Энэтхэгийн өнөөдрийн нөхцөл байдал бидэнд ямар сургамж өгөв?
Коронавируст цар тахлын хоёр дахь давалгаанд өртөөд буй Энэтхэгт 5-р сарын дундуур нэг өдөрт нас барсан тохиолдлын тоо 12000 давж, ирэх 8-р сар гэхэд нийт нас баралт 1 саяд хүрэхээр байна гэсэн тооцоо гарч байгаа юм байна.
Аливаа гамшиг, хямралын үед улс төрийн манлайлал онцгой чухал үүрэгтэй байдаг гэдгийг яагаад ч юм бид маш сайн ойлгодог болсон болов уу гэж бодож байгаа.
Өнгөрсөн оны 9-р сард коронавируст цар тахлын нэгдүгээр давалгаа дээд цэгтээ хүрсний дараа Энэтхэгийн улс төрийн удирдлагууд нөхцөл байдалд сэтгэл хангалуун байгаа байдал ажиглагдаж, коронавирустэй хийсэн тулаанд ялалт байгуулснаа эрт зарлаж, нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээнүүдийг сулруулсан байдаг. Манайд ч бас улс төрчид ийм шийдвэр дүгнэлт хийж байсан нь тун саяхан шүү.
Тухайлбал энэ оны 1-р сард болсон Дэлхийн эдийн засгийн форум дээр Ерөнхий сайд Нарендра Моди Энэтхэг "шинэ коронавирусийг үр дүнтэй дарах замаар хүн төрөлхтнийг сүйрлээс аварна" хэмээн хүртэл мэдэгдсэн байдаг.
Ийнхүү улстөрчид халдварт цар тахлыг ялсан тухайгаа эрт зарлан тунхагласан нь халдварын эсрэг хэрэгжүүлж байсан хариу арга хэмжээнүүдийг сулруулж, өөрсдийн үйлдвэрлэсэн вакцинаа дотоодын хэрэгцээнд нийлүүлэлгүй, маш их хэмжээгээр экспортолж орхисон явдал (вакцин гадаад харилцаа гэж хэлж яриад байх шиг байгаа юм. Энэтхэг, Орос, Хятад улсуудыг ийм байдлаар буурай хөгжилтэй орнуудад өөрсдийн нөлөөгөө лавшруулсан хэмээн том гүрнүүд дургүйцлээ илэрхийлээд байгаа) өнөөгийн Энэтхэгийн хохирлыг улам бүр нэмэгдүүлсэн байх магадлалтай (Бид хүртэл Энэтхэгт үйлдвэрлэсэн Астразенекагийн Ковишилд вакциныг нь бэлгэнд хүртчихсэн шүү дээ).
Коронавирусийн халдварын эсрэг аюулгүй, үр дүн өндөртэй хэд хэдэн шинэ төрлийн вакцин урд хожид байгаагүй дээд хурдаар хөгжүүлэлт хийгдэж гарч ирсэн. Гэтэл дэлхийн хамгийн том вакцин үйлдвэрлэгч Энэтхэг улс одоо аюултай вирусийн цар тахлын хамгийн хүнд нөхцөл байдалд байгаа нь яагаад ч юм харгис бөгөөд егөөдмөөр хэрэг болоод байна.
Энэтхэгийн Засгийн газрын албан ёсны мэдэгдэлд дурдсанаар өдөрт шинээр халдвар авсан тохиолдлын тоо 380,000 давж, нас барсан тохиолдлын тоо өдөрт 3,400-д хүрээд байгаа аж. Мэдээж хэрэг эдгээр тоонууд маш ноцтой өндөр тоонууд гэж ойлгож байгаа ч бодит хохирол үүнээс ч илүү гарах магадлалтай байна.
Шинэ коронавируст халдварын хоёр дахь давалгааны нөлөөгөөр Энэтхэгийн эрүүл мэндийн тогтолцоо туйлын хүнд байдалд орж байгаа бөгөөд хүчилтөрөгч, эмнэлгийн хэрэгсэл, эм, орны ноцтой хомсдолоос болж улам бүр хүндрэх төлөвтэй болж байна. Тухайлбал өдөрт 2 сая хүчилтөрөгчийн баллон шаардлагатай гэсэн тооцоо байгаа нь дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадлаас хамаагүй давж гарсан байдалтай байгаа юм байна. Мөн эм тариа, ор, амьсгалын аппарат, хувийн хамгаалах хэрэгсэл, коронавирусийн шинжилгээний хэрэгсэл, бусад эмнэлгийн анхан шатны хэрэгслийн хомсдол маш их хэмжээгээр үүсээд байгаа бол асар их ачаалал дор эрүүл мэндийн ажилтнуудын хомсдол бүр ч ихээр бий болоод байгаа бололтой.
Энэтхэг улс өөрийн хүчирхэг вакцин хөгжүүлэх, үйлдвэрлэх төлөвлөгөөгөөрөө бага, дунд орлоготой орнуудад вакцин нийлүүлэхэд дэмжлэг үзүүлсээр ирсэн боловч дотооддоо вакцинжуулалтыг өргөн цар хүрээтэй хийж явуулахад хэцүүхэн бэрхшээлтэй нүүр тулж байна.
Яагаад ийм зүйл болж орхив?
Миний бодол:
Миний ойлгосноор ганцхан зүйл л хэлж чадахаар байна. Ерөөсөө улс төрчдын буруу бодлогогүй шийдвэр л энэ байдлыг бий болгосон гэж харахаар байна.
Өнөөдөр Монгол улсын дотоодын нөхцөл байдал бага гэлтгүй ийм байдалтай байна. Халдвар огт хумигдаагүй шүү. Халдварын шинэ тохиолдлын тоо дөнгөж 300 руу орж ирж байна.
Улс төрчдийн сонгуулийн шоутай холбоотойгоор дахиад огцом өсөхийг одоо хэн ч хэлж мэдэхгүй. Залгаад наадам хийх сураг гарч байгаа. Иргэд олон нийтийг тайвшралд хүргэж, хэнэггүй байдлыг нь дэвэргэх вий. Халдварын эсрэг нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээг сулруулж болохгүй үргэлжлүүлж хэрэгжүүлэх шаардлага байсаар байгаа гэдгийг мартаж болмооргүй байна. Вакцины бүрэн тунд хамрагдсан бол маскгүй явж, хүн хоорондын зай барихгүй байж болох юм шиг ойлголтыг зарим хүмүүс олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, телевиз энэ тэрээр хэлж яриад байх шиг байна. Энэ бол бид Энэтхэгийн алдааг давтана л гэсэн үг болно.
Нөхцөл байдал муудахаас урьдчилан сэргийлэхийн тулд бид Энэтхэгийн жишээнээс сургамж авах ёстой болов уу.
Ойдовын Батгэрэл Ph.D