Л.Оюун-Эрдэнийн карьер вакцинжуулалтаас хамаарахаар болчихлоо
Урьд хожид хүн төрөлхтний тулж байгаагүй, “танихгүй” вирус дэлхий нийтийг нөмрөөд байна. Титэмт гэж нэрлэсэн энэ вирусийн гаралтай цар тахал Монголыг ч тойрсонгүй. Бид зуу шахам хүнээ алдлаа.
Энэ цар тахлыг давах ганцхан зам бий. Тэр нь вакцинжуулалт юм. Одоогоор цөөхөн улс орон цар тахлын эсрэг вакцин үйлдвэрлэж байна. Тиймээс дэлхийн улс орнууд вакцины төлөөх “дайтаж” байна.
Үйлдвэрлэгч улсууд өөрсдийн иргэдийг вакинжуулахаар экспортоо хумиад эхэлсэн. Тухайлбал, 144 сая хүн амтай ОХУ-д 11.9 сая хүн вакцины эхний тунг, 7.5 сая хүн хоёр дахь тунгаа хийлгэсэн. 4 771 372 хүн халдвар авч, 108 588 өвчтөн нас барсан гэх мэдээллийг тус улсын мэдээллийн агентлагууд хүргэжээ.
Энэтхэг улс дахь нөхцөл байдлыг бид бүгд мэдэж байгаа. 1.3 тэрбум хүн амтай энэ улсад ердөө сүүлийн тавхан хоногт халдварын тоо огцом нэмэгдсэн. Уржигдар гэхэд л 353 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 2812 хүн нас баржээ.
Ийм шалтгаантай холбоотойгоор Монгол Улсын захиалгатай вакцин саатаж буй аж. Гэхдээ хатуу хөл хорионы эхний 14 хоногийн сүүлчээр 950 гаруй мянган тун вакцин буулаа. Одоо энэ вакциныг тарьж байгаа юм.
Энэ нь мэдээж, бүх хүнд хүрэхгүй. Тэгэхээр дараагийн вакцин хаанаас, хэзээ ирэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Хариултыг одоогоор албан ёсоор хэн ч өгөхгүй байна.
Ямартаа ч манай улс 1.3 сая тун “Спутник V”, гурван сая тун “АстраЗенека”, 500 мянган тун “Пфайзер” вакцин, дөрвөн сая тун “Синофарм” вакцины захиалга өгсөн гэх сарын өмнөх мэдээлэл бий.
Гэвч дээр хэлсэнчлэн вакцин үйлдвэрлэгчид экспортоо багасгасан нь вакцинжуулалтын явц дахиад тасрах вий гэсэн эргэлзээ төрүүлж эхэллээ.
Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтын талаар бүр хугацаатай ам гарчихсан. Тэрээр гуравхан хоногийн өмнө тавдугаар сарын 10 гэхэд Улаанбаатарын иргэдээ эхний тунд, зургадугаар сарын 1 гэхэд хоёр дахь тунд хамруулна гэж ярилаа. Өмнө долдугаар сарын 1 гэхэд Монгол Улсын Засгийн газар бүх хүнээ вакцинд хамруулна гэчихсэн.
Ерөнхий сайдын хувьд ингэж хэлж байгаа боловч цаанаа сандралтай байгаа аж.
Өдөр бүр вакцин үйлд-вэрлэгч улс орнуудын Ерөнхий сайд нартай өөрөө утас “цохиж” вакцины нийлүүлэлт, ачилтын талаар ярих болсон байна. Уржигдар гэхэд вакцин үйлдвэрлэгч ОХУ, БНХАУ, БНЭУ-ын Монголд суугаа Элчин сайд нарыг хүлээж авч уулзлаа.
Энэ үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов вакцин нийлүүлэлтийг эрчимжүүлэх талаар онцгой анхаарахаа илэрхийлсэн байна. Мөн “Азид цар тахлын дөрөв дэх давлагаа эхэлсэн энэ үед Монгол Улсын Засгийн газар цар тахлын эсрэг хариу арга хэмжээг оновчтой хэрэгжүүлж байна. Иргэдээ богино хугацаанд эрчимтэй дархлаажуулж, хүн амынхаа тоонд харьцуулахад Азийн улс орнуудын дунд тэргүүлж байгааг тоон үзүүлэлтүүд харуулж байна” гэжээ. Үнэхээр ч манай улс халдвар өндөр байгаа ч вакинжуулалтын хувиараа өндөр явж байгаа нь үнэн.
Гэхдээ л үйлдвэрлэгч орнуудад нөхцөл байдал хүнд байхад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ам гарсан хугацаандаа вакцин авчирч, бүх хүнээ хамруулж барах болов уу.
Нөгөө талаас, энэ вакцинжуулалтын асуудал бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн цаашдын карьертай ч холбоотой болчихлоо.