байх хэрэггүй л гэж боддог юм. Тийм учраас цаашдаа Ардчилсан Нам ч гэсэн зөв зарчим, зөв санаачилгуудыг дэмжиж ажиллах ёстой гэсэн байр суурьтай байдаг.
Үнэхээр Монголын нийтлэг эрх ашиг, зөв зүйлийн талаар сөрөг хүчинтэй, эрх баригч намтай, бусад нам, хүчинтэй бүгдтэй нь л бид нар хүчээ нэгтгэх ёстой гэж боддог. Учир нь хилийн дээс алхаад бид нарыг Монгол л гэж харж байгаа шүү дээ. Энэ нь Ардчилсан Нам тэр нь МАН, ХҮНам ч гэдэг юм уу, энэ нам бус гэж ялгадаггүй. Монголчууд л гэж хардаг. Бид нарыг хардаг, дүгнэдэг өнцөг нь нэг л байхгүй юу. Тэгэхээр бид нар энэ Монголын нийтлэг том ашиг дээрээ нэг байх ёстой. Тэгээд том нийтлэг эрх ашиг, Монголын ирээдүйтэй холбоотой асуудлыг улс төрийн намууд ч юм уу, улс төрчид наймаалцдаг хэрэгсэл болгож болохгүй гэсэн тийм л зарчим, байр суурьтай. Ер нь хэн ч албан тушаалаас төрөөгүй шүү дээ. Бүгдээрээ л Монгол ээжээс төрсөн юм байгаа биз дээ. Тийм учраас насаараа нэг албан тушаалд хадаатай юм шиг аашилж, аягладаг зарчмыг би хувьдаа дэмждэггүй. Хүн хэнтэй ч хамтарч ажиллана. Гэхдээ насан туршид нь тэр хүнийг тэрүүгээр нь овоглодог бол зарчимгүй зүй. Одоо би бараг С.Эрдэнийн хүн болж хувирч байгаа юм байна л даа л даа. Би шүүмжлэл дээр эмзэглээд байдаггүй. Гол нь хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үг, тэр зүйлүүдээрээ л өөрийгөө юу бодож санадаг юм гэдгийг харуулъя гэж боддог юм. Гэхдээ нэг хүн дангаараа их ажлыг бүтээж чаддаггүй юм л даа. Заавал олон хүмүүсийн хүчийг нэгтгэж байж, хамтаараа бүтээдэг. Би бол энэ ирээдүйг өөрчилчих юмсан, Монголын ирээдүйг сайхан болгочих юмсан, маш олон мянган залуучууд байна, тэд нартай хамтарч ажиллах юмсан л гэж боддог. Дараа үеийнхээ залуучуудад бид нар сайныг үлгэрлэж үлдээх ёстой. Монголчууд хүүхдийн хүмүүжил нүд чихээрээ гэж ярьдаг. Түүн шиг бид бас өөрсдөө хийж байгаа үг, үйлдэл, бүх юмаараа дараа үедээ зөв үлгэрлэх ёстой. Дандаа л хараагаад, хэрүүл тэмцэл хийгээд, муу муухайг үлгэрлээд байвал бид нар дараа үедээ ямар өв үлдээх вэ?Хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө санаа зовдоггүй, дүү нарынхаа ирээдүйн төлөө санаа зовдоггүй Монгол аав ээж, ах эгч хаана нь байгаа юм бэ? Бүгд л санаа зовдог шүү дээ. Тийм учраас бид алсуураар аливааг харах ёстой юм болов уу. Тогоо шанаганы хэрүүл хийгээд, оймс гутлын хэрүүл хийгээд, боорцогны зодоон хийгээд байвал Монгол улс том утгаараа хол явахгүй ээ. Тэгээд гадна талдаа Монгол муухай харагдана. Ингэхээр Монголд хэн ч итгэж хөрөнгө оруулалт хийхгүй. Хэн ч Монголтой итгэж харилцахгүй.
Миний асууж чадаагүй, таны хэлэх гэсэн өөр зүйл байгаа болов уу?
Би нэг юманд итгэдэг. Бид нар геополитикийн хувьд хоёр том хүчирхэг гүрний дунд байдаг. Мэдээж бид нар хоёр хөрштэйгээ сайн харилцаатай. Гэхдээ энэ хоёр хөршид болж байгаа бодлого чинь өөрөө бас их зовлонтой шүү дээ. Энэ том хөршийн дунд бид нар зөв бодлого барьж, Монгол Улс цаашаа таван зуун жил, таван мянган жил, өнө мөнх орших баталгаа нь ардчилсан систем, ялангуяа парламентын засаглал.Парламентын засаглал гэдэг нь нэг нам биш. Парламентад суудалтай нэг нам энэ том хүчийг дангаараа сөрж чаддаггүй юм.Тийм учраас АН ч тэр, МАН ч тэр, бусад УИХ-д суудалтай намууд ч тэр Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа. Аль болохоор олон намууд нэг том зорилго дээрээ нэгддэг байж бид нар гадна талаасаа их том дарамтыг сөрж чадна. Түүнээс ганцхан АН ч гэдэг юм уу, ганц МАН бол тэр дарамт, хүчийг сөрөх боломж байхгүй. Ялж, ялагдах нэг хэрэг боловч том зорилгоороо Монгол улс юуны төлөө сөрж байгаа юм бэ? Ямар ачаа дарамт, гадна талаас ирэх ямар шахалтын өмнө зогсож байгаа юм гэдгийг бодож эргэцүүлэх ёстой юм байна лээ. Геополитикийн хувьд ч гэсэн.Тэр утгаараа парламентын засаглал, парламентад олон намууд орж ирж суух гэдэг бол Монгол Улс бие даасан бодлого явуулах, хоёр улсын шахалтад орохгүй байх, хүчирхэг гүрнүүдийн хормойд зүүгдээд амьдардаг жижиг улс гүрнүүд шиг болохгүй байх баталгаа нь гэж хувьдаа боддог.
За баярлалаа.
М.Чойжал