“Дубай-2” үргэлжлэх юм биш биз?
Оюутолгойн гэрээнд Монголын талын эрх ашгийг хангуулах асуудлыг хэлэлцсэн хоёр талын хэлэлцээ эхэлсэн ч тодорхойгүй хугацаагаар хойшлов. Шалтгаан нь “Covid-19”-ийн нөхцөл байдал гэж “Рио Тинто” компанийн зүгээс мэдэгджээ.
Монголын талын эрх ашиг бол мэдээж Монгол Улсыг өрийн дарамтад оруулж ирсэн “Дубайн гэрээ”-г хэрхэх тухайд асуудал чиглэнэ гэж олон нийт таамаглаж байв. Ажлын хэсэг ахалсан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ч өмнө нь ингэж хэлж байсан. Дэд ажлын хэсгийн ахлагч Ц.Даваасүрэн ч ийм байр суурийг удаа дараа илэрхийлж ирсэн.
Гэвч хэлэлцээ “Дубайн гэрээ”-г бүхэлд нь цуцлах болон түдгэлзүүлэх бус харин ч “Дубай-2” болгон өргөтгөж, цааш үргэлжлүүлэхээр болчихлоо гэж харагдаж байгаа юм. Харагдах ч биш бодитой хэрэгжихээр болж хоёр тал гэрээ зурсан, харин Монголын Засгийн газар батламжлах эсэх нь тодорхойгүй байгаа гэсэн үг.
Тухайлбал, энэ сарын 9-нд “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компанийн хооронд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад зориулж 2.3 тэрбум ам.долларын нэмэлт зээл авах тухай хэлцэл хийсэн нь тухай мэдэгдэл тус компанийн албан ёсны цахим хуудаст байршсаныг хэвлэлүүд мэдээлсэн. Энэ хэлцэл “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс”-ийн төлөөлөл Монголын Засгийн газраас томилогдсон ажлын хэсэгтэй хэлэлцээ хийхийн өмнө болсон гэдгийг тодотгох ёстой байх. Өөрөөр хэлбэл, хоёр тал хоорондоо ийм тохироотойгоор Монголын талтай хэлэлцээ эхлүүлсэн байгаа юм.
Хоёр компанийн хоорондох тус хэлцэлд Монголын Засгийн газраас дэмжлэг авах тухай асуудал тусгасан байсныг Дэд ажлын хэсгийг ахалж буй Ц.Даваасүрэн гишүүн хэлэхдээ “Дэмжлэгтээ зориулан зардал гаргах тухай ч заалт харагдсан. Манайхныг лоббидох, хатуу хэлбэл авлигадах гээд байгаа зардал юм уу. Тиймээс манай Түр хороо УИХ-ын\ энэ сарын 20-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээрээ аливаа нэмэлт санхүүжилт, зээлийн асуудлыг зөвшөөрөхгүй байх чиглэлийг Засгийн газарт өгсөн” гэдгээ хэвлэлээр ил тод ярьсан. Түүний үзэж буйгаар энэ зээл нь 10 тэрбум ам.доллар болж төлөгдөх тооцоотой. Ийм хэмжээний зээл дахиад авбал эцсийн дүнд Монголын талд дарамт болж үлдэх 22.4 тэрбум ам.долларын өр улам нэмэгдэнэ” хэмээн хэвлэлээр ил тод ярьсан.
Уг нь хөрөнгө оруулалтын гэрээгээр “Рио Тинто” компани хөрөнгөө оруулж ашигтай ажиллуулах, үйл ажиллагааны орлогоороо дараагийн хөрөнгө оруулалтаа хийж явах үүрэгтэй. Гэтэл байнга шалтаг, шалтгаан тоочиж, тухайлбал далд уурхайн гүний ажил эрсдэлтэй байна, чулуулаг ихтэй байна, ажил урагшлахгүй, наэмэлт тоног төхөөрөмж шаардагдах боллоо гэхчлэн зардлаа нэмж ирсэн. Эхэндээ Монголын талаас асууж байснаа, сүүлдээ бараг л дур зоргоороо хандаж зардлаа нэмэх болсноор 4.4 тэрбум гэж тохирсон зардлаа 15 тэрбум болгосон. Тэгэхээр далд уурхайн өрөмдлөгийн ажил хүндэрсэн үү, чулуулаг ихтэй гэдэг нь үнэн үү гэдгийг газар дээр нь очиж үзсэн, судалсан, мэргэжлийн баг томилж ажиллуулсан удаа огт байхгүй. Монголын талаас ямар ч хяналт тавиагүй. ТУЗ-д нь ажиллаж байгаа гурван хүн цалин авдаг “мануухай” байснаас биш асуудал хаашаа яаж эргэж байгаа, юу болоод байгаа талаар Засгийн газар, УИХ-д асуудал оруулсан, үгүй ядаж мэдээллээр хангасан удаа бараг л үгүй.
Өмнийн говьд ажиллаж байсан ахмад геологчид, мэргэжлийн хүмүүс говийн эмзэг зөөлөн хөрсөнд өрөмдлөг хийхэд “Рио Тинтой” компанийнхны хэлж байгаа шиг тийм хэцүү биш, тэр бол шалтаг гэцгээдэг юм билээ. Энэ бол Монголын төр эрдэмтэн, судлаачдаа сонсдоггүй. Улс төрчдийн амаар, авлига авсан түшээдийн лоббигоор шийдвэр гаргадаг гэдгийн бас нэг илрэл, нотолгоо ч гэж болох юм.
Баялгаа ухуулчихаад, дээр нь зээлийн барьцаа гаргаж өгч хөрөнгө оруулалт хийгээд, ирээдүйдээ өр овоолоод явдаг манайх шиг улс дэлхийн хаана ч байхгүй байх. Тэгээд ч энэ оны эхнээс дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ нэмэгдсэн. Эхний улирлын байдлаар Лондоны металлын бирж дээр ирэх гурван сарын хугацаанд худалдан авах зэсийн гэрээний үнэ нэг хувиар өсч 7.990 ам.долларт хүрсэн. Шанхайн фьючерсийн бирж дээр гуравдугаар сард хамгийн идэвхтэй арилжаалагддаг зэсийн гэрээний үнэ 1.6 хувиар өсч, нэг тонн нь 58.810 юаньд хүрсэн мэдээлэл байна. Нөгөө талаар энэ бол “Рио Тинто”-гийн борлуулалтын орлого ч нэмэгдэж байгаа гэсэн үг юм.
Зарим хүн хэлдэг, хэн байхаас үл хамаарч Монголын Засгийн газар, Ерөнхий сайд нь өөрийн биеэр Дубайд гүйж очоод гарын үсэг зурсан гэрээ учраас Монгол Улс дуртай ч, дургүй ч хариуцах ёстой гэж. Тэгвэл арбитрч, шинжээчдийн зүгээс хэлэлцээгээр шууд Дубайн гэрээ”-г цуцлах бус Лондоны Арбитраар шийдүүлэх хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлдэг. Хоёр тал хийсэн гэрээгээ хоорондоо яриад зохицуулж чадахгүй бол холын Америкт очиж олон улсын шүүхээр шийдүүлэх гарц бий гадэг нь хэнд ч ойлгомжтой. Тэгэхээр өнөөдөр Ч.Сайханбилэгийн эхлүүлсэн “Дубайн гэрээ”-г цуцлах уу, “Дубай-2” хувилбарыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар батламжлах уу гэдгийг хэлэлцээгээр шийдэх болчихоод байна.
Аль ч тохиолдолд монголчууд “Дубайн гэрээ”-г цуцалж байж л ашиг хүртэх болохоос өр төлөх ёсгүй юм. Далд уурхайн санхүүжилтэд дахиад өндөр хүүтэй зээл авах эрх өгч, “Дубай-2”-ийг батламжлах юм бол Монгол Улс өрийн дарамтаас гарахгүй нь ойлгомжтой.
Эцэст нь хэлэхэд, мэдээлэл нэг шугамаар, нэг амаар л тараагдах, тодруулбал олон талын хэлэлцүүлэг өрнүүлэлгүй “хайрцагт хийлгэж” байгаад “Дубай-2” төлөвлөгөөгөө батламжуулах сонирхол “Рио Тинто”-д байх шиг.
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин