Ширхэг чулуу ч эх орны өмч...
Хэдхэн төгрөгний төлөө нутаг усныхаа чулууг ухдаг, түүдэг, худалддаг монголчууд байсаар. Эх орондоо, нутаг усандаа хайртай монгол хүн мөн үү?
Жилд 15 тн хүртэл үзмэн мана, оюу, хас, солир, чүнчигноров, каварцит, ногоон цахиурын төрлийн чулуунууд урагш зөөгддөг ба хамгийн харамсалтай нь тэдгээр чулууг “барилгын материал” гэж зүтгэдэг гэнэ. Хятадууд хэт хямд үнээр голж шилж сорчлон авсан чулуугаа засаж янзлаад бусад оронд өндөр үнээр зардаг.
2014 онд Дорноговийн Айраг сумаас олдсон 1м урт чүнчигноров Хонконгийн чулууны бирж дээр 1 сая доллараар зарагдсан гэх бөгөөд /эх сурвалж МNB/ харин зарсан монгол нь ердөө 200 мянган төгрөгөөр өгчихсөн байсан сурагтай. Яагаад ийм өрөвдөм үнэ цэнэгүй, өчүүхэн юм бэ?
Хэдхэн жилийн өмнө Хэнтий аймгийн Батноров сумын Засаг дарга нутгийнхаа чулууг ухуулахгүй, урагш зөөлгөхгүй гэж тэмцсэнийхээ төлөө хэвтэрт ортлоо зодуулж байхад эрх мэдэлтнүүдээс хэн ч өмгөөлөөгүй. Харин зодуулсан засаг даргын нүүр царай л харагдаад байсан болохоос хохироосон, зодсон, хуйвалдсан тэр хүмүүсийн нүүр царайнаас нэг нь ч харагдаагүй. Хүчиндүүлсэн, зодуулсан, доромжлуулсан хүмүүсийн царайг хайр найргүй шогширч ирээд сошиалиар дүүрэн мэдээ болгож цацдаг хэрнээ яагаад хохироосон “зэрлэг балмад этгээд”-үүдийн царайг харуулдаггүй вэ?
Чулууны наймаа нь хил гааль дээр их хэмжээгээр илэрч хураагддаг гэнэ. Илрээд баригдаад байдаг юм бол ТВ-ээр, сошиалаар нүүр царайг нь харуулж бүх нийтээрээ жигшдэг болмоор байна.
Монгол орны бүх зүйл Хятадын үйлдвэрлэлийн түүхий эд байх ёстой юу? Монгол орон ханган нийлүүлэгч биш ҮЙЛДВЭРЛЭГЧ орон байх ёстой. Байгалийн гаралтай бүх зүйл гадагш зөөгдөж байна. Гаргасан бүхнийгээ буцаагаад өндөр үнэ төлөн хэрэглэж суудаг. Шуудай шуудайгаар зөөгдөж байгаа чулуу нь мод, ургамал биш. Эргэж ургахгүй. Монгол орны ширхэг чулуу ч ЭХ ОРНЫ ӨМЧ.