С.Эрдэнэ: Бие даагч гишүүн улс төрийн намын дотоод үйл ажиллагаанд оролцож, хутгалдаад орилоод байж болох уу?
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр тус намын дарга С.Эрдэнэ бүртгүүлсэн. Нөгөө АН буюу Ерөнхийлөгчийн захиалгат О.Цогтгэрэл даргатай АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нэр дэвшихээр талбай дээр өлсгөлөн зарлаад байгаа юм.
Энэ талаар Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнэ “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа ийн ярьжээ.
''Энэ хүн Орхон аймгаас бие дааж нэр дэвшсэн. Янз бүрийн нөхцөл байдал дунд ялалт байгуулсан бие даагч гишүүн шүү дээ. Бие даагч гишүүн хэр нь өөрийн гэсэн бүлэгтэй улс төрийн намын дотоод үйл ажиллагаанд оролцож, хутгалдаад орилоод байж болох уу. Тэр хүнд хэн тийм эрх олгосон юм. Хэн ч эрх олгоогүй. Н.Алтанхуяг гэдэг хүн Ардчилсан намд ямар ч хамаагүй. Ардчилсан намын нэрийн өмнөөс дуугарах эрх Н.Алтанхуягт байхгүй.
Нэгдүгээрт, Ардчилсан намын гишүүн биш. Хоёрдугаарт, Ардчилсан намын бүлэгт орох хууль эрх зүйн ямар ч зохицуулалт байхгүй. Хуульд, УИХ-ын сонгуулийн үр дүнгээр тухайн намаас нэр дэвшиж сонгогдсон гишүүд найм ба түүнээс олон тоотой суудал авах юм бол бүлэг байгуулж болно гэж байгаа. Үүнээс өөр зохицуулалт байхгүй.
Ардчилсан намыг гадна талдаа эв нэгдэлгүй гэж харагдуулах улмаар АН- ыг сонгуульд оруулахгүй байхыг хүсэж байгаа Н.Алтанхуяг тэргүүтэй хэсэг нөхдүүд одоо боль оо.
Хууль давсан эрх мэдэл гэж байдаггүй юм аа. Хичнээн ч том толгойтой, эрх мэдэлтэй хүн байсан xуульд л захирагдана. Төрийн байгууллага руу дайрч ороод, хууль бус шаардлага тавьж, олон түмнийг бослого тэмцэлд уриалж, ийм ёс зүйгүй үйлдэл гаргахаа болиосой. Дахиад хэлье. Ардчилсан нам хоёр хуваагдаагүй. Хэсэг хүлэг хүмүүсийн хуульгүй, дүрэмгүй аашилж байгаа үйлдлийг бид өөгшүүлэхгүй.''
С.Наран