Муу ёрын цагийн, муу ёрын удирдагчдаас ард түмэн зайлах зөнтэй
Хүн төрөлхтөн түвэгтэй цаг үед амьдарч байна. Шулуухан хэлэхэд, энэ цаг үе муу ёрын байна. Зуун жилд нэг удаа болдог тахал дэлгэрлээ. Аахилж уухилсан хүний нийгэм урагшаа мөлхөж байна. Мэдээж хүний оюун ухаан сөхрөхгүй, үзэж тарна, энэ хугацаанд элдвийн л юм үзэх нь тодорхой. Монголчуудын хувьд ийм он жилүүдийг муу ёрын цаг үе гэж нэрлэдэг. Энэ нь Монголын ард түмний оюун санааны онцлогтой холбоотой. Юу гэхээр сэжиглэдэг, сүжиглэдэг ард түмэн юм. Хамгийн гол нь энэ хандлага монголчууд бидний нийгмийн бүх харилцаанд илэрдэг. Тэр байтугай төрт ёсондоо зөн совингоороо ханддаг. Энэ нь зарим ард түмэнд сонин байж ч магадгүй. Гэхдээ ийм л юм, ийм л хандлагаар хэдэн зуун жилийг туулж өнөөдөрт ирсэн болохоор үгүйсгэх боломжгүй.
Монголын ард түмэн муу ёрын цаг үед улс орныг удирдаж байгаа хүнийг муу ёрын удирдагч гэж үздэг юм шүү дээ. Тэр удирдагчийн үед тийм айхавтар зуд болж, тэгээд байдгаа барж билээ хэмээн ярих малчин захаас аваад бий. Тэр байтугай, тэр намын, тэр даргын үед тэгж холер өвчин дэлгэрч сүйрчих шахсан шүү гээд тэр үеийн төртэйгөө холбон зэвүүцэж суудаг юм. Муухай цаг үед улс орныг удирдаж явсан удирдагч зурагтаар яривал таагүй цаг үеийн, ёртой дурсамжууд нь сэдэрдэг, өнөө даргыг бараг зүхдэг ард түмэн. Их үерийн жил Ерөнхий сайдын орлогч байсан нөгөө тэр гэж ирээд ярих нь анзаарагдамгүй боловч олон зуун хүний амь насыг авч одсон аймшигт үерээр түүнийг санаж байгаа нь зөн совин, сэжиг сүжгийн ард түмэн гэдгийн илэрхийлэл. Энэ зөн өнөөдөр яг хэвээрээ байгаа. Цар тахлын энэ хүнд хэцүү цаг үед улам ч сэдэрч, сэжиглэж, зөнгөө сэрээж байж магадгүй.
Өчигдөрхөн нийгмийн сүлжээнд хаврын хуурайшилт, гал түймрийн талаарх мэдээлэлтэй зэрэгцээд өдгөөгөөс арав гаруй жилийн өмнө, яг өдийд Сэлэнгийн Мандалын ойд нисдэг тэрэгтэй сүйрсэн Онцгой байдлын залуусын гунигт түүх олны дунд сэдрэв. Тэдний дийлэнх нь “Одоо энэ нэг томроод яваа дарга тухайн үед Онцгойн асуудал эрхэлсэн сайд нь байсан биз дээ, муу ёрын хүн, том даргаар томилогдох бүрт нь Монголд муу үйл явдал дагадаг...” гэхчлэн бичээд явчих жишээтэй. Тийм ёрын дурсамж сэрээдэг даргад нийгэм мэдээж таагүй хандана. Ийм л зөн мэдрэмжтэй ард түмэн билээ, монголчууд.
Энэ мэт муу цагийн, муу үйлтэй он жилүүдийг муу ёрын цаг үе гэж үзэж, тэр үед улс орныг удирдаж явсан хүмүүсийг олны өмнө гарахаар жийрхдэг байдал өнөөдөр үргэлжилсээр... Өнөөдөр монголчууд урьд хожид байгаагүй хөл хорионд өдөр хоногуудыг өнгөрөөж, ажил үйлс нь доройтож, амьдрал ахуй нь сульдаж байна. Бүх юмны үнэ нэмэгдэж, зээлэнд баригдаж, ажилгүй, орлогогүй бараан байна. Ийм цаг үе түүхэнд муу ёрын гэх тодотголтой үлдэнэ. Ийм хүнд цаг үед улс орныг удирдаад ч байгаа юм шиг, удирдахгүй хаяж гүйгээд ч байгаа юм шиг улстөрчдийг монголчууд муу ёрын үеийн, муу ёрын удирдагч гэж үзэх нь тодорхой. Тийм болохоор тэднээс их болгоомжилж байгаа. Энэ нь зөнгөө мэдэрч удирдагчаа сонгодог монголчуудын уламжлалт сэтгэлгээ.
Монголчуудын энэ зөн нь бөө, шашинд ямар ч хамаагүй, зүгээр л сэтгэл зүйн давуу тал, онцлог. Тиймдээ ч монголчууд төрт ёсны 2000 жилийн түүхийг бүтээсэн. Эртнээс эдүгээг хүртэлх олон зуунд Монголын ард түмэн зөнгөөрөө төрийн толгойд буруу нэгнийг гаргаж байгаагүй. Гарч ирсэн ч тэднээс зайлж, зайлуулж сурсан, зайлах зөнтэй байж чадсан гэж болно. Энэ цаг үед бол зөн совингоо дагаад сонгуулийн системээр муу удирдагчдаас зайлчих боломжтой. Сонгуулиар магтаад байгаа хэрнээ л “Наадхын чинь үед л Монгол тахлын голомтод сөхөрлөө” гэж хандана. Учир нь тэр хүн олны өмнө гарч ирэхтэй зэрэгцээд ард түмний тархинд цар тахлын хүнд үе, төрийн ажлыг хаяад зугтсан дүрүүд тодорно. Энэ бол муухай дурсамжууд сэргэж байгаа хэрэг. Үүнийг л монголчууд муу ёрын цагийн, муу ёрын удирдагч гэж хэлээд байгаа юм. Хүн гэдэг амьтан хүнд хэцүү үеэ дурсаж санах дургүй. Тэр бүү хэл мартахыг боддог. Мартахыг хүсч явааг нь сэдрээсэн хүнд хэн сайнаар хандах билээ... Өнөөдрийн Ерөнхийлөгчийн сонгуулийн логик энэ.
Монголчуудын сэтгэлгээний энэ онцлогийг мэдрэхгүй, мэдэрсэн ч үл тоон доромжлоод байгаа юм шиг үйл явдал энэ өдрүүдэд үргэлжилж байна. “Алсын хараа-2050” гэсэн хөтөлбөр ингэхэд ямар учиртай юм бэ. Маргааш юу болохыг мэдэхгүй байгаа хүн төрөлхтөн, тэр дундаа монголчуудад 2050 оны хөгжлийн бодлого ярих нь, түүнийгээ сурталчлах нь тэднийг дооёолж, тохуурхаж байгаа юм шиг санагдахгүй байна уу. 2030, 2040 оныг алгасах юм уу, өнөөдрийн хүн амын тэн хагас нь наад 2050 оныг чинь үзэх үү. Хамгийн гол нь цар тахалд сөхөрч байгаа энэ үеийнхэнд наад 2050 оны хараа ямар хамаатай, ямар ач холбогдолтой юм. Өнөөдрийн хүмүүст маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги л чухал байна. Өнөөдрийг өлсөлгүй давж, маргааш хүүхдээ яаж сургуульд нь сургах вэ гэдэг л монголчуудад амин чухал болчихоод байна. Тахлыг даван туулсны дараа “Алсын хараа 2030” гэж яривал барав. Тэрнээс маргааш нь тодорхойгүй байгаа ард түмэндээ ийм юм ярих чинь биднийг доромжлоод байгаа юм шиг санагдаад байна аа.
Тахлын үеийн удирдагчдаас зөнгөөрөө салах процесс нийгмийн сэтгэл зүйд явагдчихсан. Удирдагчид даанч нэг анзаарахгүй, мэдрэхгүй яваа бололтой. Муу ёрын цаг үеийн удирдагчдыг ард түмэн муу ёрын дурсамж сэдрээгсэд гэж үздэг, яг ийм л цаг үедээ Монгол Улс, монгол түмэн явж байна. Ард түмэн зөнгөө л дагана даа...