УИХ-ын чуулганаар өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй гэж үзлээ
УИХ-ын хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлт буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуультай холбоотой Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж зөввшөөрчээ.
Өөрөөр хэлбэл, өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй гэдгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тусгаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрлөө.
Үндсэн хуулийн цэц нь "Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан болон ерөнхийлөгчөөр ажиллаж буй хүн дахин нэр дэвших болоод Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1-ийн 2. 5.4 дэх заалтууд нь Үндсэн хуулийн 1.2, 30.2, 70.1 гэсэн заалтуудыг тус тус зөрчинө" гэсэн дүгнэлтийг гаргасан билээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль: 3.1.2.“нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг;
5.4. 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.
Үндсэн хууль: 1.2. Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.
30.2.Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно. 70.1.Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино гэжээ.
Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувийн саналаар цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан дүгнэлтийг хүлээж авсан ба уг дүгнэлтийг хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг хоёр удаа цагаар хэмжигдэх завсарлага авсан юм.
Ингээд завсарлагын хугацаа дуусаж, дүгнэлтийг хэлэлцэх үеэр АН-ын гишүүд санал хураалтад оролцсонгүй.