Өлтийн хөндийг "Сарны гадаргуу" болгосон эмгэнэлт явдалд зориулав
Намираа Бизъяа Засаг Ноён хоёр
Цаг хугацаа өнгөрч зуны сар гарахтай зэрэгцээд Намираа Бизъяаг санах намын удирдлага олширч, Ерөнхийлөгчийн амыг хааж, ходоодыг баярлуулах хүн үнэхээр тэр суманд эрээд ч сураад ч олдсонгүй тул нэгэн билэгт сайн өдөр Засаг ноён Тогоо, орлогч Чойдогоо дагуулан шинэхэн 469 машинаараа бараа сүртэй нь аргагүй Бизъяагийнд морилох нь тэр дээ. Бас бус бэлэг сэлт, архи дарс ганзгалсан нь ойлгомжтой. Тогоо засаг бол эмч мэргэжилтэй бас ч гэж нутаг орондоо нэр хүндтэй, тэр голын сайн хүү учир чамгүй хүндлэгдэнэ. Намираа Бизъяа намын дарга, засаг ноёноо хараад намс намс гэхээс арга гэж үгүй шүү дээ. Засаг ноёд мал сүрэг, өвөлжөө хаваржааны байдлын тухай Бизъяагаас асуугаад сум орны ажил байдлын талаар цухас ярихдаа дээрээс үүрэгтэй, дэргэдээс хянаастай нөгөө том айлчлалын ач холбогдлыг нүдэнд харагдаж, сэтгэлд хоногшихоор ярилаа. Баг бригадын ажил хийж, бас курс дугуйланд сурсан, хариуцлагатай сахилгатай намын хүний хувьд асуудлыг Бизъяа харин сайн ойлгож байлаа. Зочны сөгнөсөн Болор хэмээх хөдөө ховорхон үзэгддэг идээний дээж бас дотор халааж, сэтгэл сэргээгээд нохой Даржаад хандсанаас тэс өөрөөр Засаг ноёндоо шадарлав. Хундага ойртохын хэрээр Бизъяа Засаг хоёрын хэл үг эвлэрэн сайжрах бөлгөө.
Сумын ардын эвийг эвтэйхэн олдог туршлага суусан Тогоо дарга цагаан архи, магтаал үгсээр мялаасаар байгаад банхар Бизъяаг харин ч амархан намируулав бололтой.
Ерөнхийлөгч Очирбатыг сумын төвд биш харин Өлтийн алтны уурхайд дайлах цайлах болсныг уулзалтын эхэнд сонсож гайхаад өөрийн өвөг дээдсийн өвөлжөө, хаваржаа, мал сүргийн бэлчээрийг сүйтгэж буй Эрэл компанийн талаар Бизъяа харин Тогоо засагт торох, эмээхгүй хэлж гомдосныг эс тооцвол яриа хөөрөө ханатай шүү.
Улсын тэргүүнд ч энэ талаар гомдол санал тавина хэмээн Бизъяа халамцсаныг Засаг ноён сум орны нэр төрийг дурдан байж арайхийж татгалзуулав. 6 сарын 10-д гаргаад зусландаа бууж, эртхэн гүүгээ барьж айраг идээгээ исгэж бэлтгэх талаар ч тэр хэд зөвшин тохиролцов. Ажил явдал нь бүтсэнд урам орсон Тогоо засаг ирэх өвлөөс насны эрхээр сум бараадах болсон социализмын үеийн аварга саальчны хаваржаа өвөлжөөг намын анд, намираа Бизъяад өвлүүлэх талаар ч ам алджээ. Хаврын задалсан үүц даруулан болор архи хүртэж, бас ч гэж халамцахдаа Бизъяагийн дайлсан шимийн юмыг нэмсэн Засаг Тогоо орлогч Чойдогоо дагуулан нэлээд оройтож, Намираагийн хотоос хөдөлжээ.
ДУУЛИАНТ АЙЛЧЛАЛ БА ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨСӨН "БУХ"
Намын даалгавар биелүүлэх Намираа Бизъяагийн үүрэг хөхүүрийн айраг исгэх үйл хямд амар биш байлаа. Айраг исгэсэн айл бүү хэл унагаа уясан нь байгаагүй тул хөрөнгө залаад хийчих арга чарга олдсонгүй. Бизъяа тоотой үлдсэн хэд хоногт хөхүүрийн айраг исгэх гэж эхнэрийн оронд арай өвөртөлсөнгүй, өглөө оройгүй бүлж, аргадаж арчилж, тордож тойлж байж арай гэж нэг юм болгов.
Товлосон өдөр ч ирж, сумын төв хөл хөдөлгөөнд умбав. Түгээ овоо, Долоон даваанд харуул гаргаж, тосох угтах хүмүүсийг томилсон гэнэ. Мөнгөн аягатай сүү, хадаг яндар Ерөнхийлөгчид барих зүс царай хөөрхөн, бие галбир, нуруу туруу тэгш залуухан багш бүсгүйг бас тодруулсан байна. Эрхэм зочдыг Нарийний гол гарах үед дохио зангаа өгч, сумын дарга эрхтэн дархтан бүгд угтах-үдэх өндөрлөгт цуглах гэнэ. Дунд сургуулийн 6-12 дугаар ангийнхан жагсаж хүндэтгэн, гуулин хөгжмийнхөн ая дуу марш бас эгшиглүүлэх юм байх. Өчигдөр орой Засаг Тогоо холбогдох бүх дарга цэргийг цуглуулж, хариуцлагатай үүрэг даалгавар өгснөөс гадна Ерөнхийлөгчийн ирэх замд Хадан хошуу орчмоор 4 төрлийн хариулгатай мал сүрэг бэлчээрлүүлэх, сумын төвийн балгууш нарыг зочдын замаас зайдуу барих, Өлтийг зорих нинжа нарын замыг 7 хоног хаах даалгавар багийн дарга нар болон Цагдаагийн хэлтэст өгсөн гэнэ. Хүч нэмэгдүүлсэн эргүүл аймгаас бас гарсан юм байх. За тэгээд сум орчноо, хог тоосоо цэвэрлэх их ажил төв тойроод 7 хоног үргэлжилсэн тул хүн бүхэн зав зайгүй ажээ. Өглөө эрт гэгч нь Засаг орлогч Чойдог Намираагийнд ирж, Өлтөд аваачих айраг, идээ ундааны талаар чиглэл өгч, дунд сургуулийн эрэгтэй, эмэгтэй багш нар 9 цаг гээд дайрч ирж авах тул бэлэн зэлэн байхыг үүрэгдээд яаран буцаж одов. Бизъяаг багш нарын хамт өглөө Өлт өгсөхдөө дурандахад даваа орчим туг далбаа, бөөгнөрсөн хүмүүс л бараантан харагдсан гэнэ.
Өлтөд багахан суурин болон төвлөрсөн Эрэл компанийн алтны уурхай дотроо бас тохилогхон юм аа. Эзэд дарга нарын нь түр байрлах сууц, буудал, хоолны гуанз, амрах алжаал тайлах өрөөнүүд гээд манай суманд л лав байхгүй тансаг газрууд харагдана. Харуул хамгаалалт гэж муухан цэргийн ангиас дээр юм. Идээ будаатай ирсэн бид зочдод зориулан засах бэлтгэх ажилдаа Эрэлийн гуанзны хүүхнүүдтэй хамсан шуурхайлан орлоо. Зочдыг сумын төвөөс хөдлөх орчим нохой Даржаа мотоциклтэйгээ хурдлан ирж хэл өгөх юм гэнэ.
ДУУЛИАНТ АЙЛЧЛАЛ БА ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨСӨН "БУХ"
Үд хэвийхийн алдад нохой Даржаа довтолгон ирж, зочид сумаас гарсныг дуулгав. Удаж төдөлгүй Эрэлийн эзэн Эрдэнэбат энүүхэндээ гэхэд миний үзээгүй нөгөө мундаг америк байлдааны машинтайгаа дагуул даамлуудаа манлайлан шур хийгээд буув. Эзэн ёсоор Эрэлийнхэн бас газар дээр нь угтах ёстой гэнэ. Зочдыг түр байрлуулах өрөө, уулзалтын заал, гуанзаар Эрдэнэбат захирал шалгалт хийж бараг дуусаагүй байхад нөгөө хэд аль хэдийн хаяанд морилов. Ойрд үзээгүй олон машин тэрэг, хүн зон, дарга сайд нарын барааг хараад Бизъяа бараг тархи толгой нь эргэн балартав. Нэг харахад осолтгүй л аймгийн дарга Батмөнх харагдаад гар барих гэсэн үү наашилж үзэгдтэл нөгөө хавирга Лхагва хоорондуур хүмүүстэй чихээд тоший шог.. Батмөнх дарга өнгөрдөг намар манайхаар бууж сууж тухлаад нам, сумын ажлын талаар бид хөөрөлдөж сайхан танилцсан юм л даа. Эсгий хийх газар нохой хэрэггүй гэж энэ Хавирга бас юундаа чихэлдээд уралдаад, дайраад давшлаад буйг ер ойлгосонгүй. Ийнхүү нэг хэсэгтээ байдал арай намжиж, эрхэм зочид зоогонд морилох цагаар Намираа харин намын даалгавар, найрын идээ цагаагаа гэнэт санан угсхийв.
Тусгайлан бэлтгэсэн найман ханатай уянга цагаан гэрийн хойморт дүр нь аль хэдийн танил болсон банхан хамартай, барзгар нүүртэй Ерөнхийлөгч маань гэгээн дүрээрээ заларч сууна аа.
Түүний баруун гарт манай Тогоо засаг, зүүн гарт нь бодвол түүний эхнэр нь бололтой ганган бүрх духдуулсан, торгон дээлтэй малигар цагаан хүүхэн ардаа хэдэн бүсгүйчүүдэд түшүүлэн их л намбатай морилох ажээ. За тэгээд аймгийн Засаг ноён Батмөнх гээд таних танихгүй хүмүүс суух нь нүд эрээлжлүүлнэ. Бизъяа бантаж яараад арай л сөнч бүсгүйг дайрсангүй тэр чигтээ зүтгэн айргийн сөнд ойртон үзвэл харин тэр нь амсар дүүрэн бялхаж харагдав. Намч үнэнч намираа Бизъяа сая л нэг амьсгаа авч гол зочны зүг хүүхэд адил сониучирхан хараа бэлчээв. Ард олноо хээ шаагүй хэмээн алдаршсан Ерөнхийлөгч маань ойр тойрны хүмүүстэй энгийн сайхан яриа хөөрөө өрнүүлж буй бололтой. Хултай айргийг шимэн таашааж, хөхүүрийнх гэдгийг сонсоод ихэд урамшин магтахад Бизъяа манай айраг юм шүү хэмээн арай л хашгирсангүй бугуйгаа чимхэв. Энэ зуур Ерөнхийлөгч маань ам нээж, "түрүүчийн амссан сарлагын айраг гэдэг чинь харин урьд өмнө сонсоогүй сонин содон эд байлаа. Амт шимт сайхан идээ билээ" гэв. Тогоо засаг хажуугаас сарлагын айргаа дахин барь хэмээн сөнч бүсгүйд дохиход Очирбат гуай "би харин адууны сайхан айраг шимж сууна. Манай эхнэр Цэвэлмаа болон бүсгүйчүүдэд барь даа" хэмээн бувтнав. Хашир орлогч Чойдог юмыг яаж мэдэх вэ гэж Шурангын хэдэн саальчдаар сарлагын цээдэм исгүүлснийг сая харин олж мэдэв. Сөнч бүсгүй засаг ноёны зангаа дохиогоор бас шимийн хийгээд хар архи, бор дарс зогсоо зайгүй хөврүүлнэ.
Очирбат дарга ер тоосон шинжгүй өгсөн болгоныг бараг хөнтрөөд өөх алагласан ууцны махаар даруулангаа "Пэлжээ сайд аа сайн сайхныг ерөөе. Тавтай сайхан аялж явна уу. Ядраагүй биз ээ. Та энэ Эрдэнэбатад ч ёстой Халхын хаана ч байхгүй сайхан ордыг зааж өгсөн байна. Хүрз хишгээд л бурзайж буй биз ээ. Олборлолтын зардал ч бараг ноль шүү дээ хэ хэ хэ"гээд Таны төлөө энэ хундагыг барья хэмээн нас ахисан өвгөжөөр буурал эрд хандав.
Аа нөгөө СнЗ-ийн орлогч дарга асан Пэлжээ гэгч нь энэ юм байна хэмээн Бизъяа тогтоон сайн харах зуур энэ этгээдээс болж бид өвгөдийн үлдээсэн өвөлжөө хаваржаа, малын сайхан бэлчээрээс салжээ гэж уурсан бодов. Гэтэл тэндээс Эрдэнэбат захирал босч ирээд Очирбат Ерөнхийлөгчид хандан Эрэлийн энэ уурхай сайн ажиллаж, улс орондоо тус болохоор их ажил өрнүүлж буйг илтгээд, дэмжиж туслаж ирсэн төр засаг, түүний дотор онцгойлон анхаарсан Ерөнхийлөгч танд болон Пэлжээ сайдад гүнээ талархаж байна. Эрэлийн уурхайд морилон ирсэн та бүхэнд баярлалаа, тавтай морилж тухлан саатна уу хэмээн ихэд хичээнгүйлэн өчив. Очирбат гуай хариуд нь Эрэл компани энэ хүнд цаг дор Монголын хөгжилд их хувь нэмэр оруулж, татвар төлөөс төлөхөөс гадна улс орны алтан сан хөмрөгийг арвижуулж их буян үйлдэж буй гээд чамгүй их магтаал харамгүй ихээр урсгав. Бизъяагийн дотор жаахан цухалдаж, тийм л их мундаг юм бол Онгийн голд олон жил түмэнд тус болсон модон гүүрийг нэг хэл амгүй босгоод өгөхгүй яасан юм бол гэж бодов.
Эрдэнэбат захирал гар дохиход нэг эр ихэд чамбайлан урласан модон хайрцагтай зүйл түүнд өглөө. Захирал хайрцгийг нээхэд гурван настай жаалын зангидсан нударга шиг алт эрдэнийн дээж гялалзан харагдав. Өлтийн нинжа нар эрхийн чинээгээс дээш алт эрдэнэ олбол бух хэмээн авгайлан дууддаг тул харсан хүмүүс эгээтэй л бух хэмээн уулга алдах шахлаа. Захирал бас ихээхэн зулгуй цулгуй үг хөврүүлэн байж нөгөөх "бухыг" Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, хүмүүс сүүлийн жилүүдэд Пунсалмаагийн Тансагмаа хэмээн авгайлан дуудах болсон Очирбат гуайд дээш дээш нь өргөн "дээжийг нь танд" хэмээн барихад тойрсон иргэд, түүний дотор муу нохой Даржаа алгаа хорстол ташиж, гөлөг адил Эрдэнэбатад шарвах нь эгдүүтэй агаад хорсолтой. Эрдэнэбат захирал Уянга сумыг улсын хэмжээнд мандуулна гэх шахуу юм ярихад хажууд маань зогсох хавирга Лхагваа харин "шааж байгаа юм шүү энэ эр" хэмээн бухимдах нь аргагүй олон удаа худал үгэнд молиго үмхэсний шинж гэлтэй. "Шааж байгаа юм шүү" гэх энэ цэмцгэр биш хэллэг халх хэлний нэгэн жаргон болон нутагшиж бүр улс төрийн үг ярианд ороод уджээ. 70-аад оны сүүлчээр нам, засгийн хэрэгт дургүйцсэн зарим сэхээтэн хүртэл:
Саарин хөлтэй Сүхбаатар
Сартваахь Ленинээс хувьсгал нэгийг шаасан,
Санбэйсийн Чойбалсан сахалт Сталинаас нугалаа нэгийг шаасан,
Сагил Давстын Цэдэнбал
Саахалт Оросоос авгай нэгийг шаасан,
Сампин мэдэхгүй Батмөнх
Сайд нарын зөвлөлөөс
суудал нэгийг шаасан гэж байхав дээ. Одоо харин Очирбат ерөнхийлөгч Уянга нутгийн Өлтөөс бух нэгийг шаасан тухай баяжуулан ярих биз ээ.
Найр хавтгайрч нийтээр халж, үг олширч үхэр холдох цагаар бөгсний ажлаа бодсон Намираа хочит намч Бизъяа л харин Бөөрөлжүүтийн гол өгсөн гэрийн зүг бөн бөн шогшуулах ажаам.
Нийтлэлч Түндэвдоржийн Залаа-Уул