Чингис хааны алтан ургийн охид, хүргэд, зээ нарын судлал үгүйлэгдэж байна...
Хаадуудынхаа намтарчилсан түүхийг хятадууд нийтийн тооллын өмнөх II-I зууны үеэс бичсээр эдүгээ гэхэд 24 төрийн түүх бичигджээ.
Монголын нууц товчоо ном ч гэсэн мөн л тиймэрдүү арга, хандлагаар бичигдсэн бүтээл юм.Тэмүүжиний уг гарвалаас эхлэн амьдрал, үйл ажиллагааг нь нас эцэслэх, залгамжлагчид нь тодрох хүртэл товчоолон өгүүлжээ. Хятадын 24 төрийн түүхүүдтэй энэ нь адилавтар байна.
Чингис хааны намтарчилсан түүх, түүний ургийнхны түүх болохын хувьд "Монголын нууц товчоо" бол тухайн тэр цаг үедээ үнэхээрийн гайхамшигтай бүтээл, их хааны нууц түүх, зөвхөн алтан ургийнхны үзэх, мэдэх ёстой, судалж сургамж авч байх бичиг баримт мөн юм. Энэ гайхамшигтай бүтээлээс эх аван хийгдэх ёстой судалгааны нэгэн чухал сэдэв бол Чингис хааны зээ хөвгүүд, зээ охидын судалгаа билээ. Өнөө гэхэд Чингис хааны зээ хөвгүүд, зээ охидын гуч шахам үеийн намтар, түүх бичигдсэн байж болохоор байна.
Гэтэл яг хэрэг дээрээ чанартай, үнэнийг өгүүлсэн, уламжлал залгамжлалыг тусгасан, Чингисийн гэгдэх үнэт зүйлүүдийг хадгалсан, илэрхийлсэн ном, бүтээл тун ч цөөхөн бичигджээ. Энэ хоосон зай, цагаан хуудсуудыг түүхэн үнэнд элэгтэйгээр нөхөх, дүүргэх хэрэгтэй байна.
“Монголын нууц товчоо” номын “Уйгар ба Ойн иргэдийг эзэлсэн нь” бүлгээс иш татъя:
....235. Хувилай ноёныг харлагуудад мордуулав. Харлагийн Арслан хан Хувилайд элсэн ирсэнд Хувилай ноён Арслан ханыг Чингис хаанд уулзуулав. Чингис хаан Арслан ханыг байлдсангүй дагав гэж сайшаан соёрхож, охиноо өгье гэж зарлиг болов. Харлагуудун Арсланд Алха бэхийг өгч Чингис хаан зарлиг болруун:
Харайхад минь хөл болж
Хазайхад минь түшиг болж
Халтирахад минь тах болж
Халамж тус хүргэхээ Хайрт Алха минь мэдтүгэй...
238. Уйгарын Идүүд хан Чингис хаанд хоёр элч илгээж хэлүүлсэн нь “Үүл арилж гэгээн наран тодорсон мэт, мөс хайлж тунгалаг мөрөн урссан мэт. Чингис хаан соёрхвол алтан бүсний чинь горхиноос барьж, ариун дээлийн чинь үртэснээс олж, тавдугаар хөвүүн чинь болж хүч өгье” гэж өчиж илгээжээ. Тэр үгийг сонсоод Чингис хаан соёрхож хариу хэлж илгээсэн нь: Охиноо өгье. Тавдугаар хөвүүн болтугай...Чингис хаан Идүүдийг соёрхож Алалтун бэхи охиноо өгөв. Охиноо өгөөд Чингис хаан сургасан нь: “Хатагтай хүнд гурван эр бий. Анхны эр нь алтан төр. Түүний дараах эр нь ариун нэр. Түүний дараах эр нь авсан эр мөн билээ. Алтан төрийг хатуужиж дагавал ариун нэр бэлэн болно. Ариун нэрийг бэхэлбэл авсан эр ангид үл одно” гэж зарлиг болсон ажээ.
239.Туулай жил /1207 он/ Ойрдын Худуга бэхи түмэн ойрдоо авч дагаар ирэв. Худуга бэхийг түмэн ойрдоо дагуулан элсэж ирэв гэж соёрхон хөвүүн Иналчид нь Чэчэйхэн охиноо өгөв. Ах Төрөлчид нь Зүчийн охин Олуйханыг өгөв. Алага бэхи охиныг Онгуудад өгөв. Чингис хаан бас Зүчийг “соёрхон” ....Өлзийт ойн иргэдийг оруулж ирэв чи. Эдгээр иргэнийг чамд өгье гэж зарлиг болов...
Харлагийн Арслан хан /Чингисийн хүргэн/ ба Алха бэхи гүнжийн цаашдын амьдрал, Алха бэхийгээс төрсөн зээ хөвгүүд, зээ охидын үйл ажиллагаа, хувь заяа ямар байсныг өнөөгийн бид мэдэхгүй байна. Чингис хааны итгэлийг Арслан хан хэр сайн биелүүлсэн нь ч тодорхойгүй. Энэчлэн Уйгарын Идүүд хан ба Аталтун бэхи гүнж нарын хувь заяа, тэднээс төрсөн Чингисийн зээ хөвүүд, охидын талаар ч бид мэдэхгүй юм. Алалтун бэхи аавынхаа захиас, даалгаварын дагуу юу юу хийсэн нь ч сонин байх билээ.
Ойрдын Худуга бэхийн хүү Иналчи ба Чэчэйхэн гүнж нарын үр хойчис гэж Зүүн гарын хаант улсын үед ямар ноёд байсан нь мөн л тодорхой бус юм. Захчин эрс эрэлхэг дайчид, халуун эх орончид байсан, тэдний дунд цагаан ястай гэгдэх түшмэдүүд, номч мэргэн гэгдэх тойн нар бас олон байсан нь магадгүй Чингис хааны охидын үсэрсэн цус, тасарсан мах байсан ч байж болох юм.
Голлож гадны хавчлага, дарамтын улмаас захчины сурвалжит гэр бүлүүдийн угийн бичиг XVIII, XIX зууны туршид устгагдсаар, нууцлагдсаар байсны учир эдүгээ гэхэд сэргээгдэх ямар ч боломжгүй болсон нь түүхэн үнэнийг нэг мөсөн баллуурджээ. Торгууд, Дөрвөд, Урианхай нар болон бусад ястны дунд ч гэсэн “цагаан ястай” гэгдэх хүмүүс олон байжээ.
Тэдний XIII, XIV зууны үес дэх гарвал, угсааны талаарх мэдээ, баримт ч эдүгээ алга байна. Тэд нар бол мөн л Чингис хаан, түүний хөвүүдийн зээ хөвүүд, охид байсан нь тодорхой юм. Чингисийн хөвүүд болон ач нарын нь тухай баримт, материал их байдаг боловч түүний охидын тухай, хүргэдийн тухай, мөн зээ нарын тухай баримт, материал ховрын дээр энэ талаар хийсэн судалгаа ч бас бага юм.
XX, XXI зуунд Чингисийн 20 гаруй үеийн ачинцрууд дэлхийн олон оронд аж төрж байна. Тэдний талаарх мэдээ, баримт хомс ч гэлээ байдаг, яригддаг. Харин Чингис хааны зээ, зээнцрүүдийн тухай яригдах, дурсагдах нь бараг үгүй шахам байна.
Эрэгтэй хүний гол, чухал, шинжүүд нь зээ талдаа тод, их илэрдэг нь амьдрал дээр ч, мөн шинжлэх ухаанаар ч нотлогдсон үнэн юм. Ингэхлээр Чингис хааны олон хатадаас төрсөн охидын талаар, мөн тэдгээрээс уламжлагдан гарсан олон зээ хөвгүүд, зээ охидын талаарх судалгаа сонирхолтой байх нь эргэлзээгүй болно. Ойрдын олон ноёд, жанжид Чингисийн алтан ургаас бэр буулгах нь цааш цаашдаа ч ер тасраагүй байна. Чингисийн ач нараас олон хүн ойрдоос хатад авцгаасан баримт ч бас цөөнгүй.
XX, XXI зуунд Чингис хааны хорь гаруй үеийн зээ хөвүүд, зээ охид Ази, Европод хэдэн мянга, хэдэн саяараа байх учиртай. Баруун Монголчууд, ойрдуудын хувьд гэхэд л Чингисийн зээ хөвүүд, зээ охидын удам судар, үр хойчсыг “цагаан ястай” хүмүүс гэж хүндэтгэн үзсээр ирсэн түүхтэй. ”Цагаан ястай хүмүүс нь Чингисийн алтан урагтай мах цусны хамааталтай болох учир тэр хүмүүс дээр аянга буудаггүй. Тэнгэрлэг гарал, тэнгэрийн тэтгээсэнд үүний тайлал оршдог” гэх үзэл, домог саяхан болтол яригддаг байв. Магадгүй ойрдын цагаан ястай гэгдэх хүмүүсийн XIII зуун дахь эмээ нар нь Чингис хааны охид байсан байж ч болох юм.
“Монголын нууц товчоо”-ноос иш татсан дээрх баримтуудаас үзэхүл Чингис хаан улс төрийн учир, зорилгоор охидоо том ноёд, жанжидад мордуулж “найрамдал-ургийн холбоо” тогтоож байжээ. Харин охид нь эл учир, холбогдол, үүргийг хэрхэн, яаж биелүүлж байсан юм бол оо? Чингисийн охид мэдээжээр цаг үедээ тохирсон, таарсан мэдлэг, мэдрэмж, боловсрол, зорилготой байсан нь лавтай.
Чингис хааны зээ нарын олон үеийнхний намтар, түүхийг судлах, түүхэн том хатдын гүйцэтгэсэн үүрэг, гавъяаг мөнхжүүлэх, түүхэн роман бичих, жүжиг, кино бүтээх ажил харамсмаар бага хийгдэж, хилийн цаана ч, наана ч үгүйлэгдсээр байна.
Хүн төрөлхтний түүхэн дэх хоёрдугаар мянганы сод хүнээр Чингис хааныг тодруулсан нь Монголчууд бидэнд их үүрэг хүлээлгэлээ. Чухам юуны учир сод хүн, аугаа удирдагч болдог билээ. Энэнийг Монголчууд бид л үндэслэж, нотолж өгөх ёстой. Сод ухаантан, хаадын хаан, гарамгай жанжин, хосгүй стратегич, ижилгүй дипломат, аймшиггүй дайчин, цэрэг-дайны урлагийн хамгийн тод од байсныг нь эх орон нэгтэй оюунлаг сэхээтнүүд л баримтуудаар нотлон үзүүлж, түмэнд хүргэх учиртай.
Хоёрдугаар мянганы сод хүний хөвгүүд, ач нар, охид, зээ нар, бэр, хүргэдүүд, хамтран зүтгэгчдийн талаарх түүхэн үнэнийг дэлхий дахинд нээж, дахин нээж өгөх нь юуны түрүүнд Монголчуудын л үүрэг билээ.
Энэ их хүмүүний бие, сэтгэлийн онцгой хүч, ген нь хамгийн тодоор удамшсан байх учиртай түүний охидууд, зээ нарын нь талаарх түүхэн үнэн хэнд ч болов сонин байх бизээ. Удамших чанар, үзэгдэл нь өөрөө ихэд сонирхолтойн зэрэгцээ түүний нэгэн жишээ, баримт болж чадах түүхэн хүмүүсийн амьдрал, үйл ажиллагаа бүүр ч сонин, сургамжтай юм. Монголчууд “Удам муутыг усан дотроос түймэр авдаг” хэмээн ярьж, тооцсоор ирсэн ард түмэн билээ. Бусад ард түмэнд ч иймэрхүү үг, хэллэг буй. Хоёрдугаар мянганы сод хүмүүний үр хойчис бид өвөг дээдсийнхээ нэр, алдрыг үл хиртээж, өндөрт өргөж, зөв сайхан залгамжилж явах үүрэгтэй.
Их хаад, том жанждын үлдээсэн түүхэн мөр, өгөөж, мөнх шахам үлдэх эерэг зүйл, ололт, амжилт тун ч олон янз байжээ. Зарим хаад, жанждын ололт, ялалт нь улс үндсээ мөхөөсөн үр дагавраар төгссөн нь ч цөөн биш юм. Жишээ нь Манжийн хаад нийслэлээ Бээжинд шилжүүлснээр Манж улс, манж угсаатан мөхөж үгүй болжээ. Монголын эзэнт гүрний хаан Хубилай нийслэлээ Бээжинд шилүүлснээр эзэнт гүрэн задрах, төв төрийн нэр хүнд унах, засаглалын хомсдол нүүрлэх, алтан ургийн ноёд шил шилээ харах, тасран нүүх, өөр өөр шашин сурталд автах, эцэс сүүлдээ төрийн тусгаар тогтнолоо алдаж доройтох, тарж бутарсан Монгол угсаатан хэл, соёлоо гээж бусад угсаатанд уусах үр дагаврыг үүджээ.
Өмнө өгүүлсэнтэй харьцуулахад Чингис хаан үнэхээр сод хүмүүн байжээ. Тарж бутарсан, холдож хөндийрсөн, Их Нирун улсын үеийн нэгдсэн, хүчтэй төр засгийн үеийн улс төрийн соёлоо гээсэн, дур зоргоор авирлах мохойдуу ноёдын эрхшээл, хүчирхийлэл дор орж зовж зүдэрсэн Монгол угсаатнуудаа нэгтгэж Их Монгол улсыг байгуулаад, цааш ахиж дэлхий даяарт энх амгаланг тогтоох аугаа зорилтыг ч мөн богино хугацаанд хэрэгжүүлжээ. Тэрээр оюун ухаандаа “ойртож, нэгдэж, бүх талаар холбогдож даяаршсан өнөөгийн ертөнцийг зураглан, хүсэмжилж байжээ!
XIII, XIV зууны үеийн дэлхий дахин бол өнөөдрийн дэлхий дахины өвөг дүр, анхны эх загвар мөн болно. “Дарсан ч дардайж, булсан ч бултайсаар байсны” цаад учир, хүчирхэг үндэс ийм ажээ.
Баруун Монголчууд дунд Чингис хааны алтан ургийн охид, хатдаас гарвал угсаатай олон хүн байсны нэгэн жишээг дурдая. Лам явсан, нилээн ч номтой том ламын нэгэн байж хэлмэгдэлд өртөөд, арай хийж цаазын ялаас хэлтэрч, олон жилээр хоригдох ял авч, эрүүл чийрэг хүн тулдаа хүнд хөдөлмөрт зүтгэсээр хугацаа дуусгаж суллагдсан лам Бадамсэд гуайн яриа /1973 онд хийсэн тэмдэглэл/:
...Хүний язгуур угсааг дээдлэх, тооцох байдал манай хошуунд ганцхан хүрээ, хийдүүдэд л сахигдаж байсан юм. Төгрөгийн хүрээ, Зэргийн хүрээ гэхэд л одоогийнхоор бол том, чухал дарга нараа удам судрыг нь сүрхий харж байж сонгодог, тавьдаг байсан билээ. Зэргийн хүрээний сүүлчийн гэвхүйг сонгож байхыг би мэдэх юм. Удаан хэлэлцсэний эцэст цагаан ястай удмын хүн гэдгийг давхар бодолцон умзад Зодовыг сонгож байв. Тэр маань зайлуул 1938 оны хавар баригдаж хилсээр хороогдсон юм. Дөч дөнгөж л гарч явсан ид насны сайхан хүн байсан л даа. Хошуу ноёдод маань бол тийм сүрхий удам сударсаад байх юм байгаагүй ээ...
...Цагаан ястай гэдэг чинь угтаан бол Чингис хааны удмынхны үсэрсэн цусны хамааталтай гэсэн үг шүү дээ...
Чингис, Өгөдэй, Гүег, Мөнх, Хувилай хаадын охидоос төрсөн зээ хөвгүүд нь мөнхүү их хаадын хөвгүүдийн нэгэн адил, тэдгээрээс төрсөн ач нарын нэгэн адил эрх дархтай байхыг эрмэлзэх нь ойлгож болох үзэгдэл юм. Чухам чингэж л Ойрдын зарим ноёд хааны сэнтийд санаархсаар ирсэн, алтан ургийн бусад ноёдтой арчилдсаар байсан түүхтэй.
XVII-XVIII зуунд Чингис хааны ачинцарууд Манжид дагаар орж нэрээ хөөгдсөн бол харин зээнцэрүүд нь төр улсынхаа гал голомтыг хамгаалж 1778 он хүртэл зэвсэг барин тэмцэж байжээ.
Судлаач, профессор Д.Чулуунжав