О.Цогтгэрэл даргатай АН-аас Н.Алтанхуяг, М.Тулгат даргатай АН-аас С.Эрдэнэ нар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болов
УИХ-д суудалтай нам, эвслүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах хугацаа өнөөдрөөр дуусгавар болох билээ. Тэгвэл "Хоёр толгойтой" болсон АН-аас урьд шөнө буюу 5-р сарын 1-нд тус бүр нэр дэвшигчдээ тодруулсан байна.
"Хоёр толгойтой" болсон АН-ын шинэ дарга нарын хэнийг нь ч Улсын дээд шүүх бүртгээгүй. Гэсэн ч хоёр тал аль аль нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулахаар дотоод сонгуулийн үйл ажиллагаа өрнүүлсэн юм.
М.Тулгат даргатай АН-аас УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал, Л.Гүндалай, С.Эрдэнэ нар нэр дэвшихээ зарлаад байсан. Тэгвэл тус намын дотоод сонгуульд С.Эрдэнэ 1,953.05 оноогоор тэргүүлэн Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр тодорсон байна. Бусад нэр дэвшигчийн хувьд,
- Р.Амаржаргал 1,826.03
- Ц.Оюунгэрэл 1,719.03
- Л.Гүндалай 1,463.92
- Д.Ганбат 637.28 оноо авчээ.
Харин О.Цогтгэрэл даргатай АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Д.Ганбат, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нар нэр дэвшихээ илэрхийлж, Дотоод сонгуулийн хороонд бүртгүүлээд байсан. Гэхдээ дөрвөн нэр дэвшигчийн нэг нь буюу Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өчигдөр нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн юм.
Дотоод сонгуулийн санал асуулгын үр дүнгээр УИХ-ын гишүүн Норовын Алтанхуяг 81.06% буюу нийт 43,994 хүний санал авч ялалт байгуулсныг тус намаас зарлалаа.
Нэр дэвшихээ илэрхийлсэн горилогчдыг тус бүрийн дотоод сонгуулиар тодруулж, нэр дэвшигчийн материалыг СЕХ-нд хүргүүлэх юм. Харин СЕХ хоёр АН-аас нэр дэвшигчдийн чухам хэнийг нь бүртгэхээ шийднэ.