Бизнесмэнүүд “Дэлхийн түвшний менежер” сургалтаас олж авсан туршлагаасаа хуваалцлаа
ХААН Банкны Жижиг дунд бизнесийг дэмжих төвөөс харилцагч байгууллагуудынхаа удирдах ажилтан, захирлуудад зориулан бизнесээ амжилттай удирдах арга барил, манлайллын ур чадваруудыг хөгжүүлэх чиглэлээр “Дэлхийн түвшний менежер” онлайн сургалтыг зохион байгуулж байгаа юм. Энэхүү онлайн сургалтыг Английн “Глобал Гроуф Институт” болон “Гүрэн” академитай хамтран албан ёсны эрхтэйгээр хүргэдэг бөгөөд ХААН Банк сургалтын төлбөрийг бүрэн хариуцан харилцагч нараа үнэ төлбөргүй суралцуулж байгаа билээ. Өнгөрсөн жилээс тус сургалтыг явуулж эхэлсэн бөгөөд өдгөө 260 гаруй бизнес эрхлэгчийг сургалтад хамруулаад байгаа аж. Тэр дундаа ганц Улаанбаатар гэлтгүй хөдөө орон нутгийн харилцагчдаа ч онлайн сургалтад хамруулж буй. Энэ онд гэхэд Улаанбаатар хот болон орон нутгийн 170 гаруй захирал, дунд шатны менежерүүд хамрагдаж, өөртөө болон бизнестээ оюуны хөрөнгө оруулалт хийжээ.
1 Т.Хулан: Сургалтад хамрагдсан захирлуудын бизнесээ удирдах арга барилын өөрчлөлт гарч байгаа
Тус сургалтын зорилго, үр дүнгийн талаар ХААН Банкны Жижиг дунд бизнесийг дэмжих төвийн захирал Т.Хулангаас цөөн асуултад хариулт авсан юм.
-ХААН Банк харилцагчдадаа зөвхөн банк, санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээс гадна сургалтын үйл ажиллагааг явуулдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй байх. “Дэлхийн түвшний менежер” сургалтын зорилго юу вэ?
-Тийм ээ, манай банк зөвхөн санхүүгийн үйлчилгээ, төлбөр тооцооноос гадна бизнес эрхэлж байгаа харилцагч нартаа сургалт зөвлөгөө өгч бизнесийг нь өргөжүүлж сайжруулах, чадавхижуулах, бизнесээ удирдаж байгаа арга барилыг нь сайжруулах зорилготой. Жижиг дунд бизнесийг дэмжих төв маань анх ХААН Банкны “Бизнес инкубатор” төв нэртэй 2006 онд байгуулагдаж байсан. Үйл ажиллагаагаа өргөжүүлээд сүүлийн 10 гаруй жил харилцагч нартаа тогтмол сургалт зохион байгуулж байна. 2018 оноос эхлээд менежментийн зөвлөх үйлчилгээгээр харилцагч нарынхаа бизнесийг сайжруулж, чадавхижуулах ажлыг хийгээд явж байгаа. Ковидын хэцүү цаг үед зээл, бусад бүх санхүүгийн үйлчилгээгээ ХААН Банк тасралтгүй хүргэн ажиллаж байгаа. Үүнээс гадна хөл хорионы үед ААН эрхэлж буй захирлуудыг, бизнес эрхэлж байгаа хүмүүсийг хөгжүүлэх замаар бизнесээ илүү амжилттай, зөв удирдах арга барилд суралцуулах онлайн сургалтыг харилцагч нартаа үнэ төлбөргүй орж байгаа юм. Энэ бол Ковидын үед харилцагч нараа дэмжиж байгаа нэг хөтөлбөр юм.
-Энэхүү сургалт жил гаруй үргэлжилж байгаа юм байна. Сургалтын үр дүн эхнээсээ харагдаж байна уу?
- Сургалтад хамрагдсан захирлуудын хувьд мэдээж эерэг өөрчлөлтүүд маш их гарч байгаа. Бизнесээ удирдах арга барилаас эхлэн, хандлагаа өөрчлөх гэхчилэн өдөр тутмын үйл ажиллагаандаа сурсан, мэдсэнээ нэвтрүүлээд эхэлсэн гэдгээ бидэнд хэлж байна. ХХI зууны менежер ямар ур чадвартай байх, хэрэглэгчээ хэрхэн ойлгох, баг хамт олноо хөгжүүлэх, хурлаа үр дүнтэй удирдах, ажилтнуудынхаа гүйцэтгэлийг урам зориг өгөх байдлаар үнэлэх, өөрийгөө хэрхэн хөгжүүлэх зэрэг хувь хүний хөгжил, ур чадварыг нэмэгдүүлэх зэрэг олон сэдвийн хүрээнд энэ сургалт маань явагдсан. Ихэвчлэн бизнес эрхэлдэг захирлууд сургалтад хамрагддаг учраас 15, 15-аар нь нэг анги болгоод долоо хоногт нэг удаа хэлэлцүүлэг зохион байгуулдаг. Ингэснээр захирлууд хоорондоо танилцаж, салбар салбарын мэдлэгийг олж авч, хамтын ажиллагаагаа ч эхлүүлж байна. Энэ бол сургалтын бодит үр дүн юм.
-Одоогийн байдлаар хэдэн хүнийг сургалтад хамруулаад байна вэ. Цаашдын зорилго нь юу вэ?
-Манай банк энэ сургалтыг өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлсэн. Жил хүрэхгүй хугацаанд 260 гаруй харилцагч сургалтад хамруулсан байна. Ингэхдээ дан ганц Улаанбаатар хотын харилцагчдаа бус хөдөө орон нутгийн бизнес эрхлэгч, захирлуудыг ч хамруулсан.
2 Б.Даваасүрэн: ХААН Банк цар тахлын үед ч орон зайнаас үл хамааран харилцагчдаа сургаж, хөгжүүлэхийг зорьж байна
“Гүрэн” академийн захирал Б.Даваасүрэн: Английн “Глобал грөүф” институтийн “Дэлхийн түвшний менежер” хөтөлбөрийг “Гүрэн” академи албан ёсны эрхтэйгээр 2019 оноос Монголдоо хэрэгжүүлж байна. Аж үйлдвэрийн IV хувьсгалын энэ үед байгууллага болон бизнес амжилттай явах эсэх нь хүний хөгжилд суурилж байна. Тэр тусмаа менежер, захирал хүн өөрийн хувь хүний өсөлтөөрөө бусдад үлгэрлэж, багийн гишүүддээ тохирох сорилтыг зөв цаг хугацаанд өгч, идэвх оролцоог нь нэмэгдүүлж, бүтээмжийг өсгөж сурах нь нэн чухал байна. Бид “Дэлхийн түвшний менежер” хөтөлбөрөөр дамжуулан менежер, удирдагч хүнд байх ёстой арга барил болон менежментийн чиг хандлагыг сургадаг. Дэлхийн 50 гаруй улс оронд хэрэгжиж байгаа энэхүү хөтөлбөрийг ХААН Банк өөрсдийн харилцагч болох жижиг дунд бизнес эрхлэгчдэдээ хүргэж байгаад бид туйлын баяртай байна.
Хөл хориотой цар тахлын үед ч орон зайнаас үл хамааран харилцагчдаа сургаж, хөгжүүлэхийг хойш тавилгүй олон олон жижиг дунд бизнес эрхлэгч нарт сургалтаа амжилттай зохион байгуулж, хамтран ажиллаж байгаад “Гүрэн” академийн хамт олны зүгээс талархалтай байна.
Тасралтгүй суралцаж, сурснаа амьдрал дээр хэрэгжүүлж дадал болгосноор амжилттай иргэн, нэгдмэл баг хамт олон бүрдэж, тус байгууллага, бизнес өсөн дэвжих суурь тавигддаг. Энэхүү суурийг хамтдаа тавилцаж байгаа ХААН Банкны хамт олон болон сургалтад хамрагдаж байгаа жижиг дунд бизнес эрхлэгчдэдээ улам өндөр амжилт хүсье.
“Дэлхийн түвшний менежер” онлайн сургалтад хамрагдсан бизнес эрхлэгчид хувь хүний хөгжил, багийн ажиллагаа, багаа хэрхэн бүрдүүлэх, хэрэглэгчдээ мэдрэх гээд олон талын мэдлэг, мэдээлэл олж авчээ. Цар тахал гарч, хөл хорио тогтоож байгаа энэ үед бизнес эрхлэгч, захирлууд онлайн сургалт ямар үр дүнтэй байсан талаараа бидэнтэй хуваалцсан юм.
Бизнесийг хар ухаанаар явуулдаг байсан үе ард хоцорчээ
3 “Чиглэл” ХХК-ийн захирал Ц.Бумцэнд
Би “Дэлхийн түвшний менежер” сургалтад гуравдугаар сарын сүүлээр хамрагдсан. Дэлхийн түвшний менежер гэдэг тусгай хүн, тусгай боловсрол, мэдлэгтэй байх ёстой гэж жижиг дунд үйлдвэрлэгчид бодож, түүнээс цэрвэж байсан. Харин сургалтад хамрагдсанаар бидний өдөр тутмын бизнесээ явуулахдаа багаа хэрхэн зохион байгуулах, өөрийгөө хэрхэн хөгжүүлэх, багаа бүрдүүлж ажиллах, харилцааны соёл гээд олон төрлийн хичээл орсон. Хичээлүүдийнхээ зарим хэсгийг гэрийн даалгаварт судлаад, текстүүдээ бөглөөд, дараа нь сургалтынхаа тухай бусдадаа ярьж таниулж өгөх, компанийнхаа танилцуулгыг хийх гэсэн зарчмаар явсан. Үүний дараа сургалтын байгууллага буюу ХААН Банкны Жижиг дунд бизнесийг дэмжих төвийн сургалт явуулж байгаа багийнхан үлдсэн юм уу, хөндөгдөөгүй асуудлыг нэмж гаргаж санал бодлоо солилцох замаар үр дүнтэй сургалт болж өнгөрсөн.
Энэ сургалтад манай хамт олон багаараа суусан. Бүх хичээлийн сэдвийг маркетингийн менежерүүддээ өгөөд, түүнийгээ хэрэгжүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Бизнесийг хар ухаанаар явуулдаг байсан үе ард хоцорсон байна. Шинжлэх ухааны үндэслэлтэй, онолын түвшинд авч явах цаг үе ирсэн байна. Удирдлагатайгаа хэрхэн харилцах, цагийн менежментийг хэрхэн хийх, хурлаа яаж хийх гэх мэт олон сэдвээр сургалт орсон.
Энэ сургалтад хамруулсан ХААН Банкны Жижиг дунд бизнесийг дэмжих төвийн сургалт зохион байгуулсан хамт олонд маш их талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Банкийг зөвхөн банк санхүү, зээлийн үйлчилгээ явуулдаг гэж ойлгодог. Гэтэл ХААН Банканд ийм сургалтууд явагддаг гэдгийг тэр бүр хүмүүс мэдэхгүй байх. Цар тахлын үед маш хэрэгтэй, өгөөжтэй сургалт болсон. Бүх төлбөрийг ХААН Банкнаас санхүүжүүлсэн нь маш том хөрөнгө оруулалт юм. Хэрэглэгчээ дээдэлсэн, зээлийн бүтээгдэхүүнээс гадна сургалтаар харилцагчаа дэмжих бодлого барьж байгаа ХААН Банкны хамт олонд талархаж байна. Сургалт зохион байгуулсан албаныхан маш идэвхтэй, хичээл тэдэн цагт орно гэсэн мэдээллийг фэйсбүүк болон и-мэйлээр тасралтгүй өгдөг байсан.
Хэрэглэгчээ өөртөө татахын тулд юу хийх ёстойг сургалтаас ойлгосон
4 Дархан-Уул аймгийн “Арцат алтайн уулс” ХХК-ийн захирал Ж.Ариунтуяа
Компаниа 2014 онд үүсгэн байгуулж, өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. ХААН Банкнаас зохион байгуулсан “Дэлхийн түвшний менежер” сургалтад саяхан хамрагдсан. Энэ сургалтын давуу тал нь олон салбарын менежерүүд оролцож байсан учраас салбар салбарынхаа онцлогийг харуулж, хэлэлцүүлгээ өрнүүлж байсан нь давуу талтай байсан. Орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд ямар ур чадвартай байх ёстой, юугаа өөрчлөх ёстой вэ гэдгийг энэ сургалтаас мэдэж авсан.
Цар тахал, хөл хорионы үеийг ашиглаж өөрсдөдөө мэдлэгийн хөрөнгө оруулалт хийснээрээ давуу. Нөгөө талаараа бид бүтэн сар ажлаа орхиод сургалтад сууна гэдэг хэцүү. Харин онлайн сургалт учраас бараг ажлын байран дээрээсээ сургалтад хамрагдаад, хөгжөөд, орчин үеийн чиг хандлагыг мэдээд, бусадтайгаа санал бодлоо солилцоод явах боломж олгосон. Сургалтаас мэдэж авсан зүйлүүдээ ажил амьдрал дээрээ хэрэгжүүлээд явж байна. Жишээ нь, урам зориг түгээх гэсэн сургалтыг өдөр тутмынхаа ажил дээр хэрэгжүүлээд явж байна. Ажилчдадаа юу хэрэгтэйг судлаад, ажилчдынх нь зорилго компанийн зорилго нэгдэж ажиллаж чадвал боловсон хүчнээ тогтвортой барих боломж бүрдэнэ. Харилцааны ур чадвараа сайжруулж, хамгийн наад зах нь ажилтнууд маань өглөө, оройдоо мэндэлдэг болсон. Ингэснээр ажлын байран дахь харилцаа эерэг болж, хийсэн ажлаа дараагийнхаа хүндээ ойлгомжтой үлдээж явдаг болсон.
“Би өөрөө хэрэглэгч, хэрэглэгчээ өөртөө татахын тулд юу хүсэж байгааг нь өг” гэдгийг сургалтаар заасан. Энэ утгаараа ХААН Банк хэрэглэгчдэд нь яг юу хэрэгтэй байна вэ гэдгийг олж харсан учраас бидэнд яг хэрэгтэй зүйлийг өгч байгаа. Хөдөө орон нутагт, өдөр тутмынхаа ажилтайгаа зууралдаад, өөрсдийгөө хөгжүүлж чадахгүй, шинэ юм сонсож чадахгүй байгаа бидэнд энэ сургалтыг орсон нь маш өгөөжтэй хөрөнгө оруулалт болсон. ХААН Банк хэрэглэгчдээ судалсан, тэдэнд юу хэрэгтэйг нь маш сайн ойлгосон учраас бидэнд энэ сургалтыг өгсөн байх. Бидэнд хэрэгтэй сургалтыг, хэрэгтэй цаг хугацаанд нь орсон ХААН Банкныхаа хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье.
Удирдах аргаа барилаа илүү сайжруулсан
5 “Ивээл” брэндийг үүсгэн байгуулагч З.Рэгзэдмаа
ХААН Банкнаас зохион байгуулсан “Дэлхийн түвшний менежер” сургалтаас маш их зүйл сурч авсан. Маш үр дүнтэй сургалт болсон. Хамгийн гол нь удирдах арга барилаа илүү сайжруулсан. Бизнесээ амжилттай авч явахын тулд баг, хамт олон чухал гэдгийг маш сайн ойлгосон. Энэ сургалтын хамгийн их таалагдсан зүйл нь олон салбарын олон захирлууд бизнестээ тулгардаг салбар салбарын бэрхшээл, хэрхэн даван туулдаг гээд туршлага солилцсон нь хамгийн сонирхолтой байсан.
Бид бизнес эрхэлдэг учраас олон төрлийн сургалтад суудаг. Энэ сургалт гол зүйлүүдийг товчхон тодорхой зааж өгсөн нь надад таалагдсан. Олон зүйл сураад, бизнестээ хэрэгжүүлээд, бизнесээ амжилттай хэрэгжүүлээд явж байгаадаа маш их баяртай байна. Мөн урсгалаас гадна хувь хүнийхээ хөгжлийн тал дээр олон сургалт аваад чадвахижиж байгаадаа баяртай байна.
Эдгээрээс онцолж хэлэхэд шуурхай хурал, хэрэглэгчээ ойлгох, мэдрэх сургалтууд нь маш их таалагдсан. Энэ хоёрыг шууд бизнестээ хэрэгжүүлээд, захиргааны багтаа нэвтрүүлээд, худалдаа борлуулалтын багтаа би сургалт орсон. ХААН Банкны сургалт гэхээр би анх гайхаж хүлээж авсан л даа. Зээл өгөх, мөнгө хадгалах үйлчилгээ үзүүлэхээс гадна бизнесээ хэрхэн томруулах, ажлын байраа тогтвортой хадгалах тал дээр маш хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл, сургалт өгсөн нь маш их таалагдсан. Харилцагч нараа ингэж мэдэрч, хамтарч ажиллаж байгаа ХААН Банкны хамт олондоо маш их баярлалаа гэдгээ танай сайтаар дамжуулан хэлмээр байна.
Банк зөвхөн санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг гэдэг ойлголт ард хоцорчээ. Харин ч харилцагчдаа дэмжиж, тэдэнд шаардлагатай, хувь хүний хөгжил, бизнесээ амжилттай удирдах олон сургалт зохион байгуулж байгаа нь эргээд тухайн банкны эрсдэлийг ч бууруулж байгаа юм. Харилцагчид нь мэдлэг мэдээлэлтэй, бизнес нь өргөжин тэлэх хэрээр банкны үйл ажиллагаа хэвийн, тогтвортой үргэлжилнэ.
Эх сурвалж: Itoim.mn
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.