Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдох маргаан буюу тамгаа хэн нь гардах, эсэхийг шийдэх хуралдаан Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд өнөөдөр болох байв.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2021 оны хоёрдугаар сарын 2-нд “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамж гаргасан. Харин хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор уг асуудлыг өнөөдөр Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс буюу Н.Алтанхуягийн талаас “Тус шүүхийн нийт шүүгчдийг татгалзан гаргах тухай” хүсэлт гаргажээ. Тиймээс шүүгчдийн зөвлөгөөн уг хүсэлтийг хянан шийдвэрлэх хүртэл шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв. Ингэснээр АН-аас удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнэ, Н.Алтанхуяг хоёрын хэн нь нэр дэвших нь дахиад л тодорхойгүй үлдлээ.