БНХАУ-ын хүн амын долоо дахь удаагийн тооллогын дүн саяхан гарсан билээ. БНХАУ-ын Үндэсний статистикийн газрын дарга Нин Жижэгийн танилцуулснаар бол Хятадын нийт хүн амын тоо нэг тэрбум 411 сая 780 мянга болж, энэ нь 2010 оныхоос 72 сая 60 мянгаар нэмэгдэж, жилийн дундаж өсөлт 0.53 хувьтай байна гэсэн юм.
Харин уг дүнд үндэслэн барууны орны зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хятадын хүн ам зүйтэй холбоотой хэд хэдэн сөрөг дүгнэлт хийж буй юм. Жишээ нь: "Нью-Йорк Таймс" сонин төрөлт буурч, хүн амын өсөлт удаашралтай байгаа нь Хятадын хувьд “урт хугацааны тэсрэх бөмбөг” гэжээ. Мөн "Вашингтон Пост" зэрэг зарим хэвлэлүүд ч Хятадын хүн амын өсөлтийн удаашрал Хятадад хямрал дагуулна хэмээн онцолжээ.
Тэгвэл Хятад улс үнэхээр хүн ам зүйн ноцтой хямралд өртөөд байна уу? тус улс төрөлтийн бодлогыг өөрчлөх шаардлагатай юу? хүн амын хөгшрөлт ямар бэрхшээлийг авчрах вэ? зэрэг асуудлаар Хятадын мэргэжилтэн, судлаач нар хариулт өгсөн тухай Хятадын Олон Улсын Радио мэдээлснийг орчуулан хүргэж байна.
Хятад улс хүн ам зүйн ноцтой хямралд өртөөд байна уу?
"Тооллогын үр дүнгээс харахад Хятад улсын хүн амын тоо дээд цэгтээ хараахан хүрээгүй бөгөөд тогтвортой өсөлтийг хадгалж буй аж. Хятадын хүн амын дундаж нас 38.8 байж, 16-59 насны хүн ам 880 сая байгаа нь ажиллах хүч хангалттай хэвээр байгааг харуулж байна. Хүн амын нийт тоо болон сүүлийн арван жилийн өсөлтийн байдлаас үзвэл энэ нь ерөнхийдөө хэвийн үзүүлэлт бөгөөд огцом унаагүй, сөрөг өсөлт ч гараагүй юм" гэж Хятадын Жэжян Их Сургуулийн профессор Лю Жижүнь өгүүлэв.
Ер нь наад зах нь Хятадын хүн амын одоогийн байдал, богино хугацааны хөгжлийн төлвөөс авч үзвэл хүн амын бүтэц ноцтой тэнцвэргүй байдалд орохгүй гэнэ. "Сүүлийн жилүүдийн хүн амын тооны өөрчлөлтөөс дүгнэхэд хүн амын өсөлтийн хурд үргэлжлэн буурах болно. Гэхдээ үүнтэй зэрэгцэн хүн амын өсөлт нь хүн амын насны бүтэц зэрэг нийгэм, эдийн засгийн хүчин зүйлээс шалтгаалан алсдаа дээд цэгтээ хүрнэ. Ойрын ирээдүйд Хятад улсын хүн амын тоо 1.4 тэрбумаас дээш хэвээр байх болно" гэж Хятадын Үндэсний статистикийн газрын дарга Нин Жижэ хэлсэн юм.
Төрөлтийн бодлогыг өөрчлөх шаардлагатай юу?
Сүүлийн жилүүдэд Хятад улс гэр бүл төлөвлөлтийн бодлогоо харьцангуй чөлөөлж, хоёр хүүхэд төрүүлэхийг нийт иргэдэд зөвшөөрч байгаа бөгөөд цаашдаа төрөлтийн тоог бүрэн чөлөөтэй болгохыг мэргэжилтэн судлаач нар ч уриалж байгаа юм. Энэ тухай Хятадын олон улсын Эдийн Засаг Худалдааны Их Сургуулийн профессор Ли Чан-ань: "Энэ бол үе шаттай хэрэгжих үйл явц юм. Гэхдээ төрөлтийн бодлогыг чөлөөлсөн ч гэсэн хүн амын буурах хандлага богино хугацаанд өөрчлөгдөхгүй гэж би бодож байна. Учир нь нийгэм, эдийн засгийн хөгжил нь төрөлтийг шийдэх үндсэн шалтгаан бөгөөд хүмүүсийн үзэл бодлыг богино хугацаанд өөрчлөхөд хэцүү. Хүмүүсийн хүүхэд төрүүлэх хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх нь системийн чанартай асуудал бөгөөд үүнд төрөлтийн бодлогоос гадна цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, хүүхэд өсгөх зардлыг бууруулах гэх зэрэг бусад салбарын иж бүрэн хөгжил өөрчлөлт шаардлагатай гэж би хувьдаа боддог" гэжээ.
Хүн амын хөгшрөлт Хятадад ямар бэрхшээлийг авчрах вэ?
"Хятад улс 1990-ээд оны сүүлчээр хөгшрөлтийн нийгэмд шилжсэн. Тодруулбал 60-аас дээш насны хүмүүсийн эзлэх хувь нийт хүн амын 10% -ийг давсан бөгөөд энэ чиг хандлага улам бүр нэмэгдэж байна.
Хүн амын хөгшрөлтөд хамгийн нөлөөтэй зүйл бол хэрэглээ юм. Ерөнхийдөө хүн амын бүтцэд томоохон өөрчлөлт гарах, ялангуяа төрөлтийн тоо буурч, хөгшрөлт хурдацтай явагдаж эхэлснээр энэ нь нийгмийн хэрэглээг бүхэлд нь хазаарлах нь дамжиггүй. Ер нь хүн амын хөгшрөлтийг дагалдан хүмүүсийн хэрэглээ ч буурдаг. Энэ асуудал дэлхийн аль ч улс оронд бий. Хамгийн энгийн жишээ хэлэхэд, орон сууцны хувьд хөгшчүүлийн байр худалдаж авах хүсэл залуусынхаас хамаагүй доогуур байгаа нь гарцаагүй" гэж профессор Ли Чан-ань дурьджээ.