Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эхний 100 хоног: Бүгдийг шийдсэн хөл хорио
НЭГ. Л.ОЮУН-ЭРДЭНЭ БА ВАКЦИН: ЭРГЭЛЗЭЭ, ИТГЭЛ
Яг 100 хоногийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын гишүүдээ танилцуулж, тангараг өргүүлчихээд УИХ-ын чуулганы индэр дээрээс Засгийн газрынхаа дөрвөн зорилтыг танилцуулж байв. Ерөнхий сайдын амлалт гэж болох зорилтуудынх нь эхэнд “Цар тахлыг богино хугацаанд даван туулах төлөвлөгөө” байсан.
Түүндээ “Нийт иргэдээ ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд үе шаттай хамруулах ажлыг Засгийн газар эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүх нөөц боломжоо дайчлан ажиллана” гэж ам гарч байв.
100 хоногийн дотор вакцинжуулалтыг амжуулах нь үнэндээ амаргүй байв. Гэхдээ Засгийн газар 25 хоногийн дараа 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр вакцинжуулалтыг хийж эхэлсэн. Эхний тунг өөрөө хийлгэж байв.
Ингээд дөрөвдүгээр сарын 10-наас дахин хатуу хөл хорио тогтоосон. Харамсалтай нь хөл хорионы явцад вакцинжуулалт тасарч, иргэд цухалдан шуугьж байв. Тиймээс Ерөнхий сайдын хэлсэн үгэнд иргэд эргэлзэж эхэлсэн юм.
Засгийн газраас 1.3 сая тун “СпутникV”, 500 мянган тун “Пфайзер”, 3 сая тун “АстраЗенека”, 4 сая тун “Синофарм” вакциныг захиалсан байдаг. Гэхдээ дээрх хугацаанд татан авалт тасарсан. Зарим үйлдвэрлэгч дотоодоо хангах шаардлагатай болж, заримд нь манай улстөрчид нөлөөлсөн гэдэг мэдээлэл бий. Хөл хорио 12 хоног вакцингүй үргэлжлээд 950 мянган тун “АстраЗенека”, “Синофарм”-ын вакцинууд бууснаар үргэлжилсэн. Уржигдрын байдлаар нийслэлийнхэн вакцинжуулалтад 92.3 хувьтай хамрагджээ.Вакцин ч дараалж ирсээр одоо орон нутагт вакцинжуулалт явж байна.
Гэхдээ вакцинжуулалтын явцад “Хятадын вакцин шахлаа” гэсэн шүүмжлэл нэлээд гарсан. Үнэхээр ч манайд хийгдсэн вакцины дийлэнх нь Хятадын вакцин байсан юм. Тэгвэл хатуу хөл хориог сулруулахын өмнөх орой уг вакциныг хүлээн зөвшөөрснөө мэдэгдсэн. Үүний дараа дэлхийн 100 гаруй орон Хятадын “Синофарм”-ын үйлдвэрээс вакцин авах хүсэлт хүргүүлсэн байна. Ер нь бол Засгийн газар вакцинжуулалт дээр маш амжилттай ажилласан.Вакцин “олсон”, иргэдээ хамруулснаараа дэлхийд дээгүүрт тэмдэглэгдэж буйг энд онцлох ёстой.Үүний дараа Ерөнхий сайдад итгэх итгэл ч сэргэж байгааг хэлэх хэрэгтэй.
ХОЁР. Л.ОЮУН-ЭРДЭНЭ БА ОЮУ ТОЛГОЙ: ХЭЛЭЛЦЭЭР, СӨРӨГ НЭХЭМЖЛЭЛ, ОЮУ ТОЛГОЙН ӨГӨӨЖ
Оюу толгойн гэрээ, ер нь Оюу толгой төслийг тойрсон нэлээд үйл явдал Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын эхний 100 хоногт өрнөлөө.
Оюу толгой төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулах Засгийн газрын ажлын хэсэг “Рио Тинто”-гийн төлөөлөлтэй гурван удаагийн уулзалтыг хийсэн. Мөн 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр “Оюу толгой” ХХК-ийн арбитрын шүүхэд гаргасан нэхэмжлэлд сөрөг нэхэмжлэл гаргажээ. Ингэхдээ тус компанийн хувьцааны олонхыг эзэмшигч “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед”, “Туркойс Хилл Ресурсес Лимитед” компанийг арбитрын ажиллагааны оролцогчоор татах хүсэлт гаргасан байна. Мөн “Рио Тинто” компани Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөн, Оюу толгой төсөлтэй холбогдуулан зохион байгуулсан авлига, хээл хахуулийн схемийн улмаас Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах зэрэг сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа юм.
Түүнчлэн 2021 оны дөрөвдүгээр сарын 10-наас тавигдсан хатуу хөл хорионы үеэр иргэн бүрд 300 мянган төгрөгийн дэмжлэг олгосон. Ингэхдээ “Оюу толгой” ХХК-иас татварын актын дагуу Төрийн санд төлсөн нэг их наяд 26.5 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Ингэж монгол хүн анх удаа Оюу толгойн өгөөжийг хүртсэн гэхэд болно.
ГУРАВ. Л.ОЮУН-ЭРДЭНЭ БА ЭДИЙН ЗАСАГ: “10 ИХ НАЯДЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ”
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танилцуулсан дөрвөн зорилтод “Цар тахлын нөлөөнд хамгийн их нэрвэгдсэн аж ахуйн нэгжүүд, ажил олгогч, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих цогц арга хэмжээг Засгийн газар цар тахлыг даван туулах төлөвлөгөөнд тусгаж, үе шаттай шуурхай хэрэгжүүлнэ” гэсэн “өгүүлбэр” бий.
Үүнийг хэрэгжүүлэх “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г 2021 оны хоёрдугаар сарын 10-нд олон нийтэд танилцуулж, 17-нд Засгийн газрын хуралдаанаар баталсан. Үүгээр ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл, залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг, эхний ээлжинд Улаанбаатар хотод барих “Залуус I, II, III” хорооллын дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг, стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг, ХАА-н үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг, Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх буюу ЖДҮ эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг 500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл олгохоор тусгасан. Энэ төлөвлөгөө одоо ид хэрэгжиж байгаа. Эрэлт ч их байна.
ДӨРӨВ. Л.ОЮУН-ЭРДЭНЭ БА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ: ТАВАНТОЛГОЙД НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР, ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭВ
Ерөнхий сайд 2021 оны нэгдүгээр сарын 29-нд бас “Нүүрсээ угааж, зэсээ хайлуулж, газрын тос, төмрийн хүдрээ боловсруулах хүчин чадалтай үйлдвэрүүдийг байгуулах шаардлагатай. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж чадвал 70 хувь, цаашлаад 100 хувь дотоодоосоо хангах нөхцөл бүрдэнэ.Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг яаралтай барьж дуусгах болно. Авто замын төслүүдийг хэрэгжүүлэхдээ ач холбогдлоор нь эрэмбэлж, тэргүүн ээлжинд хилийн боомтууд болон аялал жуучлалын замыг холбох болно. ...Таван толгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг яаралтай дуусган, V цахилгааны станцын ажлыг эхлүүлэх болно” гэж байв.
Тэгвэл тэрээр вакинжуулалтын ажил шувтрах үед уул уурхай, томоохон төслүүдийн нутаг болсон говийн аймгууд, тэндэх боомтуудад ажиллаад ирсэн. Томилолтын үеэрээ Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ “Таван толгой нүүрс баяжуулах үйлдвэр”, Таван толгойд цахилгаан станц барих ажлыг эхлүүлэв. Мөн “Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замыг ирэх оны долдугаар сар гэхэд ашиглалтад оруулахаар тогтов. Түүнчлэн “Таван толгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замд шаардлагатай санхүүжилтийг үе шаттайшийдвэрлэхээр болсон.
ТАВ. Л.ОЮУН-ЭРДЭНЭ БА С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГ: ХЭРГИЙН МАТЕРИАЛЫГ НУУЦААС ГАРГАЖ, Б.ХУРЦ ЯЛ ШИЙТГҮҮЛЛЭЭ, Т.ЧИМГЭЭ НАРЫГ СУЛЛАХ УУ
Ийм хүлээлт нийгэмд үүссэн гэхэд болно. Суурийг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө тавьсан.
Тэрээр 2021 оны гуравдугаар сарын 8-нд 401 дүгээр ангид очиж ял эдэлж буй Т.Чимгээтэй уулзсан юм. Уулзалтын дараа хэвлэлийнхэнд “Шүүхээр тогтоосон гэм, буруугийн асуудлыг ярих эрх байхгүй. Гэхдээ шүүн таслах ажиллагаанд хүний эрх зөрчсөн эсэх асуудал нь Засгийн газрын харьяа байгууллагуудад хамааралтай. Тиймээс Т.Чимгээтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа. Мөрдөн байцаалтад байгаа зарим нууц асуудлыг ярих боломжгүй ч өнгөрсөн хугацаанд ил болсон зарим зүйлийг эргэж ярих нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн”гэв. Мөн “Т.Чимгээг нэг жил гаруй хугацаанд Төв аймгийн хорих ангид стандартын бус өрөөнд хорьсон. Ингэхдээ яллагдагчаар татагдсан байхад нь ял эдэлж буй хүнийг өрөөнд нь оруулж дарамтлуулсан асуудал өмнө нь яригдаж байсан. Энэ бол Монгол Улсын нэгдэн орсон Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцыг зөрчсөн асуудал болно” гэдгийг онцолсон.
Улмаар 2021 оны гуравдугаар сарын 31-ний Засгийн газрын хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн материал, холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь нууцаас гаргахаар шийдвэрлэсэн юм.
Тэр өдөр нь Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт шалгагдсан ТЕГ-ын дарга Б.Хурцад Дээд шүүх ял шийтгэв.
Ингэснээр Т.Чимгээ нар хэзээ суллагдах вэ гэдэг асуудал яригдаж эхэлсэн. УЕПГ-ын эх сурвалж энэ асуудлаар “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулахаар Улсын ерөнхий прокурор дүгнэлт бичиж хяналтын шатны шүүхэд хүргүүлсэн. Шүүх хянан хэлэлцээд шийдвэрлэнэ. Үүний дараагаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах эсэх асуудал нь шийдвэрлэгдэнэ” гэсэн тайлбарыг өгөөд байна.
ЗУРГАА. Л.ОЮУН-ЭРДЭНЭ БА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ: ЦЭЦ, ШҮҮХ, СЕХ
Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх хэмжээлшгүй өндөр болсон. Монголын улс төр Ерөнхий сайдын оролцоогүйгээр өрнөх боломжгүй. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд юунд ч нөлөөлж болох хүчтэй болсон гэсэн үг.
Тиймээс Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсноос хойш өрнөсөн улс төрийн үйл явдлуудад оролцсон уу үгүй юү биш, оролцоо нөлөөлөл нь их үү, бага уу гэж л ярих ёстой юм.
Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Үндсэн хуулийн Цэц 2021 оны дөрөвдүгээр сарын 16-нд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхгүй гэж шийдсэн. Тавдугаар сарын 6-ны дүрэв гаригт болсон ҮАБЗ-ийн хурал дээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын муудалцсан, тэгэхэд нь болсон “харилцан яриа”-наас энэ бүхэн тодорхой харагдана. Ерөнхийлөгчийн хувьд Ерөнхий сайдыг Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж буйгаа шуудхан хэлжээ.
Дээд шүүх 2021 оны дөрөвдүгээр сарын 27-нд хуралдаж, хоёр АН-ын дарга, Үндсэн дүрмийн алийг ч бүртгэлгүй, татгалзаж шийдвэрлэсэн. Үүнээс улбаатай эмх замбараагүй байдал одоо нийгмийг хамарч мэдэхээр болоод байна.
Ингэж Дээд шүүхээс “мултарсан” АН-ын асуудал СЕХ-нд шилжчихэж байгаа юм. Гэвч СЕХ-ноос АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс С.Эрдэнийг “сонгож” бүртгэсэн. Энэ нь хоёр АН-ыг улам хагалсан үйлдэл боллоо гэж улс төрийн ажиглагчид дүгнэж байна.
ДОЛОО. Л.ОЮУН-ЭРДЭНЭ БА МАН, МАХН-ЫН НЭГДЭЛ: ЕРӨНХИЙ САЙДЫН ӨРӨӨНӨӨС ЭХЛЭВ
МАН-аас МАХН төрж, өрх тусгаарлаад арваад жил болсон. Нэг угсаа гарвалтай энэ хоёр нам нэгдэх яриа дуулдсаар ирсэн. Гэхдээ ажил хэрэг болж байсангүй. 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр хүчтэй яригдаж ирээд сураг алдарч байлаа.
Харин энэ удаад ажил хэрэг болсон. Энэ “хэргийн эзэн” нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болов. Тэрээр 2021 оны хоёрдугаар сарын 10-нд МАХН-ын дарга Н.Энхбаярыг Төрийн ордонд хүлээн авч уулзсан. Тэр үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр МАХН-аас шинэ Засгийн газарт хандан гаргасан зөвлөмжүүд бүхий Мэдэгдлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гардуулсан. Мөн Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээг өөрчлөх зэрэг олон асуудал МАН, МАХН нэг ижил байр суурьтай байгааг ярилцсан.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар хойшид авч хэрэгжүүлэх ажил, хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ МАХН-тай хамтран ажиллахад бэлэн гэдгээ дахин илэрхийлж хамтарсан ажлын хэсэг байгуулж, бүтээлч байдлаар хамтран ажиллах боломжтой” гэж байр сууриа илэрхийлжээ.
Түүнчлэн тэр уулзалтаар МАН, МАХН-ын нэгдэх асуудал дээр хоёр тал ажлын хэсэг гаргах, яаралтай хэлэлцэх тохироонд хүрсэн гэдэг.
Ингээд гуравдугаар сарын 1-нд хоёр намын удирдлага “Эх орончдын өдөр”-ийг хамт тэмдэглэж, удалгүй хэлэлцээр эхэлж нэгдэх шийдвэрт хүрсэн.
НАЙМ. Л.ОЮУН-ЭРДЭНЭ БА “ТООСГО”-НУУД: С.АМАРСАЙХАН, Б.САЙХАНБАЯР, БАТЦЭЦЭГ...
Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын зарим сайд өнгөрсөн 100 хоногийг ихээхэн асуудалтай өнгөрөөв.
Тухайлбал, Шадар сайд С.Амарсайхан байна. Эхнэр нь “улаан бүс”-т дураараа зорчиж, халдвар хамгааллын дэглэм зөрчсөн. Удалгүй хүүгийнх нь төрийн тэтгэлэг авсан баримт дэлгэгдэж баахан шуугиулсан. Хувийн ийм асуудлууд нь ар араасаа хөвөрсөн гэхэд болно.
Батлан хамгаалахын салбарт цэргийн амь нас хохирсон, цэргүүд хүний амь хохироосон хэргүүд цуварсан даа.
Мөн хатуу хөл хорионы үеэр вакцин тасарч иргэдийг бухимдуулсан явдал яалт ч үгүй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй холбогдоно.
Эндээс Ерөнхий сайд цаашдаа танхимынхаа боловсон хүчний бодлого дээр анхаарах шаардлагатай гэсэн үг.
Сайд нар нь хувийн асуудлаараа нурж байна. Салбараа сайн зохион байгуулахгүй байна. Хөрш улсуудын ижил салбарын сайд нартай харилцах тал дээр “жижигдэж” байх юм.
Зарим дэд сайд, агентлагийн дарга нар ч асуудалтай байгаа нь дуулдах болсон.
Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН-ын удирдлага өөрчлөгдөж, дагаад Засгийн газарт салхи орно. Мөн МАХН-тай нэгдсэн яриа хэлэлцээнийхээ дагуу тус намаас хүмүүс орж очно. Тэр үед энэ мэт сайд нараа “тоосго” болгон сугалах тухай улс төрийн хүрээнд яригдаж л байна. Харин сэлгээ хийхдээ шахаа биш мэдлэг, зангаргийг нь харж томилгоо хийгээсэй.
ЭЦЭСТ НЬ:
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эхний 100 хоног ийм л “эрээн бараан”-тай өнгөрлөө. Вакцин дээр яахын аргагүй “100” буюу “Онц”авч байна. Хамгийн сайхан мэдээ энэ байлаа.
Эдийн засгийг сэргээх, томоохон бүтээн байгуулалтын ажлуудаа эхлүүлжээ. Дажгүй.
Гэм нь Л.Оюун-Эрдэнэ улстөржилтөөс ангид байж чаддаггүй нэгэн бололтой юм. Бас нэг онцлог нь “сул” гишүүн байхаасаа зууж авсан нэлээд асуудалтайгаа одоо ч зууралдсаар явж байх юм.
Л.Оюун-Эрдэнэ С.Зоригийн хэргийн материалыг нууцаас гаргасан. Т.Чимгээг суллана гэж гүйв. Б.Хурцыг ялд уналаа. Оролцоогүй гэвэл худлаа болно.
Ерөнхийлөгчийн сонгуультай бас л холбогдох бололтой. Цэц, Дээд шүүх, СЕХ-ны Ерөнхийлөгч болоод АН-тай холбоотой шийдвэрээс ангид байж чадаагүй л болов уу даа.
Хамгийн гол нь энэ бүхнийг бүгдээрээ хатуу хөл хорио тавьж байгаад араар нь шийдчихсэн байх юм.
Нэг зүйлийг онцлоход, Л.Оюун-Эрдэнийн үйлдлүүд нь системтэй, зохион байгуулалттай, төлөвлөгөөтэй яваад байгаа нь анзаарагдаж байна. Бас тэр хугацаатай “амлалт” ярьдаг, хариуцлага тооцож болох барьцтай.
Одоо нэг “юм” бий. Тэр Ерөнхий сайд болоод 100 хонолоо, яасан ийснийг нь дээр тоймлов. Та юу гэж дүгнэх вэ?