Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 9-нд болно. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооноос хуульд зааснаар нэр дэвшигчдийг ирэх ням /2021.05.02/ гаригаас эхэлж бүртгэж эхэлнэ.
Нэр дэвшигчдийг бүртгэх үйл ажиллагаа тавдугаар сарын 5-ны өдрийг хүртэл гурав хоног үргэлжлэх юм.
Харин парламентад суудалтай дөрвөн нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвших үйл ажиллагааг өнөөдрөөс /2021.04.30/ эхлүүлж, тавдугаар сарын 02-ны өдрийг хүртэл зохион байгуулж, намаасаа хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ тодорхой болгох ёстой. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчид ирэх ням гаригт албан ёсоор тодорхой болох юм.
Тэгвэл МАН-ын Бага хурал ирэх ням /2021.05.02/ гарагт болж, нэр дэвшигчээ тодруулна. Түүнчлэн эл өдөр АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, нэр дэвшигчээ албан ёсоор зарлаж, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлнэ. Одоогоор АН-аас Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөх хүсэлтээ Х.Тэмүүжин, С.Ганбаатар, Ц.Оюунгэрэл, Н.Алтанхуяг нар гаргаж, бүртгүүлээд байгаа талаар эх сурвалж мэдээллээ.