Хандлагаа өөрчилье: Тархины саатай гэдэг нь оюуны бэрхшээлтэй гэсэн үг огтхон ч биш
Хүслээрээ бус үл мэдэх хувь тохиолоор хүн төсөөлж ч байгаагүй хэцүүхэн сорилтой нүүр тулдаг. Үүний нэг нь төрөлхийн эрүүл мэндийн эмгэг юм. Тодруулбал, олон мянган хүүхэд орчлонг харах нүд, сонсох чих, сэтгэлд нь “буцалж” байгаа тэр их хайраа ээж аавдаа илэрхийлэх чадамжгүй төрөх нь олонтаа. Энэ бол тийм гэнэтийн бөгөөд гайхам зүйл биш. Дэлхий дээр оршиж буй долоон тэрбум гаруй хүн амьдарч байгаа улс, эзэмшиж буй хөрөнгийн хэмжээнээсээ үл хамааран иймэрхүү сорилттой тулгарч л байдаг. Гэхдээ олон улсад эрүүл мэндийн ямар нэгэн бэрхшээлтэй хүүхдүүдийг энгийн хүүхэд мэт хүлээн авч, тэдний онцлогт тохирсон бүх үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэхэд эрх баригчдын бодлого чиглэж байдаг. Харин Монголд байдал эсрэгээрээ.
Чи эрүүл саруул төрөөгүй л бол эрх баригчид нь байтугай энгийн иргэд, садан төрлийн хамаатан ч хүн биш мэт үзэж, харуусал болоод өрөвдлийн харцыг хайр найргүй “чулууддаг”. Тэдний шидсэн энэ л “чулуу”-нд өртсөн олон мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд дан ганц бие махбодь бус сэтгэл зүрхээрээ өвдсөөр хэдэн арван жил өнгөрчээ. Тархины саатай хүүхдийг нийгмээрээ биднээс өөр “тусгай” гэж “жийрхэнэ”. Суралцах, хөгжих, амьдрах орчин нь огт өөр байх ёстой гэж хөндийрнө. Өөрсөдтэйгээ ижил хүүхдүүдтэй тусгай сургуульд сурах нь зөв гэж эрх баригчид шийдэн, тусгай сургууль, цэцэрлэг барьж, тэднийг нийгмээс, амьдралаас тусгаарлана. Энэ нь тэдэнд тус болох биш эсрэгээрээ хувь заяаг нь насаар нь өөрчилж, нийгмээс ангид хүн болгож байгаагаа бид ухаарч амжсангүй өдийг хүрлээ. Ихэнх хүн тархины саатай хүүхдийг оюуны хоцрогдол хавсардаг гэж ойлгодог. Гэвч ихэнх тохиолдолд тэдний оюун санаа саруул байдаг талаар бид өмнөх нийтлэлдээ бичиж байв. Харин энэ удаа энэ төрлийн эмгэгтэй хүүхдүүдэд боловсрол олгоход ямар асуудал тулгардаг талаарх эцэг эхчүүдийн байр суурийг хүргэж байна.
ИРГЭН Д.ЦОЛМОН: БҮХ ХҮҮХДИЙГ ТЭГШ ХАМРУУЛАН СУРГАНА ГЭСЭН ХУУЛЬ НЬ БОДИТ АМЬДРАЛ ДЭЭР ХЭРЭГЖДЭГГҮЙ
-Манай охин есөн настай. Дөрвөн мөчний саажилтаас болоод тэргэнцэр дээр суудаг. Анх 10 дугаар цэцэрлэгт сурч байгаад одоо 25 дугаар тусгай сургуулийн гуравдугаар ангид хичээллэдэг. Энгийн сургуульд өгөх гээд харьяа сургууль руугаа очсон ч “Бүх хүүхдийг тэгш хамруулан сургана” гэсэн хууль нь бодит амьдрал дээр хэрэгждэггүй юм билээ. Сургуулийн захиргаанаас “Танай хүүхэд бие даан суралцах чадваргүй. Сургууль лифтгүй. Мөн ийм хүүхэдтэй манай багш нар ажиллах боломжгүй” гэсэн хариу өгсөн. Харин тусгай сургуулийн багш нар хүүхдүүдийг сайн ойлгож халамжилж тааваар нь байлгадаг давуу талтай. Гэвч боловсрол олгож, мэдлэг эзэмшүүлэх талдаа дутагдалтай санагддаг. Охиноо анх өгөхөд “Хүүхдийн тань онцлогт тохируулан хичээлээ заана” гэсэн боловч хэлсэн нь биелээгүй. Аутизмтай, дауны синдромтой, тархины саатай гээд олон төрлийн бэрхшээлтэй хүүхдүүд нэг ангид сурдаг. Гэвч тус бүрийн онцлогт нь тохирсон хичээл заадаггүй. Тухайн хүүхэд юу мэдэж байгааг нь тодорхойлоод цааш нь хөгжүүлдэггүй.Тархины саатай хүүхэд бичихэд л хүндрэлтэй болохоос оюун санаа нь эрүүл байдаг. Гэтэл гуравдугаар анги атлаа өнөөдрийг хүртэл үсэг үзээгүй. 20-ын доторх тоогоо одоо дөнгөж үзэж байна. Тиймээс тархины саатай хүүхдийг энгийн сургуульд авч, онцлогт нь тохирсон арга барилаар ажиллах ёстой. Хууль гаргаад орхих бус хэрэгжилтэнд нь анхаардаг болоосой гэж олон жил хүсч байна. Өөрчлөгдсөн зүйлгүй байгаа нь харамсалтай.
ИРГЭН С.ХҮСЛЭНБААТАР: ТАРХИНЫ СААТАЙ ХҮҮХДҮҮД БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХ ЭРХ МОНГОЛД БАЙХГҮЙ
-Манай хүү 13 настай. Төрөхөд нь эх баригч буруу татсанаас болоод тархины саажилттай болчихсон. Тусгай сургуулийн зургадугаар ангид сурдаг. Сургуульд орохдоо 10-ийн доторх тоог цээжилчихсэн байсан хүүхэд сургуульд ороод энэ мэдлэгээ сайн нэмж чадсангүй. Бид өөрсдөө тулж ажиллъя гэхээр ямар арга зүйгээр хэрхэн яаж сургахаа мэдэхгүй юм. Нэгдүгээр ангид оруулахдаа 73 дугаар сургууль дээр очиж уулзсан. Эхлээд очиж уулзахад багш нартайгаа ярилцаж байгаад дараа хариу өгье гэсэн. Гэтэл удалгүй “Бага ангийн нэг ангид 40-50 хүүхэд суралцдаг. Туслах багшгүй учир өөрөө биеэ даах чадваргүй танай хүүхдийг сургах боломжгүй” гэж хэлсэн. Хүүгийн маань оюун ухаан нь эрүүл, өөрөө юм сурч мэдэхийг хүсээд байхад нь юу ч сургаж чадахгүй байгаадаа бухимддаг. Цээжлэх чадвар сайтайгаас гадна “Гадаад хэл суръя заагаад өг” гэдэг. Гэтэл бидэнд ямар ч арга барил байхгүй. Тархины саатай хүүхдүүдэд боловсрол олгоход Монгол үнэхээр хаалттай орон. Саажилттай хүүхэдтэй эцэг эхчүүдийг сургалтад хамруулж, хүүхэдтэйгээ ажиллах арга барилд сургамаар байна. Тэгвэл бид хүүхэдтэйгээ тулж ажиллан нийгэмд оролцох оролцоог нь сайжруулахыг, боловсролтой болгохыг хүсч байна.Хүүгээ төрснөөс хойш эхнэр минь огт ажил хийгээгүй. Учир нь өөрөө бие засаж, хооллож чадахгүй болохоор ээж шиг нь сайн асрах хүн олдохгүй. Энэ 13 жилийн хугацаанд гэрээс гараагүй, ажил хийгээгүй эхнэр маань өөрөө “хөгжлийн бэрхшээлтэй” болсноос ялгаа алга.
ИРГЭН Т.СОРГОГ: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙГ СУРГАХ АРГА БАРИЛЫГ ЗААЖ ӨГДӨГ МЭРГЭЖЛИЙН ХҮН ХЭРЭГТЭЙ
-Охин маань доод мөчний саажилттай. Өнгөрсөн намар энгийн сургуулийн нэгдүгээр ангид орсон. Бид биеийнх нь хөгжилд онцгойлон анхаарч хөдөлгөөн засах эмчилгээнд явуулдаг байсан учир дөрвөн нас хүрээд хөтлөөд явдаг болсон. Гэтэл сургуульд орсон чинь оюуны хоцрогдолтой болсон.Учир нь цэцэрлэгт байхдаа биеийн тамир, урлагийн үзлэгт ордоггүй, бусдыгаа хараад сууж байдаг байсан. Бид ч энгийн хүүхдүүдтэй хамт сургавал хөгжинө гэж бодсон. Гэтэл хөдөлгөөний хоцрогдол нь оюуны хоцрогдолд нөлөөлдөг юм байна. Тиймээс сургуульд ангийнхнаасаа хоцроод эхэлсэн. Эмнэлэгт үзүүлэх үеэр эмч нар “Хүүхэд тань хөдлөхгүй бол оюуны хоцрогдолд орно шүү” гэж хэлээгүй. Сургуулийн менежер, багш нар нь манай хүүхдийг ойлгодог ч сургаж чаддаггүй. Анги нь 48 хүүхэдтэй. Тиймээс багш нь манай охинтой тулж ажиллаж чаддаггүй, арга барилаа мэддэггүй. Энгийн хүүхэд нэг зүйлийг 2-3 хэлүүлж ойлгодог бол манай охин түүнээс хэд дахин илүү хэлүүлж байж ойлгодог. Тиймээс хувийн багш хөлсөлж хоцрогдлыг нь арилгахад анхаарч байна.
Сургууль, цэцэрлэгт багш болон эцэг эхчүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургах онцлох арга барилыг нь зааж өгөх мэргэжлийн хүн хэрэгтэй санагддаг. Энэ төрлийн бэрхшээлтэй хүүхдийг хэрхэн сургадаг талаар чиглүүлдэг хүнтэй болоосой гэж хүсэж байна.
Монгол улсад өнөөдрийн байдлаар хэдэн тархины саатай хүүхэд байдаг талаар албан ёсны судалгаа байхгүй ч төрийн бус байгууллагын хийсэн судалгаагаар 1600 гаруй тархины саатай хүүхэд байдаг гэх тооцоолол бий. Оюун ухаан нь эрүүл саруул эдгээр хүүхдүүдийг сургуульд сургахад ямар асуудал тулгардаг талаар эцэг эхчүүд ийн ярьж байна. Энгийн сургуульд тархины саатай хүүхдүүд сурах орчин нөхцөл дутмагаас гадна багш нарт заах арга барил байдаггүй. Харин тусгай сургуулиудад өөр өөр оюуны чадамжтай хүүхдүүд нэг ангид суралцаж, ижил хичээл үзнэ. Иймээс зарим нь хоцорч, нэг хүүхэд нэг ангидаа 2-3 жил суралцана. Тусгай сургууль гэдэг чухамдаа хөгжлийн бэрхшээлтэй гэх нийгмийн харилцаанд ороход төвөгтэй хүүхдүүдийг нийгэмд бэлдэж оруулах үүрэгтэй. Тиймээс бэрхшээл бүрийнх нь онцлогт тохирсон арга зүйгээр хүүхэд бүртэй тулж ажиллаж, энгийн сургуульд олгодог бүх мэдлэгийг ижил тэгш олгох ёстой. Гэтэл одоогийн Монголын нийгэмд тусгай сургуулийн есдүгээр ангийн хүүхэд гурван оронтой тоо үржүүлж, хуваагаад сууж байгаа нь боловсролын асар том доройтол юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулинд “Бүх шатны боловсрол олгох сургалтын байгууллагын багш, нийгмийн ажилтан нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлог хэрэгцээ, шаардлагад нийцсэн заах арга зүй, арга барилыг эзэмшсэн байна” хэмээн тусгасан байдаг билээ.
Бид бүгд тэгш эрхтэй. Сурч боловсрох, хөгжих боломжийг хүн бүрт олгодог нийгмийн түлхүүрийг атган суугаа мянга мянган хүүхдэд ижил тэгш хандаж, хуулинд заасан хөгжих боломжийг нь хангадаг багш нарыг бэлтгэж, тэднийг бусад хүүхдүүдтэй ижил орчинд, тохирсон арга зүйгээр сургах нь хамгийн үр дүнтэй шийдэл. Ямар ч бэрхшээлтэй хүний сэтгэлийг шархлуулахгүй, хавчин гадуурхахгүй, нийгмийн харилцаанд эелдгээр хүлээн зөвшөөрч хамтдаа хөгжих нь иргэн бүрийн наад захын хүнлэг чанар юм. Дэлхийн чиг хандлага ч ямар ч бэрхшээлтэй хүүхэд байсан бусадтай ижил орчинд сурч, хөгжих ёстой гэж үзэж байна. Дахин сануулахад тархины саатай байна гэдэг нь оюуны хомсдолтой гэсэн үг огтхон ч биш. Тиймээс нийгэм нь өөрөө саажилттай болчихоод байгааг хэн бүхэн анхаарч, цаашид энэ асуудалд эерэг хандлагаар хандах нь зүйн хэрэг юм.
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин