Хэт олон цагаар ажиллах нь цус харвах эрсдэлд хүргэдэг
Ажлын цагийг долоо хоногт 55 болон түүнээс дээш болгож нэмэгдүүлэх нь цус харвах эрсдэлд хүргэдэг байна. ДЭМБ-аас анх удаа Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран ийм судалгааг явуулж, тайлангаа “Environmental International” сэтгүүлийн сүүлийн дугаарт нийтлүүлжээ. 2000-2016 оны хугацаанд хэт олон цагаар ажилласнаас үүдэлтэй цус харвалтын улмаас нас барсан тохиолдол 19, зүрхний өвчний улмаас нас барсан тохиолдол 42 хувиар нэмэгдсэн болохыг тогтоожээ. Ийм шалтгаанаар нас барсан тохиолдлуудын 72 хувийг эрэгтэйчүүд эзэлсэн байна.
Тухайлбал, 2016 онд Зүүн Өмнөд Ази болон Номхон далайн баруун эргийн бүс нутгийн улс орнуудад хийсэн судалгаагаар хэт удаан цагаар ажилласан 745 мянган иргэн зүрх судасны өвчлөл, цус харвалтаар нас барсан аж. ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус “Ямар ч ажил хүнийг цус харвалт, зүрхний өвчлөлийн эрсдэлд оруулах ёсгүй” гээд коронавируст цар тахал нь хүмүүсийн ажиллах хэв маягт өөрчлөлт оруулсан. Мөн зайнаас ажиллах явдал олон салбарт хэвийн үзэгдэл болоод удаж буйг онцолжээ. Мөн тэрээр улс орны засгийн газрууд, ажил олгогчид ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалахын тулд ажлын цагийн дээд хязгаарыг тогтоох асуудлыг харилцан зөвшилцөх хэрэгтэйг цохон тэмдэглэсэн байна.
Олон улсын хөдөлмөрийн байгууллага хэт олон цаг ажилласнаас болж нас барсан хүмүүсийн дийлэнх буюу дөрөвний гурав нь дундаж болон дунджаас ахимаг насны эрэгтэйчүүд болохыг анхааруулжээ.
Эх сурвалж: Өдрийн сонин