Дэлхийн хэвлэл хямарсан, бутарсан, хэрэлдэж уралцсан хэдэн улс төрчөөр Монгол орныг төсөөлж, мэдээлж байна
Монгол улс бутрах ёстой юу буюу улстөрчдийн гадаад дахь түлэнхий царай
Оюутан үедээ би номноос нэг сэдвийг нэлээд шимтэн судалдаг байлаа. Монголын тухай гадныхан юу гэж бичив гэдгийг. Түүхийн, урлагийн, спортын, соёлын, цэрэг армийн гээд есөн шидийн сэдвийн номыг эргүүлж харсан юмдаг. Одоо ч гэсэн энэ хэвээрээ.
Гэхдээ сүүлийн жилүүдэд гадаадын сайтуудыг баахан ухаж төнхдөг болсон. Өмнөхөөсөө ч илүү шунадаг болж. Монгол түмнийг маань, Монгол орныг минь гадныхан юу гэж дүгнэв, ямар гэж тодорхойлов, ер нь яагаад ингэж дүгнэв гэж ирээд л цаад санаа, далд шалтгааныг нь ухаж ойлгоход илүү шимтэнэ.
Тиймээс олон жил энэ чиглэлээр хоббирч ирсэн сэтгүүлч хүний хувьд би нэг л зүйлийг бат ойлгож авсан. Гадныхан монгол түмнийг улстөрчдөөр нь төсөөлж, Монгол орныг улс төрөөр нь ойлгодог юм байна. Хэдэн сар дамжин үргэлжилж буй улс төрийн одоогийн хямрал байна аа даа. Дэлхийн хэвлэл мэдээлэл гагцхүү үүнийг л мэдээлж байна. Хямарсан, бутарсан, хэрэлдсэн, уралцсан гэдэг үгийг ёс мэт хэрэглэж байна.
Гадаад дахь MOHГOЛ ЦAPAЙГ 20-иод жилийн турш ингэж харлуулсан улс төрчид нь өөрсдөө “Одоо болио, Монголоо муухай харагдууллаа” гэж хоосон дөвчигнөх нь инээдтэй. Их хурал дээрээ хэн нь хахуульчин, аль нь авилгачнаа ялгахгүй ярдаглалцах нь бүр ч шившигтэй. Энийг чинь ертөнцийн хэвлэлүүд Copy/Paste-аад тэр чигээр нь мэдээлж байна шүү дээ, ертөнцийн хүмүүс тэгж л ойлгон авч байна.
Хөөрхий хүний газар хуруу хумсаа шалбалан суугаа элэг нэгтнүүдэд маань л хэцүү байдаг байх даа, чих нь халууцаад. Би лав гадаадад очоод таагүй түүхтэй учирч л байсан. “Танай Монголын Засгийн газар нэг, нэг жилээр ээлжлэн ажилладаг юм уу” гэж асуухад нь нүүр минь айхтар их улалзаж билээ.
Уг нь манайх шиг бяцхан орныг дэлхий тоогоод юу шалиа аж. “Монголд” гээд дурдчихаар үйл явдал хайж хэд гурван мэдээлэл л цуглуулдаг байх. Дэлхийд мандсан өнөө цагийн алдартнууд нь хэн бэ гээд хайдаг байж таараа. Гэтэл энэ гээд эргүүлж тойруулаад мөлжчих супер одод нь манайд хараахан алга. Өвгөд өтгөсийн маань бүтээсэн гайхамшигт түүх байх авч түүнийгээ илтгэх түүхт цогцолбор, байгууламж түй ч үгүй.
Ийм тохиолдолд гадны сэтгүүлчид Монгол орны улс төрийн мөнхийн хямралыг өгүүлж, монголчуудын байнгын улстөржих синдромыг өгүүлэхээс өөр яах юм. Тэдэнд олддог ганц сэдэв нь угаасаа энэ юм чинь. Улсаа самарч, нийгмээ улстөржүүлж үзээгүй улсуудад энэ сэдэв сонин содон ч гэж жигтэйхэн байна.
Монгол улсыг гадаадад төлөөлөх нүүр царай нь улс төрч та бүхэн ингэж л болдог ажаму.
Та нараас болж Монгол үндэстний нүүр дэлхийд ингэж л улайдаг ажигу.
Уг нь бидний монгол сэтгүүлчид нь нийгмээ эрүүл байлгах гэж чадлаараа зүтгэж, олон нийтдээ ойлгуулах гэж байдгаараа л хичээдэг. Эх орноо гэсэн зүрх, элгэн түмнээ гэх сэтгэлийн маань нэг илрэл. Гэвч мэргэжлийн сэтгүүлчид бодит байдлаа үнэнээр нь бичихээр “Өөрсдийгөө мууллаа, чи өөрөө хэн юм” гэж ирээд л дөвчигнөх улс байнга л гардаг юм.
Тэгээд хүртээх ганц зэрэг дэв нь ХУДАЛЧ СЭТГҮҮЛЧ, ХУДАЛДАГДСАН СУРВАЛЖЛАГЧ. Улстөрчид нь ингэж цоллодог, энгийн иргэддээ ч ингэж ойлгуулдаг. Ялангуяа улс төрийн уур амьсгал буцалж буй өнөө үед энэ ойлголт улам газар авч байгаа нь илт.
Монгол сэтгүүлчдийнхээ ЗӨӨЛЛӨЖ хэлсэн үгийг дуулах тийм дургүй юм бол харийн хүний ХАТУУ бичсэн нийтлэлийг уншиж, ГОЗОЙТОЛ хэлсэн ишлэлүүдийг нь тогтож сонсох л ганц гарц үлдэх шив дээ. Нэгдэж чаддаггүйн дээр эвэлж бардаггүй, хувиа бодомтгойн зэрэгцээ атаархуу зантайгаа нэг сайн мэдэж авах вий, манай улстөрчид.
Дэлхий өөд өнгийх аваас гадны улс үндэстнүүд улам л боловсон болж, бүр л ухаан тэлээд байх юм. Монгол руугаа харсан чинь улстөр маань эвгүй төрхтэйгөө амраглаж, улстөрчид нь бэртэгчин зантайгаа янагласан хэвээрээ л байх аж. Хольцгүй ярдагладаг авир, хоосон бардамнадаг зандаа бол бүр идэгдэж, бараг живэхэд ойртов чиг.
Ядаж байхад, энэ заваан авираа улам ихээр өрдөхдөө эгэл иргэдийг ятган мунхаруулж, мөнгө цаасаар зодон турхирах замаар нийгэмдээ илүү айхтар том уршигийг идээшлүүлээд байх юм. Үүнд нь сэтгүүлчид бас оролцоостой. Энэ үзэгдэл энэ өдрүүдэд замаа алдаж зах хязгааргүй хөвөрч байх чинь.
Нийгэмд үүрлэсэн энэ бүх талцал хэрүүлийн дараа монголчууд бид хуучин шигээ эвлэж чадна гэж бодож байна уу, улстөрчид өө? Өнөөдрийн амьдрал чухал болов чиг маргааш ирэх урхагийг тооцох л ёстой.
Яван явсаар, монголчууд бид оюун санаагаа ПОСТЧИН гэх бүлэгт захируулахдаа тулж, бодол сэтгэхүйгээ НӨЛӨӨЛӨГЧ хэмээх хэдэн хүүхдүүдэд мэдүүлэхдээ хүрлээ.
Адаг сүүлдээ, хэдхээн тооны хөлсний КОММЕНТЧДИЙН үгэн солиоролд автаж, цөөхөн ширхэг сайн дурын НИЙТЛЭЛЧДИЙН хоосон номчирхолд итгэснээр Монгол улс даяараа нүдээ таглуулж, амаа бөглүүлэхдээ тулах нь чиг байна.
Улстөрч ах нар одоо болио. Ард иргэдийнхээ сэтгэл санааг бодоод бидэндээ гагцхүү зөв жишээг үлгэрлэ. Сэтгэцийн өвчтэй болж дууслаа!
Улс орныхоо маргаашийн өнгийг бодоод гадныханд зөвхөн сайн чанараа харуул. Нүүрээ барж гүйцлээ. Ингэж чадах аавын цээж байна уу? Байхгүй л дээ.
Эв байхад эе оршино гэдэг сэн.
Жалсрайн БАЯРЖАРГАЛ