Хүн төрөлхтөн жил бүр 80 тэрбум шинэ хувцас үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ нөхцөл байдлыг өөрчлөхгүй бол 2030 он гэхэд хувцас үйлдвэрлэлийн салбараас гарч буй нүүрстөрөгчийн хэмжээ 2.5 тэрбум тоннд хүрэх төлөвтэй байна. Энэ нь 230 сая машины нэг жилд ялгаруулдаг утаатай тэнцэх хорт бодис юм. Тиймээс бид бага худалдан авч удаан хэрэглэх, хуучирсан хувцсаа хаяхын оронд хандивлах нь хүрээлэн буй орчноо хамгаалахад оруулж буй чухал хувь нэмэр юм. Их Британи улс л гэхэд 2017 онд 11 мянган хандивын дэлгүүрээр дамжуулж 330 мянган тонн хувцсыг газарт булахаас сэргийлж, хэрэгцээт хүмүүст хандивлажээ.
Хэрэв танд өмсөхөө больсон хувцас, хэрэглэхээ больсон эд зүйл, хүүхдийн тоглоом байгаа бол дараах газруудад хандивлах, хямд үнээр худалдаалах, солих боломжтой юм. Хуучин хувцас, эд зүйлсээ хандивлахаас өмнө угааж цэвэрлээд, ямар нэгэн үнэр, толбогүй болгох хэрэгтэй гэдгийг санаарай.
1. Мөрөөдлийн гэрэл эко дэлгүүр
БНСУ-д ажиллаж, амьдардаг залуус дахин ашиглах боломжтой төрөл бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдаалдаг "Мөрөөдлийн гэрэл" эко дэлгүүрийг өнгөрсөн жил нээжээ. Тэд хүмүүсийн хандивласан хувцас, тоглоом, эд зүйлсийг худалдаалж олсон орлогоороо дэлгүүрийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлдэг аж. Мөн тус дэлгүүрт өрх толгойлсон ээж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажилладаг.
2. Жавзандамба Хутагт Төв
Жавзандамба Хутагт төв 2011 оноос эхлэн жил бүр намар, өвлийн улиралд олон хүүхэдтэй, өрхийн орлого бага айлуудаар явж хүүхэд, том хүний өвлийн дулаан гутал, хувцас тараадаг уламжлал тогтоожээ. Хэрэв танд өмсөхгүй байгаа өвлийн гутал, куртик, малгай ороолт, ноосон цамц, өмд, хүүхдийн тоглоом зэрэг эд зүйлс, хувцас байвал хандивлах боломжтой.
3. Цэцээ-гүн Ротаракт клубийн Carebox төсөл
Цэцээ-гүн Ротаракт клуб 2013 оноос хойш нийгмийн хариуцлагын хүрээнд Carebox төслийг тасралтгүй хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд нийслэлийн 9 дүүргийн ТҮК ийн ажилчдад болон Баян-Өлгий аймгийн үерт автсан иргэдэд хувцас, ахуйн бараа зэргийг албан байгууллага, хувь хүнээс цуглуулж хүргэж өгчээ.
4. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв
ХЭҮТ нь Үндэсний хэмжээнд нийт 14 орон нутагт салбартайгаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд гэр бүл хүчирхийллийн хохирогч болсон хүмүүсийг хамгаалах, мэргэжлийн зөвлөгөө өгдөг байгууллага юм. Та мөнгөн болон мөнгөн бус (хувцас, эд зүйлс гэх мэт), ур чадвараар дамжуулан хүчирхийллийн хохирогчдод туслах боломжтой.
5. Хэрэглэхгүй эд зүйлсээ заруулдаг дэлгүүр
Тус дэлгүүр нь тавилга, буйдан, гэр ахуйн бараа, цахилгаан хэрэгсэл, дугуй ном, гутал, хувцас гэх мэт төрөл бүрийн хуучин, шинэ эд зүйлсийг худалдаалдаг бөгөөд бүтээгдэхүүн зарагдсан тохиолдолд 15 хувийн шимтгэл авдаг аж.
6. Холио Солио фэйсбүүк хуудас
Холио Солио фэйсбүүк хуудас нь хуучин хувцас хэрэглэлийн худалдаа болон солилцоог улирал тутам зохион байгуулдаг. Мөн үйл ажиллагааныхаа үеэр үнэгүй хандивлах хувцаснуудыг хүлээн авч, сайн дурын нийгэмлэгт хүргэж өгдөг билээ.
7. Refashion Mongolia групп
Хэрэв та хуучин эд зүйлсээ сэргээн засварлаж, өөр зориулалтаар ашиглахыг хүсэж байвал Refashion Mongolia группт нэгдээрэй. Уг группийнхэн хуучин хувцсыг дахин сэргээх, шинэлэг загвартай болгох, материалын үлдэгдэлгүй ашиглах зэрэг бүтээлч сургалтуудыг үнэ төлбөргүйгээр явуулдаг. Мөн хуучин хувцсаа хандивлах боломжтой.
8. Ариг банк
Ариг банкны бүх салбаруудад хувцас, тоглоом, гэр ахуйн зүйлс гээд хүнд хэрэгтэй бүхнийг хандивлаж болох Хандивын хайрцаг байдаг. Хандив нь Улаан загалмайн нийгэмлэгээр дамжаад тараагддаг.