Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров сэтгүүлч Н.Өнөрцэцэгээс уучлалт гуйжээ
Монголын сэтгүүлчдийн хамтран бүтээж, найман телевизээр зэрэг цацдаг "Мэдээллийн урсгал" хөтөлбөрийн өчигдрийн буюу 5-р сарын 1-ний дугаарт Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар хөгжмийн зохиолч Н.Жанцанноров уригдаж оролцсон билээ. Ярилцлагын явцад zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгт хэлсэн Н.Жанцанноров гуайн үг цахим орчинд багагүй шуугиан тарьж, наргианы сэдэв болсон юм.
Тодруулбал, Н.Жанцанноров "Өндөр байшин барихад сайн суурь хэрэгтэй" гэхэд сэтгүүлч яриаг нь тасалж, "Хундаам л даа" хэмээн залруулжээ. Харин Н. Жанцанноров "- Аан баярлалаа. Монголоор хундаам гэдэг юм уу? Би гадаадаар суурь гээд ярьчихлаа!" хэмээн ёжтой үгээр хариу барьсан юм.
Энэ явдлын бичлэг твиттер, фэйсбүүкт нэлээн газар авсны дараа сэтгүүлч Н.Өнөрцэцэг "Хүн алсангүй, хүчин хийсэнгүй, хулгай хийсэнгүй, улсын мөнгө идсэнгүй, авилга авсангүй, банк дампууруулсангүй, байгаль орчин сүйтгэсэнгүй, бэлгийн дарамт үйлдсэнгүй, ажилдаа хариуцлагагүй хандаж корона тараасангүй. Барилгын цементэн суурийг “хундам” гэж хэлээд л шүүмжүүлж байдаг. Гол асуудалдаа анхаардаггүй бидний энэ байдлыг улс төрчид үнэхээр гоё ашигладаг юм байна." хэмээн өөрийн цахим хаягтаа бичжээ.
Харин ардын жүжигчин Н.Жанцанноров өчигдөр твиттер хаягтаа:
Мэдээллийн урсгалд Фундамент үгэнд эгдүүцсэн нь монгол хэлээ зөв хэрэглэх үлгэрлэлийг сэтгүүлчид, улс төрчид, нийгэм соёлынхон түүчээлэх ёстойг сануулахыг оролдсон нь Өнөрцэцэгт тусчээ. Хувь хүн рүү нь хандаагүй болохыг ойлгоно гэдэгт итгэлтэй бна. Эрхэм дүү ахыгаа уучилна биз ээ.
хэмээн жиргэж, уучлалт гуйжээ.