ДЭМБ-аас Хятадын хоёр вакциныг ирэх долоо хоногт баталгаажуулахаар төлөвлөж байна
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ирэх долоо хоногийн сүүлчээр Ковид19-ын эсрэг дархлаа тогтоох Хятадын гол хоёр вакцин болон АНУ-ын "Модерна"-ийн вакциныг яаралтай нөхцөлд ашиглахыг зөвшөөрсөн жагсаалтандаа оруулж, баталгаажуулахаар төлөвлөснийг тус байгууллагын орлогч ерөнхий захирал Марианжело Симао өнгөрсөн бямба гаригт өгүүлжээ.
Тодруулбал ДЭМБ-ын харьяа бие даасан ажлын хэсэг "Модерна"-ийн вакциныг одоо баталгаажуулж байгаа бол ирэх долоо хоногт Хятадын Sinopharm, Sinovac Biotech компаниудын хоёр вакциныг баталгаажуулах ажлыг гүйцэтгэх аж.
"Тэгэхээр ирэх долоо хоногийн эхээр болон сүүлчээр эдгээр гурван вакцины эцсийн шатны баталгаажуулалт хийгдэх юм" хэмээн Марианжело Симао мэдээлсэн байна.
ДЭМБ-ын яаралтай нөхцөлд ашиглах жагсаалтад орсноор тухайн вакцин нь аюулгүй, коронавирусээс хамгаалах үр дүнтэй гэдэг нь албан ёсоор зөвшөөрөгдөхийн зэрэгцээ дархлаажуулалтын ажилд нь туслалцаа хэрэгтэй орнуудад зориулсан олон улсын COVAX хөтөлбөрийн дагуу ашиглах боломжтой болох юм.
Эх сурвалж: Reuters