Үгсэн хуйвалдаж, үнэ нэмсэн “Хүчит шонхор”-ыг 29 саяар торгожээ
"Хүчит Шонхор" компани нь давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, иргэдийг хохироож байна хэмээн үзэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хуулийн дагуу арга хэмжээ авч эхэлжээ.
Тодруулбал, “Хүчит шонхор” бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд тодорхой шалтгаангүйгээр махыг худалдаалахгүй, төөрөгдүүлэх, үгсэн хуйвалдаж үнэ тохирч худалдаалан НОЁЛОХ үйл ажиллагаа явуулж, махны үнийг зохиомлоор хөөрөгдүүлж, дамлан худалдаалж буй нь нотлох баримтаар тогтоогдсон тул жилийн борлуулалтын орлогын дөрвөн хувиар буюу 29140676 (хорин есөн сая нэг зуун дөчин мянга зургаан зуун далан зургаан) төгрөгөөр торгожээ.
Өөрөөр хэлбэл, тус компани 2020.07.02-ны өдрөөс "Махны худалдааны түрээсийн зах зээл"-д давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон байдаг. Тиймээс Өрсөлдөөний тухай хуулийн 7 зүйлээр Давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоохыг хориглодог. Гэвч тус төвд хэдхэн ченж бүх махыг хамгийн хямдаар бөөндөн авч, өөрсдийн дураар үнэ тогтоон, дамлан худалдаалсаар байгаа юм.
Монголчуудын махны зах зээл хэдхэн хүний атганд орж, улмаар хөл хориотой зэрэгцэн махны үнэ улам бүр нэмэгдэж, орлогоо сойлгосон иргэдийн нуруунд ачаа үүрүүлж, дарамт үүсгэж байгаа тус газрыг ганц ШӨХТГ ч биш, татвар, мэргэжлийн хяналт, аудит зэрэг байгууллагууд шалгах шаардлага үүсээд байгааг энд ОНЦЛОЁ.