МАХН-ын Бага чуулган өчигдөр цахимаар хуралдлаа. 11 дэх удаагийн Бага чуулганы хуралдаан 97.5 хувийн ирцтэйгээр эхэлж, хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцлээ.
Үүх түүх, угшил нэгтэй намуудын улс төрийн байр суурь, үзэл бодлын зөрчилдөөн арилсан гэж үзэж МАХН, МАН нэгдэж, өнгөрсөн сарын 29-нд намын дарга нар хамтран ажиллах гэрээ байгуулсан билээ. Тэгвэл нэгдэн нийлж, улс төрийн үйл ажиллагаа явуулах тухай асуудлыг Бага чуулганы хуралдаанаар хэлэлцэн, баталгаажууллаа.
МАХН МАН нэгдсэнээр тогтолцооны шинэчлэл хийх замаар үндэсний аюулгүй байдлын бодлогыг шинэ түвшинд гаргах, сонгодог парламентын засаглалтай болох, байгалийн баялагийг ард түмний дундын өмч болгох, Монгол хүн Монгол орондоо сэтгэл хангалуун амьдрах нийгмийг бий болгож боловсрол, эрүүл мэнд, орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд төрөөс дэмжлэг үзүүлдэг болох, хараат бус хууль, шүүхийн байгууллагыг бий болгох, улс төрийн намын санхүүжилт, сонгуулийн системийг ил тод болгож, сайжруулах талаар бодлогоо нэгтгэж ажиллах тухай намуудын хамтын ажиллагааны гэрээнд туссан байна.
“МАН, МАХН нэгдэх нийлэх гэрээ”-г байгуулснаар улс төрийн нэгэн цул хүч болон идэвхтэй хамтран ажиллаж өмнөө тавьсан томоохон зорилго, зорилтуудыг тууштай хэрэгжүүлэх нь Монгол Улсын хөгжил дэвшлийг эрчимжүүлэх, Монголын ард түмний амар амгалан, аз жаргалтай амьдралыг цогцлоон байгуулах сайн сайхан үр дүнд хүргэнэ гэдэгт бүрэн итгэж байгааг намын удирдлагууд онцолсон байдаг.
Мөн бага чуулганы хуралдаанд МАН-тай нийлэхтэй холбоотойгоор Улс төрийн намын тухай хуулийн дагуу МАХН-ын гишүүдийн дунд хэлэлцүүлэг явуулж, нийт гишүүдийн 90 хувь дэмжсэн дүнг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, намуудын нэгдэх ажлын хэсгийн ахлагч Б.Тулга танилцуулав. Цаашид мөн улс төрийн намын тухай хуулийн дагуу намууд нэгдэн нийлэх тухай асуудлаар МАХН-ын Их чуулган хуралдаж шийдвэрлэх ёстой тул МАХН-ын Ээлжит бус Их чуулганаа энэ сарын 16-нд товлов.
Түүнчлэн бага чуулганаар улс төрийн нэгдмэл үйл ажиллагаа явуулж байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүхийг дэмжиж ажиллах тухай шийдвэр гаргалаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин